Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Брайтон Хоув Альбион багийн гурван тоглогч covid-19-ийн халдвар авсан нь тогтоогджээ. Тус халдвар авсан тамирчдын хамгийн сүүлийн буюу гурав дахь тохиолдол нь өнгөрөгч Бямба гаригт илэрсэн байна. Брайтон багийн зүгээс тамирчдаа бэлтгэлийн баазад ирж ганцаарчилсан бэлтгэл хийхийг зөвшөөрч байгаа бөгөөд цаашдаа ч бэлтгэлээ хийхийг нь зөвшөөрөх гэнэ. Одоогийн байдлаар нэр нь мэдэгдэхгүй байгаа эдгээр тамирчид өөрсдийгөө 14 хоног тусгаарласны эцэст дахин шинэ коронавирусийн шинжилгээнд хамрагдана.
Английн Премьер лигийн багууд өнөөдөр/2020.05.11/ улирлаа цааш үргэлжүүлэх эсэх талаар хэлэлцэх аж.
Брайтон багийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Пол Барбер "Үнэхээр санаа зовоомоор асуудал гарч ирлээ. Өнгөрсөн хэдэн долоо хоногт бид шаардлагатай гэсэн бүхий л арга хэмжээнүүдийг авч, тамирчдаа ч ач холбогдолтой бэлтгэлд оролцуулахгүй байхад бид дахин нэг тамирчнаа энэ вируст алдчихлаа" хэмээжээ.
Английн Премьер лиг өнгөрөгч гуравдугаар сарын 13-наас хойш түр завсарласан байгаа бөгөөд ирэх зургадугаар сард хаалттай цэнгэлдэхүүдэд, үзэгчгүйгээр тоглолтуудаа зохион байгуулах тал дээр ажиллаж байна. Мөн өнөөдөр зохион байгуулагдах хурлаар ирэх зургадугаар сарын 30-нд гэрээ нь дуусах тамирчдын талаар хэлэлцэх аж. Хэрвээ улирал зургадугаар сард үргэлжлэн явагдвал долдугаар сарыг дуустал Премьер лиг үргэлжилж таарна. Тэгэхээр зургадугаар сард гэрээ нь дуусах тамирчдын ирээдүй бүрхэг болно. Энэ тал дээр багуудын удирдлагууд шийдвэр гаргана хэмээн хүлээж байна.
Германы хөлбөмбөгийн лигүүд энэ долоо хоногоос эхлэн үргэлжилнэ.
Өнгөрөгч Бямба гаригт Германы хөлбөмбөгийн Бундеслигийн хоёрдугаар дивизоны Динамо Дрезден багийн хоёр тоглогч шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож багийн бүрэлдэхүүн, дасгалжуулагчдын баг гээд тус багтай ойр бүхий л хүмүүсийг хоёр долоо хоногийн тусгаарлалтад оруулсан ажээ.
Холбоотой мэдээ