Оросын жижиг, дунд бизнесийн эргэлт өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сартай харьцуулахад энэ оны дөрөвдүгээр сард хоёр дахин унасан байна хэмээн мэдээллийн технологийн дүн шинжилгээний “Эвотор” компани РИА Новости-д мэдээллээ. Тус компани энэ дүгнэлтээ 300 мянга орчим онлайн кассын гүйлгээнд хийсэн дүн шинжилгээнд үндэслэжээ.
"2020 оны дөрөвдүгээр сард жижиг, дунд бизнесийнхний эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54% унажээ. Худалдан авалт буурч байгаа үзэгдэл гуравдугаар сараас ажиглагдаж эхэлсэн. Гуравдугаар сард худалдаа эрхэлдэг газрууд өмнөх оны мөн үетэйгээ харьцуулахад борлуулалтын орлого нь 10% буурсан байсан” хэмээн “Эвотор” компанийн дүгнэлтэд дурджээ.
Салбараар нь авч үзвэл хүнсний бус барааны худалдаа, фэйшн, үйлчилгээний салбарын борлуулалтын орлого хамгийн ихээр унасан байна. Аялал жуулчлалын компаниудын орлого гуравдугаар сард 55%, дөрөвдүгээр сард 89%, жижиг зочид буудлуудын орлого гуравдугаар сард 25%, дөрөвдүгээр сард 72%, сүлжмэл хувцасны дэлгүүрүүдийн орлого гуравдугаар сард 14%, дөрөвдүгээр сард 77%, нүдний шилний газруудын орлого гуравдугаар сард 20%, дөрөвдүгээр сард 72%, цэцгийн дэлгүүрүүдийн орлого гуравдугаар сард 6%, дөрөвдүгээр сард 65%, гоёл чигмэглэлийн дэлгүүрүүдийнх гуравдугаар сард 1%, харин дөрөвдүгээр сард 52% унасан байна.
Хэрэглэгчийн зан үйлийг авч үзвэл аль болох хэмнэх, зөвхөн хэрэгцээт зүйлсээ худалдан авах хандлага давамгайлж эхэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ