Нэр дэвшигчдийн хайрын захианд дарагдах цаг айсуй

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нэр дэвшигчдийн хайрын захианд дарагдах цаг айсуй

Нэр дэвшигчдийн хайрын захианд дарагдах цаг айсуй

Дэлхий даяараа цар тахалд нэрвэгдээд байгаа энэ үед Монгол Улс COVID-19 өвчлөлийн халдварыг дотооддоо тархаалгүй хязгаарлан барьж чадаж байгаа цөөн орны нэг болоод байна. Албан ёсоор бүртгэгдсэн 42 тохиолдол бүгд гадаад улс оронд байхдаа халдвар авсан иргэдээс бүртгэгдсэн, тэдний дөрөв гадаад улсын иргэд байсан. Дотооддоо халдвар алдсан тохиолдолд эрүүл мэндийн салбар ачааллаа даахгүй байх өндөр эрсдэлтэй учраас эрх баригчдын зүгээс онцгой хүчин чармайлт гаргаж байгаа. Үүнээс гадна өөр нэг шалтгаан нь парламентын ээлжит сонгууль. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс цар тахлын үед сонгууль явуулах нь бодлогогүй алхам учраас хойшлуулах нь зөв гэсэн уриалгыг нэг биш удаа илэрхийлж байгаа.

Харин эрх баригч МАН-ын хувьд цар тахлын үеийн ерөнхий зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж буйн хувьд өвчинтэй тэмцэнгээ сонгуулиа хийгээд авах нь алдаж болохгүй боломж юм. Дотооддоо халдварын нэг тохиолдол гарлаа л бол энэ боломжоо алдах учраас МАН чадах бүхнээ хийн чардайж байна.

Сонгуулийн гараа нэгэнт эхэлсэн. Сонгуулийн хуульд заасны дагуу өчигдрөөс буюу тавдугаар сарын 10-наас нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлж байна. Нэр дэвшүүлэх процесс энэ долоо хоногийн Бямба гариг буюу тавдугаар сарын 16-ний өдрөөр дуусгавар болно. Улс төрийн намууд хуульд заасан хугацаа дуусахтай зэрэгцэн нэр дэвшигчдийн жагсаалтаа зарладаг уламжлал энэ жил ч мөн давтагдах нь. Ардчилсан нам ҮБХ-ны хурлаа тавдугаар сарын 15-ны өдөр товлосон бол МАН Бага хурлаа тавдугаар сарын 15-16-ны өдөр товложээ.

Цар тахлын онцгой нөхцөлд зохицуулан намууд хурлаа онлайнаар, олон танхимд цөөн төлөөлөгчдийн оролцоотойгоор зохион байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий гаргасан. Энэ нь энэ жилийн нэр дэвшигчдийг тодруулах хурал гэнэтийн үймүүлэлт багатай, намын удирдлагын зурсан, тохирсон сценариар явагдахаас өөр аргагүй болгож байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна “банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх”, “татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх” шаардлагыг хангасан байх ёстой.

Намуудын нэр дэвшүүлэх үйл явцтай зэрэгцэн бие даагчид дэмжигчдийнхээ гарын үсгийг цуглуулах ажил мөн өчигдрөөс эхэллээ. Үндэсний Аудитын газар өгсөн мөрийн хөтөлбөрийн багцаагаар авч үзвэл энэ жил парламентын сонгуулийн түүхэн дэх хамгийн олон буюу 200 гаруй иргэн бие даан нэр дэвшихээр зориг шулууджээ. Бие даан нэр дэвшигчид өөрийг нь дэмжиж буй 801-ээс доошгүй хүний гарын үсгийг цуглуулсан байх учиртай. Ингэхдээ нэр дэвших тойргийн иргэдээс 801-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулна. Дэмжигчдийн гарын үсэг цуглуулах зөвлөмжийг Сонгуулийн ерөнхий хороо гаргасан байна. Уг зөвлөмжөөр бие даан нэр дэвшигч нь гарын үсэг цуглуулах үйл ажиллагаагаа танхимд болон ил задгай талбайд 1-1,5 метрийн зайтай, хүний бөөгнөрөл үүсгэхгүй зохион байгуулах, хүн бүр амны хаалт зүүж, бээлий өмсөх, гарын үсэг зурсны дараа гараа ариутгах, айл өрхөөр явж гарын үсэг цуглуулахгүй гэжээ. Өчигдрөөс зарим нэг горилогч энд тэндхийн кофе шоопод сууж байгаагаа зарлаад эхэлжээ.

Найм дахь удаагийн УИХ-ын 76 мандатын төлөөх өрсөлдөөнд оролцогчид ирэх Бямба гаригийн орой тодорхой болох нь. Дөрвөн эвсэл, улс төрийн 15 нам сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Халдварт өвчний хөл хорионоос шалтгаалан тойргийн сонгогчдыг олноор цуглуулсан уулзалт энэ жил хийхгүй. Энэ нөхцөл байдал нь онлайн орон зайд, тэр дундаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан сонгогчидтой илүүтэй тулж ажиллах хэлбэрийг сонгохоос өөр гарцгүй болгож байна. Сонгогчид бидэнтэй хайртай, бүхнийг мэддэг, чаддаг, сонгогчдынхоо төлөө биеэ золиход бэлэн, хүний хайлан болсон нэр дэвшигчдийн хайрын захиа хөврөх цаг айсуй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж