“Лексус 570” Монголд ямар үнэтэй байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

“Лексус 570” Монголд ямар үнэтэй байдаг вэ?

“Лексус 570” Монголд ямар үнэтэй байдаг вэ?

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээнд хамгийн их анхаарал, шүүмжлэл дагуулсан сэдэв нь Монголд “Лексус 570” ямар үнэтэй байдаг вэ гэх асуулт.  Монголын төрд ажиллаж буй албан хаагчид том, том жип машин унах нь энгийн үзэгдэл болсон.

Тиймээс төрийн албанд ажиллаж буй дарга нар том, том жип машин хот дотор унахыг хориглож, харин ажлын албаны хэрэгцээнд хөдөөд унахыг 2015 онд Засгийн газраас шийдвэрлэж байв. Гэвч, Засгийн газрын тогтоолын дагуу хот дотор 100 километрт 16 литрээс дээшгүй иддэг машин унах шийдвэр МАН-ын үед хэрэгжсэнгүй.  Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ШШГЕГ-аар 360 сая төгрөгийн үнэтэй 2018 оны “Лексус 570” автомашин авхуулж унасан асуудал олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлтэй багагүй тулгарч байв. Тухайн үед Ц.Нямдорж сайд “Миний аюулгүй байдлыг бодож манай яамныхан энэ машиныг авсна юм билээ" гэсэн тайлбар хийж байв. Тиймээс энэ удаа төрийн албан хэрэгцээнд ашиглаж буй автомашины тоо болон тансаг зэрэглэлийн “Лексус 570” жийп зах зээл дээр ямар үнэтэй худалдаалж байгаа талаар сурвалжиллаа.

“Авто машин зарна” гэх Unegui.mn зарын сайтад байршуулсан зарын дагуу хэд хэдэн утасны дугаар руу залгалаа. Тус зарын сайтад тансаг зэрэглэлийн “Лексус 570” маркийн автомашин үйлдвэрлэгдсэн он, явсан километрээс хамаарч, харилцан адилгүй ханштай байв.

Тодруулбал, 2000-2004 онд үйлдвэрлэгдсэн Монголд явж байсан “Лексус 470” жийп 20-40 сая төгрөг, 2005-2010 оных нь 40-90 сая төгрөг, 2011-2013 оных 110-140 сая, 2017 оных нь 245 сая, 2018 оных 275 сая, 2019, 2020 оных нь 380 сая төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Зарын дагуу 9628…..утасны дугаар руу залгахад “2013 онд үйлдвэрлэгдсэн “Лексус 570” жийп 115 сая төгрөгөөр зарна. Үнэ тохирно. Машинд ямар нэгэн хийх зүйл байхгүй” гэсэн юм. Дахин нэг 9909….дугаар руу залгахад “Өнгөрөгч 2012 оны сүүлчээр шинээр орж ирсэн “Лексус 570” зарна. Бүх сервис үйлчилгээг бүрэн хийсэн. Машинд хийх зүйл байхгүй. Сайн машинаа 115 сая төгрөгөөс үнэ тохирч зарна” гэв. Дараагаар нь 2014 онд үйлдвэрлэсэн “Лексус 570” зарна” гэх зарын дагуу залгахад “Цэвэрхэн эдэлж, хэрэглэсэн жийп машиныг 135 сая төгрөгөөс үнэ тохирч, зарна” гэж байв.

Гурван жилийн өмнө хийсэн судалгаагаар Монгол Улсын төрийн 757 байгууллагад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жийп машин байжээ.

Ингэхдээ 2012-2016 онд дарга нарын албан хэрэгцээнд зориулж 13.7 тэрбум төгрөгөөр “Land 200” маркийн машин 119-ийг, 2.9 тэрбум төгрөгөөр “Nissan Patrol” маркийн жийп 40-ийг, 2.3 тэрбум төгрөгөөр “Lexus 570” маркийн 13 ширхэгийг шинээр худалдан авсан гэх мэдээлэл бий.

Тухайн үедээ төрийн өмчид 22 мянга гаруй автомашин бүртгэлтэй байж. Өнөөдөр энэ тоо хэд болж өссөн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодруулах гэсэн боловч “Төрийн албан хэрэгцээнд ашиглаж буй автомашины шинэчилсэн бүртгэлийг хийж байна. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Удахгүй Засгийн газарт танилцуулна. Тавдугаар сарын дундуур төрийн өмчид бүртгэлтэй автомашины шинэчилсэн бүртгэлийг хийж дуусах байх” гэдэг хариултыг өгөв.

Ингээд “Лексус 570” тансаг зэрэглэлийн жийпийг Монголд борлуулах албан ёсны эрхийг авч, үйл ажиллагаагаа явуулдаг “Мөнххада”, “Таванбогд” компанийн борлуулалтын төвийг зорин очлоо. “Манай компани Япон улсын “Toyota” корпорацийн автомашиныг Монголд борлуулах албан ёсны эрхийг авч, үйл ажиллагаагаа явуулдаг. Бид “Ланд крузер 200”, “Prado 150, “Rav 4”, “Лексус 570”, “Лексус RX 300” маркийн автомашины захиалгыг хүлээн авч, борлуулдаг. “Лексус 570” жийпийн хувьд цөөн тоогоор ирдэг. Ойролцоогоор нэг сард 1-2 захиалга хүлээн авдаг. Онлайнаар захиалга өгөхдөө өнгөө сонгоно. Үнийн хувьд 2020 оны цоо шинэ загвар нь 366 сая төгрөгийн үнэтэй. Шатахуун зарцуулалтын хувьд шинэ загвар нь найман араатай болсон учраас шулуун замдаа 100 км-т 12 литр, хот дотор 20 летр бинзен зарцуулдаг. Иргэдийн хувьд хувийн хэрэгцээндээ зориулан худалдан авалт хийдэг” талаар “Мөнххада” компанийн Худалдааны ахлах зөвлөх Г.Гэрэлт-Од хэлсэн юм.

“Uscars luxury motors” компанийн гүйцэтгэх захирал Э.Энхтүшиг “Автомашины үнэ үйлдвэрлэсэн он, загвар, маркаасаа хамаараад өөр өөр үнэтэйгээр худалдаалж байна. “Lexus 570” жийпний хувьд 2016 онд үйлдвэрлэсэн бол 230-240 сая төгрөгөөс эхэлж байгаа бол шинэ загварынх нь 350-360 сая төгрөгийн үнэтэй байна. Худалдан авагчид автомашины өнгө, доторх салоныг нь харж, өөрийнхөө хэрэглээндээ зориулан сонголтоо хийдэг. Ер нь “Лексус 570” жийп нь сүүлийн жилүүдэд сайн борлуулалттай автомашины тоонд ордог. Баярын өдрүүдээр илүү их борлогддог. Онлайнаар дуудлага худалдаанаас автомашинаа захиалах нь бодит зах зээлийн ханшаас арай хямд байдаг. Жишээлбэл, “Lexus 570” жийп 30-40 сая төгрөгийн зөрүүтэй байна. Уг жийпийн хувьд автомашины борлуулалтын 30 хувийг эзэлдэг. Энэ жил хөл хориотой холбоотойгоор банкны лизинг олголт удааширчихсан байгаа учраас автомашины борлуулалтад нөлөөлж байна” гэдгийг хэлж байв.

Дараагаар нь Замын цагдаагийн газрын дэргэдэх “Таванбогд” компанийн автомашин борлуулалтын байранд очсон юм. Тус компанийн хувьд тансаг зэрэглэлийн “Лексус 570” жийпийг зөвхөн онлайн захиалгаар оруулж ирдэг бөгөөд үнийн хувьд 366 сая төгрөгийн үнэтэй ажээ. Худалдан авагчдын хувьд ихэнх хувь нь лизингээр, өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авдаг байна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж