2020 оны УИХ-ын сонгуульд хотын дарга асан Э.Бат-Үүл З.Энхболдын нэр дэвших тойрогт нэр дэвшинэ хэмээн мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хянуулахаар хүргүүлээд байна. Тэгвэл өнөөдөр /2020.05.11/ тэрбээр мэдээлэл хийж, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг өөртэй нь хамт нийслэлд нэр дэвшихийг уриаллаа.
Хотын дарга асан Э.Бат-Үүл энэ тухайгаа хэлэхдээ "Сүүлийн үед МАН, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Монголын топ сэтгүүлчдийг ашиглан миний эсрэг улайрсан гүтгэлэг явуулж байна. Тодруулбал Улаан бал нэвтрүүлэг Товч сайтын лайв мэдээг эх сурвалж болгон Монголын топ сэтгүүлч гэгдэх М.Батбилэгийн бэлтгэсэн “Улсын баатрын балаг” хэмээх ээлжит гүтгэлэг нэвтрүүлгийг тавдугаар сараас эхлэн томоохон телевизүүдийн оргил цагаар төлбөртэйгөөр цацлаа. Нэвтрүүлэгт аав, хүү хоёрын хэрэг хэмээх зохиомол хэргийн тухай үзүүлэхдээ надтай холбогдуулан шалгаж байгаа хэргийн хавтаст материалыг илтэд мушгин гуйвуулж гүжирдлээ.
МАН намайг хулгайч, дээрэмчин, алуурчин болгож гүтгэх ажиллагааг 30 жил явуулж байгааг та бүхэн мэднэ. Энэ удаад гэр бүлээр маань гүтгэн доромжилж, Д.Амарбаясгалан гэж нөхөр хүний ёсноос гадуур зүйл хийж байна. Эдгээр гүтгэлэг сонгууль бүрийн өмнө идэвхждэг. Сонгууль бүрийн өмнө намайг айл ухдаг хулгайч, хүн зоддог зодоонч, дээрэмчин, журмын анд С.Зоригийг хөнөөсөн, сүүлд С.Цогтсайханыг хөнөөсөн гэх элий балай зүйлсийг ярьж 30 жил гүжирдсэн.
Өнөөдөр намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр нийтийн тархийг угааж байна. Харамсалтай нь энэ гүтгэлгийг илчлэх боломж даанч надад алга. Хилс хэргээр ял тулгах гэж байгааг нь илчлээд цагдан хоригдсон М.Энхсайханы аюул занал намайг хүлээж байна. Гагцхүү би шударга шүүхээр орон, нээлттэй эрхээ эдэлнэ гэдэгтээ итгэж, иргэнийхээ журамт үүргээ биелүүлэхээр хичээж байна. Шүүхээс өмнө намайг ялтан болгож нийгмийн тархийг угааж байгаад миний сэтгэл зовж байна. Аливаа нөлөөнөөс ангид шударга шүүх хурал болоосой, түүний дараа энэ бүхэн ямар муухай гүтгэлэг байсныг олон түмэн мэдэх болно” гэв.
"У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР НАДТАЙ ӨРСӨЛДӨЖ, ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХЭНИЙХ НЬ ЗӨВ БАЙСНЫГ СОНГОГЧДООР ШҮҮЛГЭЕ"
Мөн тэрбээр “Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт ажлыг гутаах гэсэн улс төрийн том зорилготой үйл ажиллагаа явагдаж байна. Энэ зорилгын төлөө МАН сүүлийн дөрвөн жил ажиллаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон.
Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг 2020 оны УИХ-ын сонгуулиар нийслэлд тэр тусмаа гэх хороололд “Гранд лайн” компанийн дахин төлөвлөлт явагдсан Баянзүрх дүүрэгт надтай өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхээр орохыг уриалж байна.
Хүнийг ар хударгаар нь гүтгэхээ боль, сонгогчдынхоо өмнө очоод үнэн мөнийг ярьж, шударга шүүхээр оръё. Би 30 жил улс төрд явахдаа өрсөлдөгчөө хэзээ ч хувь хүний асуудлаар ёс бусаар гүжирдэж, хувийн сонирхлоор хандаж байгаагүй. Зөвхөн улс төрийн бодлого, үнэт зүйлтэй холбогдуулан шүүмжилж ирсэн зарчимтай. Аливаа зүйлд хуулийг ягштал баримтлах ёстой гэж бүх цаг үед би хэлдэг байсныг тэр тусмаа МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр мэдэхийн сайнаар мэднэ. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар надтай өрсөлдөж, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуудлаар хэнийх нь зөв байсныг сонгогчдоор шүүлгэхийг уриалж байна” гэдгийг дахин тодотголоо.
Мэдээллийн дараа түүнээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Та З.Энхболдын нэр дэвших тойрогт нэр дэвшинэ гэж мэдэгдэж байсан. Энэ бодол чинь өөрчлөгдөө юу?
-Намайг УИХ-ын сонгуульд З.Энхболдтой очиж өрсөлдөнө гэж хэлсэн тэр агшнаас хойш МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын дайралтууд замаа алдлаа. Тэсэж сууж чадахгүйд хүргэлээ. Шүүх хурлын өмнө намайг гэмт хэрэгтэн болгож, нийгмийн тархийг угааж байна. Ингэж болохгүй ээ. Шүүх хурал хараат бус, нөлөөллөөс ангид явагдах ёстой. Ийм нөхцөлд яаж шударга шүүх явагдах уу. Шүүхээр намайг ямар нэгэн байдалд хүргэнэ гэсэн заналхийлэл байна гэж ойлгож байгаа. Сонгуульд намайг нэр дэвшүүлэхгүй байх зорилгоор нийгмийн тархийг угааж байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл би гэм буруугүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ямар байдалд оруулсныг бүгд харлаа. М.Энхсайхан сонгуульд нэр дэвших гэж байсан юм.
М.Энхсайхан Монгол Улсын хамгийн шилдэг Ерөнхий сайдын нэг байсан нь яахын аргагүй мөн. Энэ мундаг хүнийг улсынхаа хөгжил дэвшилд ашиглах байтал улс төрийн зорилгоор шоронд хийсэн. Хэнийг ч ийм хувь заяа хүлээж байгаа, ялангуяа намайг ч ийм хувь заяа хүлээж байна. Гэхдээ шоронгоор айлгахгүй шүү гэдгийг би зориуд хэлье.
-Таны хэлсэнчлэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан таны талаар гүтгэлэгт нэвтрүүлэгт хийсэн нь таныг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхаас гадна өөр ямар зорилготой гэж харж байна вэ?
-Д.Амарбаясгалан хотын дарга болох гэж байгаа гэнэ. Манай хот эрх биш Д.Амарбаясгалан ЖДҮ-чингээр удирдуулахад нийслэлчүүд хүрээгүй гэж бодож байна. Энэ дээрэмчнээр хотоо удирдуулахдаа хүрээгүй.
–Таны нэр дэвших тойрог тодорхой болсон гэж ойлголоо. Та 801 хүний гарын үсгийг Баянзүрх дүүргээс цуглуулах уу?
-Хаанаас нэр дэвших тойргоо би одоо хэлж болохгүй. Тойргоо хэлчихвэл тэд зугтаачихвал яах уу. Би хэд хэдэн тойргоос зэрэг гарын үсэг цуглуулна.
Холбоотой мэдээ