Газар тариалангийн бүс нутгаар энэ өдрүүдэд хаврын тариалалт эхэлж байна. Тухайлбал Булган, Сэлэнгэ аймгийн тариаланчид талбайдаа хэдийн гарчээ. Булганы хэмжээнд энэ жил 42,0 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 1000 га-д улаан буудайн үр суулгаад байна.
2020 онд улсын хэмжээнд 360.0 мянган га-д улаан буудай тариална. Харин 16.0 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45.0 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалахаар бэлтгэж байна.
Манай орны газар тариалангийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг төвийн бүсэд 5-р сарын дундаж температур Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 5-10 градус буюу олон жилийн дундаж орчим, бусад нутагт олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байх урьдчилсан төлөв гарчээ. Энэ нь үр суултын гүний дулааны хангамж сайжрах боловч нөгөө талдаа хөрс эрт халж чийг ууршилт нэмэгдэх сөрөг нөлөөтэйг мэргэжилтнүүд анхааруулж буй.
Дашрамд дурдахад, дэлхий нийтийг хамарсан “Covid -19” цар тахлын дэгдэлтийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ажлын байрыг хадгалах, үндсэн нэр төрлийн үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, зорилгоор Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138-р тогтоолыг Монгол улсын Засгийн газраас батлан гаргасан.
Уг тогтоолд 2020 онд:
- 360 мянган га-д улаанбуудай
- 16 мянган га-д төмс
- 11.6 мянган га-д хүнсний ногоо
- 45 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал
- 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалах ажлыг технологийн хугацаа, зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулах тухай тусгагджээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ