UFC-249: Х.Сехудо бүсээ хамгаалж, Ж.Гаетже шинэ аварга болов

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

UFC-249: Х.Сехудо бүсээ хамгаалж, Ж.Гаетже шинэ аварга болов

UFC-249: Х.Сехудо бүсээ хамгаалж, Ж.Гаетже шинэ аварга болов

Цар тахлын улмаас дэлхийн бүхий л мэргэжлийн спортын уралдаан, тэмцээнүүд зогсолтод орсон энэ үед мэргэжлийн холимог тулааны UFC холбоо эргэн ирлээ. Удаан хугацаанд хүлээлгэсний эцэст UFC-249 өдөрлөг өчигдөр/2020.05.10/ АНУ-ын Флорида мужийн Жексонвилл хотод зохион байгуулагдлаа. Угтаа бол өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-нд АНУ-ын Нью-Йорк хотын Брүүклинд зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм. Үүнээс гадна энэхүү өдөрлөгийн гол дүр Хабиб Нурмагомедов хэд хэдэн шалтгааны улмаас оролцож чадахгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Түүнийг орлож Тони Фергусонтой Америк тулаанч Жастин Гаетже тулалдахаар болсон.

UFC-249 өдөрлөг эхнээсээ л дуулиан шуугиантай эхэлсэн. Өдөрлөгийн өмнөхөн тулалдах тамирчдаас covid-19 өвчний шинжилгээ авахад Жакаре Соуза халдвар авсан нь тогтоогдож асуудал үүсгэсэн. Гэвч UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт үүнийг үл харгалзан тулаануудыг зохион байгуулахаа мэдэгдсэн.

Энэ өдрийн гол тулаанууд үнэхээр үзэгч хөгжөөн дэмжигчдийн хүлээлтэд хүрсэн гайхалтай болж өндөрлөв.

Эхний тулаан: Грег Хардигийн эсрэг Йорган де Кастро–  Энэ тулаанд хоёр тулаанч гурван үеийн турш ширүүн өрсөлдөж, эцэст нь шүүгчдийн шийдвэрээр ялагчийг тодруулах болоход Грег Харди ялсан юм.

Хоёр дахь тулаан: Жереми Стефенсийн эсрэг Калвин Каттар – Тулааны өмнө Жереми Стефенс таван паунд илүү жинтэй байсан учир жиндээ орж чадаагүй. Гэвч хоёр тулаанч тохиролцсоны эцэст 150.5 паунд дээр тулалдахаар болсон. Жереми Стефенс ч жиндээ орж чадаагүйн гороо амсч хоёрдугаар үеийн 2:42 секундэд хүнд цохилтоор ялагдсан.

Гурав дахь тулаан: Францис Нганнугийн эсрэг Жаирзиньо Розенструйк – UFC-249 өдөрлөгийн хамгийн хурдан дууссан тулаанаар энэхүү тулаан нэрлэгдсэн. Ердөө 20 секундэд Францис Нганну өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагасан юм.

Дунд жингийн аваргын төлөөх тулаан: Хенри Сехудогийн эсрэг Доминик Груз – Аваргын бүсээ хамгаалагч Хенри Сехудо өөрийгөө энэ спортын домог гэдгээ харуулж Доминик Крузыг хоёрдугаар үед л хүнд цохилтоор унаган бүсээ хамгаалсан. Энэхүү ялалтынхаа дараа өдгөө 33 настай Америк тулаанч маань холимог тулааны спортоос зодог тайлж буйгаа зарласан юм.

Хагас хөнгөн жингийн аваргын төлөөх тулаан: Жастин Гаетжегийн эсрэг Тони Фергусон – Тулалдах боломжгүй болсон Хабиб Нурмагомедовыг орлож гарч ирсэн Жастин Гаетжег үзэгчид Тони Фергусонг нам цохино гэж бодоогүй байх. Гэвч Жастин Гаетже үүнийг хийж Тони Фергусонг тавдугаар үед хүнд цохилтоор ялж, UFC холбооны хагас хөнгөн жингийн түр аваргын бүсний эзэн болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж