Байр суурь: Хар жагсаалтад оруулсан буруутан хэн бэ

Хуучирсан мэдээ: 2020.05.11-нд нийтлэгдсэн

Байр суурь: Хар жагсаалтад оруулсан буруутан хэн бэ

Байр суурь: Хар жагсаалтад оруулсан буруутан хэн бэ

Европын Холбооноос “Стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулснаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тодруулбал, Европын Холбоо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар бодлогын баримт бичгийн төслөө Европын Парламент болон Зөвлөлөөр ойрын нэг сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох аж. Төсөл батлагдсанаар ирэх аравдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.

Европын Холбоо нь Монгол Улстай 1993 оноос эхлэн хөгжлийн хамтын ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн. Европын Холбооноос Монгол Улсад 2014-2020 онд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Орлогыг тогтвортой хөгжилд зарцуулж, сайн засаглалыг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн хоёр чиглэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл (2017 оны зургадугаар сард хэрэгжүүлж дууссан),
  2. Техник болон мэргэжлийн боловсрол сургалтын салбарыг дэмжих төсөл,
  3. Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал төсөл,
  4. Ажлын байр нэмэгдүүлэх: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх,
  5. Гадаад худалдааг нэмэгдүүлж, экспортод дэмжлэг үзүүлэх зорилготой “Trade related assistance” төсөл зэрэг болно.

Монгол Улсаас Европын Холбоонд экспортолж буй гол нэрийн бараанд өлөн гэдэс, ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн, эсгий, хивс, үслэг эдлэл, арьс, ширэн бүтээгдэхүүн, алт үнэт металл, монгол гэр эзэлж байна. Харин Европын Холбооноос машин, тоног төхөөрөмж, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, архи, дарс, шоколад, цай, лаазалсан ногоо, жимс, самар зэрэг хүсний бүтээгдэхүүн голчлон импортолж байна.

Сүүлд буюу коронавирусийн тархалттай тэмцэхэд Европын Холбоо 232 сая евро хандивлаж байгаа бөгөөд эхний ээлжид дэмжлэг авах орнуудын тоонд Монгол Улс багтсан талаар  Монгол дахь Европын Холбооны төлөөлөгчийн газраас мэдээлсэн. Тэгвэл манай улс тус Холбооны хар жагсаалтад орсноор шинээр санхүүжилт авах эрхгүй болох юм.

Бусад ямар эрсдэл бий болох талаар эдийн засагчдаас үндсэн хоёр асуултад хариулт авлаа.

  1. Хэрэв Европын Холбооны хар жагсаалтад орвол бидэнд ямар эрсдэлийг дагуулах вэ?
  2. Хар жагсаалтад манай улсыг оруулах болсон үндсэн шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

ЭДИЙН ЗАСАГЧ Ө.ГАНЗОРИГ: Монголын банкуудын Европын улс орнуудад байрлах харилцах дансууд хаагдана 

Хэд хоногийн өмнө манай улсыг Европын холбооны санхүүгийн системд эрсдэл учруулж болзошгүй орнуудын жагсаалтад оруулах гэж байгаа тухай мэдээ гарсан. Одоогийн байдлаар манай улс FATF буюу олон улсын мөнгө угаалт, терроризмын санхүүжилттэй тэмцэх чиг үүрэгтэй байгууллагын саарал жагсаалтад байгаа. Үүний үр дагаврын тухай хэлье.

Олон улсын санхүүгийн зах дээр явагдаж байгаа бүх төлбөр тооцоо, валютын арилжаа, хөрөнгө оруулалт нь банкны системээр дамждагийг бид мэднэ. Энэ тохиолдолд банкууд бие биендээ клирингийн гэж нэрлэгдэх харилцах данс нээж түүгээрээ эдгээр бүх төлбөр тооцоог гүйцэтгэж байдаг. Монголын банкуудаар жишээ аваад үзье. Санхүүгийн захын практикаар Монголын банкууд нь долларын клирингийн дансаа Нью-Йоркод, фунтийн дансаа Лондонд, еврогийн дансыг Франкфуртад, юанийн харилцах дансаа Бээжинд байрлах банкуудад тус тус нээлгэснээр Монголын компаниуд, иргэдийг олон улсын санхүүгийн захтай холбох боломжтой болдог. Тэгвэл бид саарал жагсаалтанд орсноор өнөөдрийн байдлаар монголын банкуудын Нью-Йоркод байсан бүх клирингийн дансууд хаагдсан байдалтай байгаа. Ингэснээр бид долларын төлбөр тооцоог өөр улс орнуудаар дамжуулан аргацаасан байдлаар хийлгэж байна.

Тэгвэл Европын холбооны хар жагсаалтад орох нь тодорхой болвол Монголын банкуудын Европын улс орнуудад байрлах харилцах дансууд хаагдаж эхэлнэ гэсэн үг. Зөвхөн төлбөр тооцоо, валютын арилжаанаас гадна өөр хор хохирлууд гарна. Тухайлбал, Монголын Засгийн газрын бонд, арилжааны банкны бонд, хувийн компанид хийх хөрөнгө оруулалтуудад маш болгоомжтой хандаж эхлэх болно. Ихэнх хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгө оруулагч саарал жагсаалт, хар жагсаалтад орсон улс орон, тэдгээрийн субъектуудтай ямарваа нэг гэрээ хэлцэлд орохоос татгалзана.

Манай төрийн байгууллагуудын хүнд суртал, удаан хойрго байдал, бие бие рүүгээ буруугаа чихдэг уламжлалаас энэ бүгд үүссэн. Мэргэжлийн бус, ямар ч туршлагагүй улстөрчдийг санхүү, эдийн засгийн маш чухал албан тушаалууд дээр нам, нутаг ус, танил тал харж томилдог нь үүний суурь шалтгаан шүү дээ.

Асуудлаа огт мэдэхгүй хүн ирж танин мэдэхүйн байдалтай байсаар дараагийн сонгууль болж халагддаг. Дахиад нэг шинэ “ногоон” хүн ирдэг. Энэ мөнгө угаалт, терроризмын санхүүжилтийн эсрэг тэмцэх асуудлыг олон улсад маш ноцтой авч үзэж байгаа. Гэтэл сэдвээ мэдэхгүй хүн энэ цар хүрээг ойлгодоггүй учраас цаг алддаг, олон улсын байгууллагуудтай буруу харилцдаг зэрэг нь нөлөөлж байна гэж үзэж байна.

Дээрээс нь УИХ дээр FATF-аас шаардсан холбогдох хууль тогтоомжийг батлах болоход хойрго хандаж, энэ асуудал олон улсад ямар их өргөн хүрээг хамарч, бултаж тойрох аргагүй том асуудал болсныг тухайн үеийн УИХ-н гишүүд ойлгоогүйгээс болж маш их цаг алдаж саарал жагсаалтад орж байсан. Мөн миний ойлгосноор манай Өршөөлийн хуулиудад нь мөнгө угаалтын гэмт хэрэгт шалгагдаж байсан улстөрчдийг хамруулан өршөөснөөр олон улсад итгэл алдахад хүргэсэн гэж байгаа. Цаашлаад банкны салбар, банк бус санхүүгийн байгууллагууд дээр тодорхой эрсдэлүүд байна гэж үзэж байгаа юм шиг байна билээ.

ЭДИЙН ЗАСАГЧ Д.АНГАР: Хар жагсаалтад оруулсан гол буруутныг ганц, хоёр байгууллагатай холбож үзэж болохгүй. Сүүлийн 30 жилийн тогтолцооны буруугийнх

Хар жагсаалтад орсноор бизнес эрхлэгчид болон ААН-үүдийн бизнес Европын орнуудаас тусгаарлагдана. Европын банкууд нь харилцаагаа шууд таслах байх. Компаниуд нь манай улсын бизнес эрхлэгчид, компаниудтай харилцахдаа сайтар судалгаа хийж байж бизнесээ эхлүүлэх байх. Ингэхийн тулд маш их цаг хугацаа орно. Европын орнуудын хөрөнгө оруулагчид манай Засгийн газар бусад компаниудын бонд, санхүүжилтэд оролцохоос татгалзана.

Хар жагсаалтад ороход нөлөөлсөн ганцхан шалтгаан нь бохир буюу хууль бус мөнгө. Монгол Улсын эдийн засагт хууль бус мөнгө маш ихээр эргэлдэж байна гэж Европын холбоо үзсэнийх. Дээр нь үүнд төр засгаас ямар ч арга хэмжээ авахгүй байна. Жишээ нь хууль бус гэдэгт авилга, хээл хахууль мөн хууль бус үйл ажиллагаа явуулж олсон мөнгө орно. Энэ бүхэн Монголд байгаа нь тодорхой. Гэтэл үүнтэй тэмцэж хариуцлага тооцдоггүй. Европын холбооны хар жагсаалтад орсноор эдийн засгийн хориг арга хэмжээнд орж байгаа гэсэн үг биш. Европын холбоо Монгол Улсыг өөрөөсөө тусгаарлаж байна гэж ойлгох нь зөв. Энэ нь маш эрсдэлтэй. Энгийнээр тайлбарлавал, өнөөдөр короноавирусийн халдвар авсан байж болзошгүй, эрсдэлтэй хүнийг тусгаарлаж байгаатай адил дэлхийн 157 орноос 10 улс нь халдвар өвчинтэй гэж үзээд “Black list” буюу хар жагсаалтад оруулж тусгаарлаж байна гэсэн үг. Монгол Улс дэлхийд яаж үнэлэгдэж байна вэ гэдгийн ил тод илрэл нь энэ.

Хар жагсаалтаас гарахад их ажил хийх нь тодорхой. Хуучин бол нэг хууль баталж эсвэл журамдаа өөрчлөлт оруулаад олон улсын байгууллагуудын нүдийг хуурдаг байсан бол одоо бидэнд дахин хуурагдахгүй. Бодит арга хэмжээ, үйлдэл хүлээх байх. Уг нь мөнгө угаахаа больчихвол үүнээс гарахад амархан. Харамсалтай нь мөнгө угаахаа зогсоохгүй байна, зогсооё гэсэн хүсэл эрмэлзэл алга.

Хар жагсаалтад оруулсан гол буруутныг ганц, хоёр байгууллагатай холбож үзэж болохгүй. Сүүлийн 30 жил явсан тогтолцоо буруу байсных. Үе үеийн ХЗДХЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ, Засгийн газар гээд бүх түвшинд асуудал яригдана. Зөвхөн сүүлийн гурав, дөрвөн жилийн асуудал огт биш.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улс хуулийн хариуцлагагүйн явсны үр дүн. Монгол Улс мөнгө угаахын эсрэг хуультай юу гэвэл хуультай. Гэтэл “Монголын хууль гурван хоног” гэж явсаар өдийг хүрсэн. Европын Холбоо манай улсын дотоод хэрэгт оролцохгүй нь тодорхой. “Та нар мөнгөө угаадгаараа угаа, хээл хахууль авдгаараа ав, харин үүнийгээ биднээс хол хий, та нараас өөрсдийгөө тусгаарлалаа" гэж үзээд л хар жагсаалтдаа оруулахаар төлөвлөснийх.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДӨЛГӨӨН: ЕХ саарал жагсаалтыг давхар үндэслэл болгосон 

Европын Холбоо манай улсыг хар жагсаалтад оруулахаар төлөвлөсөн нь FATF-ийн саарал жагсаалтыг давхар үндэслэл болгосон гэж ойлгож байгаа. Хэрэв бид FATF-ийн саарал жагсаалтаас эрт гарчихсан байсан бол өнөөдөр ийм байдал үүсэхгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, FATF-тай ярилцаж байгаад тус байгууллагын саарал жагсаалтад оруулсан улс орнуудыг Европын Холбоо хар жагсаалтад оруулъя гэж төлөвлөсөн.

Хар жагсаалтад орсноор Европын холбооны аль нэг улс руу банк санхүүгийн гүйлгээ хийхэд тухайн гүйлгээг илүү нягталж эх үүсвэрийг нь шалгахаас эхлээд шаардлагууд өндөр тавигдана. Мөн хөрөнгө оруулалтуудын урсгал багасна. Манай улс хар жагсаалтаас гарахын тулд тавьж буй шаардлагуудыг нь хангаж, өнөөгийн санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлаа сайжруулж шаардлагатай. Өөрөөр хэлбэл бусдын дарамт дор бид алдаагаа засч байгаа ч гэсэн цааш цаашдаа Монгол Улс санхүүгийн зөв голидролдоо орно гэсэн үг. Эргээд бид одоогийн санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж засах боломж бүрдэнэ.

МУИС-ИЙН БАГШ, СУДЛААЧ, ЭДИЙН ЗАСАГЧ Б.ОТГОНТӨГС: Европын орнуудаас виз хүсэхэд хүндрэл учирна

Монгол Улс хар жагсаалтад орсноор манай улсын эдийн засагт оролцдог бүх субъект буюу Засгийн газар, ААН-үүд, иргэд бүгд нэмэлт зардал төлөх болно. Засгийн газар 2021 оноос эхлэн гадаад том дүнтэй өрүүдийг төлөхийн тулд шинээр бонд босгоно. Тэгвэл одоо бонд босгоход хүндрэл бий болно. Бонд босголоо гэхэд өндөр үнэ нэмэгдэж, Засгийн газрын төлөх өрийн хэмжээ тэр хэрээр өснө.

Хоёрдугаарт, ААН-үүдэд хар жагсаалт яаж нөлөөлөх вэ гэхээр коронавирусийн халдварын дараа компаниуд бизнесээ хэвийн байдалд оруулахад гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гадаадын банк, компаниудаас зээл тусламж авахад хэцүү болно. Яагаад гэвэл гадаадын байгууллагууд шаардлага өндөр тавих учраас тэр шаардлагыг нь хангахад тун хүндрэлтэй.

Гуравдугаарт, иргэдийн хувьд Европын орнууд руу аялдаг, эмчлүүлдэг, сурдаг. Энэ бүхний төлбөр тооцоог хийх мөн виз хүсэхэд хүндрэл учирна. Ядуу буурай орны иргэдэд олгодог тэтгэлэгт ч хамрагдаж чадахааргүй нөхцөл байдал үүснэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж