УИХ-ын дарга БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын дарга БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.12.09/ БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны гишүүн, Байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Шэнь Чуньяо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Төлөөлөгчдийн тэргүүн ноён Шэнь Чуньяо, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян, дэд дарга хатагтай Янь Зюньчи нарын мэндчилгээг уламжиллаа. Тэрээр “Өнгөрсөн 2014, 2015 онд хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний олон айлчлал болсон. 2015 оны 10 дугаар сард Улсын Их Хурлын дарга Та БНХАУ-д айлчлах үеэрээ манай улсын 13 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөөг хөрш орны хувиар Монголын талд танилцуулах, нэгдмэл ойлголтын хүрээнд хамтын ажиллагаагаа уялдуулах санал гаргасны дагуу төлөөлөгчдийн бүрэлдэхүүний хамтаар Монгол Улсад ажиллаж байна” гэлээ. Түүнчлэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагааны байнгын уулзалтын механизм албан ёсоор эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улс болон БНХАУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн “Хөгжлийн асуудлаа хөрш оронтойгоо ярилцаж, ирэх 5 жилийн хугацаанд хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцаж байгаад баяртай байна. Дэлхийд 2 дугаарт орох том эдийн засагтай БНХАУ бүс нутгийн бусад орнууд болон жижиг эдийн засагтай улс орнуудтай хамтран ажиллах гэж байгаа нь сайшаалтай” гэлээ. Мөн Монгол Улс болон БНХАУ-ын парламент хоорондын байнгын уулзалтын механизм амжилттай хэрэгжиж эхэлсэн болохыг тэмдэглэн хэлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын “Талын зам”, БНХАУ-ын “Бүс болон Зам” санаачилгын хүрээнд хөгжлийн бодлогоо уялдуулах, хоёр улсын аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар болон улс төр, худалдаа эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд хүмүүнлэг, байгаль орчны чиглэлийн хамтын ажиллагааны талаар ярилцан, харилцан санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал болон албаны бусад хүмүүс байлцав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс