Дэлхийн олон орныг өөр олон вирус зовоож байна

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн олон орныг өөр олон вирус зовоож байна

Дэлхийн олон орныг өөр олон вирус зовоож байна

Хүн бүр л Covid-19 вируст анхаарлаа хандуулаад завгүй байх хойгуур зарим оронд өөр вирусууд ч дэгдэж, аль хэдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болиод эхэлжээ.

Индонезид шумуулаар дамжин халдварладаг денге хэмээх халуун хумхаа өвчнөөр хэдийн 40 мянган хүн өвчилсөн байна. Энэ өвчин жил бүр гарч ирдэг ч энэ жилийн хувьд одоогийн байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад халдвар авагсдын тоо хэдийн 16 хувиар өсчээ. Индонезийн эмнэлгүүд Covid-19 өвчинтэй тэмцээд, ачаалал ихтэй буй энэ үед ийм их хүн өвчлөх нь эрүүл мэндийн системд маш том цохилт болж, ачааллаа дийлэхээ байсанд зарим өвчтөнүүд эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрээд байна.

Латин Америкт бүр ч хэцүү байдал үүсч байна. Тус бүс нутагт 2019 онд хамгийн олон денге хумхаа өвчний халдвар бүртгэгдсэн байдаг ч 2020 он илүү дордох төлөвтэй байна. Аргентинд л гэхэд Денге хумхаагаар өвчилсөн хүний тоо коронавирусийн халдвар авсан хүнийхээс өндөр болжээ. Түүнчлэн мэргэжилтнүүд Бразил денге хумхаа өвчний халдвар ихсэхийн хажуугаар дараагийн коронавирусийн голомт болно хэмээн таамаглаж байна.

Халдварт өвчин хяналт, сэргийллийн төвөөс Сингапур, Филиппин, Шри-Ланка, Пакистан, Бангладеш, Балба улсуудад денге хумхаа өвчний халдвар ихэсч буйг анхааруулжээ..

Харин Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс 2018 онд гарсан Эбола вирусийн шинэ дэгдэлттэй тэмцэж байна. Дөрөвдүгээр сард ДЭМБ тус улсад Эбола вирусийн хэд хэдэн тохиолдол шинээр бүртгэгдсэнийг зарласнаас хойш тавдугаар сарын 5-ны байдлаар нийт 3500 хүн Эбола вирусийн халдвар авчээ.

Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсад шар ханиад дэгдэж дөрөвдүгээр сарын сүүлээр дөрвөн хүн нас барсан бөгөөд эмч, эрдэмтэд вакцин бүтээхээр шаргуу ажиллаж байна. Харин Мексик, Бурунди улсууд улаан бурхан өвчний дэгдэлттэй тэмцэж, Саудын Араб коронавирусийн өөр нэг төрөл болох MERS өвчинтэй дахин нүүр тулж байна.

Дэлхий даяар халдварт өвчнүүд зөвхөн хүн гэлтгүй амьтдыг ч ихээр зовоож байна. Тухайлбал Энэтхэг, Өмнөд Африкт гахайн ханиад гарчээ. 2018 онд тус өвчин Азид дэгдэж бүс нутгийн нийт гахайн 10 хувийг устгахад хүргэж байсан билээ.

Харин АНУ-д дөрөвдүгээр сард шувууны ханиад гарч, Өмнөд Каролинагийн цацагт хяруулуудад халдварласныг албаныхан мэдэгджээ. Хэрвээ өвчин цааш тархвал аль хэдийн коронавирусээс болж доройтсон АНУ-ын эдийн засагт том нэрмээс болох юм. 2014, 2015 онд 15 мужид шувууны ханиадын тархалтыг зогсоохын тулд нийт 50 сая тахиа, цацагт хяруулыг устгаж, олон улс АНУ-аас тахиа, цацагт хяруулын мах импортлохоо зогсоож байсан удаатай.

Эх сурвалж: QUARTZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж