С.Баяр: Хохиролгүй, хохирогчгүй хэрэг яваад байна

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

С.Баяр: Хохиролгүй, хохирогчгүй хэрэг яваад байна

С.Баяр: Хохиролгүй, хохирогчгүй хэрэг яваад байна

НЭМЭЛТ:

Нийслэлийн прокурорын газар С.Баяр нарын долоон хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад, өнөөдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 25-ны 09.00 цагт хийхээр товлосон байна.


НЭМЭЛТ:

Ерөнхий сайд асан С.Баяр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Урьдчилсан хэлэлцүүлэгт долоо, найман хүн байна. Эдгээр хүмүүсийг төлөөлж, өмгөөлөгч нар саналаа тавьж байна. Биднийг гэмт бүлэг байгуулсан гэж эхэндээ эрүүгийн хэрэг үүсгэж, намайг 60 хоног цагдан хорьсон. Гэтэл шүүхэд шилжүүлэхээс өмнө тэр зүйл анги, тогтоолоо хүчингүй болгосон. Гэрээ байгуулахад тав, зургаан сайд биечлэн оролцсон. 2015 онд “Дубай”-н төлөвлөгөөг баталсан гэж би дуулсан. Миний оролцоо байхгүй. Гэмт бүлэг байгуулсан гэдэг тогтоолоо хүчингүй болгосон хэр нь биднийг нэг өрөөнд гэмт бүлэг байгуулсан мэтээр цуглуулж байгаа нь буруу.

Би энд байгаа хүмүүсийн заримыг нь танихгүй. Бидний хооронд хамтраад эсвэл тусдаа хийсэн гэмт хэрэг байхгүй байтал ингээд байлгаж байгаа нь буруу. Зүйлчлэлээ зөв гаргаач ээ гэсэн ерөнхий нэг юмыг хэлж байна. Бидний хувьд нээлттэй явуулъя гэж хэлсэн. Улсын нууц алга. Олон түмэнд биднийг юугаар яллаад байгаа юм, онц их хэмжээний хохирол учруулсан гээд байгаа юм. Нэгэнт хохирол учруулсан бол улсаа төлөөлөөд ийм хохирол учруулсан юм гээд нэг хүн байх ёстой. Хохирогчгүй хэрэг яваад байна.

Жишээ нь намайг “Оюутолгой”-н гэрээ байгуулахдаа “Петровис” компанийн шатахууныг зах зээлийн үнээс өндөр үнээр хэрэгцээнээс илүү шахсан гэсэн зүйл хэлж байгаа юм. Тэр хоёр компани хоорондоо гэрээ байгуулаад тэр гэрээнд ямар нэгэн өөрчлөлт орсон байна уу үгүй юу гэдгийг харах маш амархан. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа тийм нөлөө үзүүлсэн бол гэрээний дүн “Петровис” компанид ашигтай болж хувирах ёстой. Тэр хаана байгаа юм. Яаж өөрчлөгдсөн юм бэ. Оюутолгой компаниас мэдүүлэг огт аваагүй байна. Аль 2002 оноос буюу намайг Москвад Элчин сайдаар ажиллаж байхад бензин нийлүүлсэн юм билээ. Загварын гэрээ нь явсаар байгаад 2013 он хүрсэн юм уу даа. Оюутолгойн гэрээ 2009 онд байгуулагдсан. Гэрээнд ямар нэг өөрчлөлт оруулаад урьд өмнө нь өгч байснаас илүү ашигтайгаар гэрээ байгуулсан бол намайг буруутгаж болно. Гэтэл тийм юм байхгүй байна. Энэ бол зөвхөн урьдчилсан хэлэлцүүлэг болохоор яллагдагч гээд явж байгаа бидэнд үйлчилгээ үзүүлж буй өмгөөлөгчид тодорхой хүсэлт тавьж байна. Дөнгөж гурав дахь хүн дээр явж байна. Цаашаа “Дубай”-н гэрээг баталсан хүмүүсийн өмгөөлөгчид үг хэлэх байх. Тэр талаар хэвлэлээр авсан мэдээллээс өөр юу ч байхгүй. Тийм байхад шүүх биднийг тус тусад нь авч үзэх байх” гэлээ.

-Ч.Давааням гэдэг хүн энэ хэрэгт яллагдагчаар татагдаад хамт оролцож байна. Энэ хүн уг гэрээнд ямар холбоотой хүн бэ?

-Ч.Давааням “Петровис” компанийн үүсгэн байгуулагч миний хар багийн найз юм. Энгийн үгээр хэлбэл “Оюутолгой”-н гэрээ байгуулах далимдаа “Петровис” компанийн шатахууныг шахсан гэж үзэж байгаа юм байна. Нотлох хэрэгтэй шүү дээ. Тийм зүйл байгаа бол би гэм буруугаа хүлээгээд ялаа эдлэхэд бэлэн байна. Огт гэм зэмгүй хүнийг авчраад багийн найз гэдэг үүднээс надтай холбоод явж байна. Найз тулдаа тэсдэг байх даа. Тэрнээс биш Ерөнхий сайд надтай бага залуугаас найзалсан гээд энэ хүнд давуу тал болох байтугай, нэг хэрэгт яллагдагч болоод хохироод явж байна. Үнэн мөн нь тогтоогдох болтугай.

Зөндөө олон зөрчил гарсан. Айхтар гэмт бүлэг байгуулсан гэдэг яллах тогтоолоо хүчингүй болгонгуутаа бидэнд шинэ баахан ял нэмээд тавьчихсан. Үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал хүлээж авалгүйгээр шууд шүүхэд шилжүүлчихсэн байна. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлтүүдээ тавьж байна.

-Оюутолгойн гэрээг яаж сайжруулах вэ. Энэ талаар та хувийнхаа бодлоос хуваалцахгүй юу?

Их том сэдэв. Оюутолгойн гэрээний нэг том суваг нь 34 хувь байгаа юм. 34 хувь гэдэг нь хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг төр заавал авна доод хэмжээ нь гэсэн хуулийн заалттай. Дээр нь 2009 оны долдугаар сард гарсан УИХ-ын 57 дугаар тогтоол бий. Тэрний дагуу Засгийн газарт үүрэг чиглэл хуулийн дагуу их хурлаас гаргасан тогтоолын дагуу бид байгуулахаас өөр арга байгаагүй. Энэ 34 хувийг ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулагч талтай ярьж байгаад татгалзах ёстой гэж би хувьдаа үздэг хүн.

Өөрөөр хэлбэл гаргаж байгаа зардлын 34 хувийг бид хуваалцаад явна гэсэн үүрэг авчхаж байгаа. Жишээ нь би байртай байлаа гэж бодоход түрээсэлье гэсэн хүний зардлын 34 хувийг чамтай хамт хуваалцъя гэдэгтэй ижил утгатай юм болчхож байгаа юм. Хөрөнгө оруулалт нь амархан нөхөгдөөд ирэхээр ногдол ашгаар авах юм биз дээ.

Тэгэхдээ уул уурхай асар их эрсдэлтэй. Ялангуяа тэр хөрөнгө оруулагч эрсдэлээ үүрээд зардлаа гаргаад эцсийн дүндээ Монгол Улсад ногдох ашиг 50 хувиас илүү байх ёстой. Бид 53 хувь байхаар тооцож гэрээг хийсэн. Ямар ч нөхцөлд Монгол Улсаас нэг ч төгрөг гаралгүйгээр газрын гадаргуугаас доош километр гаруй дор байгаа хүдрийг гаргаж, баяжуулаад зах зээлд оруулсан орлогоос нь бид 53 хувийг хүртэнэ гэсэн байсан. Гэтэл 34 хувь гэдгээр бид зардлын гуравны нэгийг байнга үүрээд явах ёстой болчхож байгаа юм. Энэ нь өөрөө хамгийн гол учир дутагдлыг бий болгосон. Үүнээс болоод хөрөнгө оруулагч талтай Монголын Засгийн газар байнга маргаантай явж ирсэн. Тиймээс хөрөнгө оруулагч талтай гэрээнд суугаад энэнээс буцах ёстой. Яг ийм тогтоолыг өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-аас гаргасан. Болж өгвөл 34 хувийг буцааж өгөөд харин АМНАТ-ын хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг яриач ээ. Тэгэх юм бол хэчнээн төгрөг зарж байна уу гэдгээс хамаарч бид авдаг ёстой таван төрлийн татвараа аваад явах саналтай байна. Хэлэхэд амархан ч 11 жил болчихлоо.

-Хэргийг шүүх хурал хэрхэн шийдэх бол. Хэр шударга шийдээсэй гэж бодож байна вэ?

-Шийдээсэй гэж итгэж найдаад явж байгаа шүү дээ. Шүүх байдлыг үнэн зөв тогтоогоод хэрэв гэмт хэрэг хийсэн нь тогтоогдох юм бол надаас авхуулаад ялаа хүлээхэд бэлэн байна. Итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг шиг итгэл найдвартай явж байна.

-Хохирогчийг тодорхой болгох хүсэлт явж  байна?

Монгол Улсыг хохирогч гэж үзэж байгаа бол нэгдүгээрт, хэр хэмжээний хохирол учруулсан нь гарч ирэх ёстой. Гэтэл тийм хохирол байхгүй байгаа юм. Мөнгөн дүн гарч ирэх ёстой  ч байхгүй байна.


С.БАЯР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, Ч.Давааням нарын найман хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.11/ 09.00 цагт эхэллээ.

Нийслэлийн прокурорын газраас Ч.Давааням нарт Эрүүгийн хууль (2002 он) 263.2, Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн 18.6-2.3, 22.10-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн.

263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах

263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах
2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж