Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр /2020.05.10/ ард иргэддээ ажлынхаа тайланг тавилаа. Тус улсын Ерөнхийлөгч жилд нэг удаа ийнхүү ард иргэдтэйгээ шууд дамжуулалтаар уулзаж, ажлаа тайлагнадаг байна.
Тэрбээр “Би албан тушаалаа хүлээн аваад гурван жил боллоо. Энэ хугацаанд би төрийн ажлыг өөрийн зүрхэн дэх хүсэл тэмүүллийн дагуу шударга, шинэлэг, хүртээмжтэй байдлаар хийхийг зорьж, энх тайван, хөгжил цэцэглэлт рүү тэмүүлсээр ирлээ. Маш олон хүнд хэцүү цаг үе байсан. Тэр бүрт надад итгэж, надад урам өгч, хурцалж байсан та бүхэндээ гүнээ талархаж байна. Ирэх хоёр жилд би илүү шаргуу ажиллаж, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хариуцлагатай, мэдрэмжтэй ажиллах болно. Дэлхий нийт аймшигт цар тахалтай нүүр туллаа. Энэхүү цар тахал хүн төрөлхтний амьдралыг үндсээр нь өөрчилж, дэлхийн эдийн засгийг урьд өмнө байгаагүйгээр хямрааж байна.
Бид яаж ч хүсээд бодит байдлаас зугтааж чадахгүй. Гэхдээ бид хичээвэл хямралыг боломж болгон ашиглаж болно. Бид ухаалаг байж нэгдэж байж үүнийг даван туулна. Өнөөдөр Солонгосчууд бид цар тахлын эсрэг тэмцлээрээ дэлхийд жишиг болж чадлаа. Энэ бол үндэсний бахархал. Энэ бол эмнэлгийн эмч ажилтнууд, сайн дурынхан, коронавирусийн эсрэг тэмцэж буй бусад байгууллагууд болон ухамсартай ард түмний хичээл зүтгэлийн үр дүн билээ.
Гэсэн хэдий ч бид өмнөх шигээ хэвийн байдалдаа орж болно гэсэн үг биш. Зугаа цэнгээний газруудыг хурдан нээж болохгүй гэдгийг бид сая бодитоор мэдэрлээ. Энэ мэтчилэн жаахан л сэрэмж алдвал аюул хажууд отож байгааг бидэнд санууллаа. Энэ тахал бүрэн дуусах хүртэл их хугацаа шаардагдах байх. Тэр хүртэл огтхон ч сонор сэрэмж, тэвчээрээ алдаж болохгүй. Тиймээс хүн бүр нэгэн сэтгэлээр хамтдаа хичээхийг уриалж байна” хэмээн хэлжээ.
Мөн тэрбээр цар тахалтай тэмцэх боловсон хүчнийг бэлтгэх, орон нутгийн халдварт өвчинтэй тэмцэх системийг сайжруулах шаардлагатай байгааг онцолсон байна. Түүнчлэн цар тахалтай амжилттай тэмцэх, даван гарснаар тус улсын олон улсын хамтын нийгэмлэгүүд, гадаад улсуудтай харилцах дипломат харилцаанд ихээхэн ахиц дэвшил авчрах болно гэдгийг цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: KoreaTimes
Холбоотой мэдээ