Монголын 350 жилийн түүх эрсдэлд орсон уу?

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Монголын 350 жилийн түүх эрсдэлд орсон уу?

Архивын ерөнхий газар энэ сарын 1-нээс эхлэн ирэх оны хоёрдугаар сарын 29-нийг дуустал хугацаанд лавлагаа, үйлчилгээгээ түр зогсоохоор болжээ. Ингэх болсон шалтгаан нь тус байгууллага шинэ байрандаа нүүж орохоор болсонтой холбоотой аж. Архивын ерөнхий газар нь үндсэн гурван байртай бөгөөд одоогийн Үндэсний төв архив анх 1957 оноос эхлэн барьж, 1959 онд ашиглалтад орсон 56 жилийн настай аж. Харин Архивын ерөнхий газрын байр буюу I байр нь 1997 онд ашиглалтад орсон бол Кино гэрэл зураг, дуу авианы баримтын архивын байр буюу III байр нь 1975 онд ашиглалтад оржээ. 

Эдгээрт барилгад 1674 оноос хойш Монголын түүхэнд холбогдох бичиг, соёлын нандин өвийг архивын гурван байраар нүүлгэн шилжүүлнэ гэсэн үг.  

Архивын ерөнхий газрын архивт 1674 оноос хойш 350 жилийн Монголын түүхийн баримт бичиг, соёлын нандин өв хадгалагдаж буй. Энэ утгаараа нүүлгэн шилжүүлэх явцад түүхийн үнэт баримт, өв соёлын үнэт бүтээл алдагдаж, үрэгдэх вий гэх болгоомжлолыг төрүүлээд байна.

Үндэсний архивт Богд хаант Монгол Улсын төдийгүй түүнээс өмнөх, хойшхи бүхий л түүхэн шийдвэр, хувьсгалчдын хийсэн үйлдэл, хэрэг, цааз гээд Монгол Улсын тагнуулын үйл ажиллагаа, төрийн нууцтай холбоотой, түүхэн шийдвэрүүдээс эхлээд угсаа гарлын, гэмт хэрэгт холбогдож байсан гээд Монголын түүхийн бүхий л чиглэлийн баримт бичиг хадгалагдаж буй. Энэ утгаараа архивыг нүүлгэн шилжүүлэх асуудал өөрөө улс, орны аюулгүй байдалтай чухал холбоотой чухал асуудал.

Харин өнөөгийн архивын барилгууд нь стандарт, зориулалтын биш бөгөөд цаашид тэрхүү барилгуудад үйл ажиллагаа явуулах нь өөрөө түүхийн чухал баримт, архивын бичгүүдийг эрсдэлд оруулах болсон байна.

Тиймээс ч зориулалтын нарийн технологитой байранд шилжүүлэх асуудал одоогоор долоон жилийн өмнө яригдаж 2007 оны нэгдүгээр сарын 24-ны Засгийн газрын тогтоолоор орчин үеийн стандартад нийцсэн байгууламжтай болоход шаардлагатай хөрөнгө, мөнгийг жил бүрийн улсын төсөвт суулгаж байхаар болжээ. Ингээд 2010 оноос эхлэн шинээр архивын барилгыг “Буянт-Ухаа 2” хорооллын ойролцоо барьж эхэлсэн байна. Энэхүү барилгын 2013 он хүртэл барьсан бөгөөд 69 хувийн гүйцэтгэлтэй байхад нь төсөв хүндэрч арга буюу царцаахад хүрсэн аж.

Мэдээж хэрэг барьж байгаад зогсоосон барилга нь суултаас эхлээд шинээр барихаас ч илүү зардал гардаг учраас энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг Үндэсний Архивын ерөнхий газраас удаа дараа Хууль зүйн яам, Засгийн газар, УИХ-д хандаж иржээ.

Ингэснээр УИХ-ын 30 дугаар тогтоол гарч, түүний дагуу Засгийн газраас тогтоол гарган Хуул зүйн яам, Төрийн өмчийн хороонд Төв архивын байрыг дуудлага худалдаанд оруулан борлуулж, олсон мөнгийг нь шинээр барьж буй барилгад зарцуулахаар болжээ. Энэ дагуу өнгөрсөн наймдугаар сард анхны дуудлага худалдаа болж тус барилгыг 6,2 тэрбум төгрөгөөс анх дуудахаар болжээ. Гэвч энэ дуудлага худалдаанд оролцох санал ирээгүй аж. Ингээд хоёр дахь дуудлага худалдааг зарласан бөгөөд хэрэв анхны дуудлага худалдаанд оролцох санал ирээгүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулахдаа анхны дуудах үнийг нь 20-30 хувиар бууруулах журмын дагуу хямдруулах ёстой ч хотын төвийн газар, дээр нь шинэ архивын барилгыг барьж дуусгахад хүрэлцэхгүй болох учраас анхны дуудах үнийг хэвээр нь үлдээхийг хүч, энэ дагуу ч 6,2 тэрбум төгрөгөөс дуудаж “Говь” ХК 6,3 тэрбум төгрөгөөр худалдан авахаар болжээ. Дуудлага худалдааны журмын дагуу төлбөрөө бүрэн хийснээс хойш тав хоногийн дотор хүлээлгэн өгөх ёстой ч архивын бичиг, баримтыг айл нүүлгэх шиг амархан шийдчихэж болохгүй болохоор нүүж дуустал хүлээхийг  хүсч, харилцан тохиролцжээ. Ингээд дуудлага худалдаанаас олсон мөнгөөрөө Хилийн цэргийн 0116 дугаар ангиар дутуу барилгыг гурван ээлжээр 24 цагийн турш зогсолтгүй бариулсны хүчээр өнөөдөр улсын комисс хүлээн авахаар болсон байна.

Архивыг нүүлгэх ажил ирэх даваа гаригаас албан ёсоор эхлүүлэх гэнэ. Архивын ерөнхий газрын дарга Г.Билгүүний хэлснээр “Урьдчилсан байдлаар таван тонны тэвштэй 30 машинаар нүүлгэнэ гэж тооцвол 900 удаа архивын бичиг, баримтыг зөөх хэрэг гарна. Тиймээс цаг хугацаа их зарцуулах” бололтой

Уг нь архивын бичиг баримтыг зориулалтын машинаар зөөх шаардлагатай байдаг аж.  Гэвч манайд зориулалтын машин байхгүй. Тэрхүү зориулалтын машин нь ойролцоогоор тэрбум орчим төгрөгийн үнэтэй гэнэ. Тиймээс барилгаа бариулах төсөвгүй байгаа газар тэрийг авах тухай бодоод ч хэрэггүй. Төсвийн тодотголоор архивыг нүүлгэхэд 283 сая төгрөг баталж өгсөн бөгөөд энэ нь хангалттай хүрэлцэхүйц мөнгө биш аж. Тиймээс Хуул зүйн яамны харъяа агентлагууд болох ЦЕГ, Хил хамгаалах газар, ХСИС, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүн хүч, техник, хэрэгслийг ажиллуулахаар болсон гэнэ. Эдгээр байгууллагаас ойролцоогоор 300 албан хаагчдыг авч ажиллуулах гэнэ. Тэдгээр байгууллага ямар нэгэн хөлс авахгүйгээр архивын нүүлгэх ажилд оролцож байгаа бөгөөд шатахууны л мөнгө авч байгааг Архивын ерөнхий газрын Олон нийт, хэвлэл, мэдээлэл хариуцсан ажилтан Э.Энхчимэг хэллээ.

Архивын газар анх 1959 онд нүүж байсан бөгөөд энэ хүртэл архивын бичиг баримтыг өнөөгийн Гандантэгчинлэн хийдэд хадгалж байсан түүхтэй. Тухайн үед архивын сан хөмрөг өнөөгийнхөө хэд дахин бага байсан аж. Гадны улсын туршлагаас үзвэл хамгийн сүүлд Солонгос улс архиваа нүүлгэж байжээ. “Тэд хоёр жилийн хугацаанд архивын баримт, бичгээ нүүлгэсэн байдаг” гэж Г.Билгүүн дарга ярьж байна. 

Түүний хэлснээр архивынхан 8.30-21 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд цаашдаа энэ цагаа нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэнэ.

Архивын шинэ байрын хувьд 6000 м2 хадгаламжийн сантай байх гэнэ. Харин хуучин гурван байр нь нийлээд 2000 мянган м2 хадгаламжийн сантай аж. Тиймээс шинэ байрны багтаамжийн хувьд өнөөгийн архивын бичиг, баримтыг багтаагаад цаашид 50 жилийн архивын бичиг баримт бүрдүүлэн хадгаламжийн сантай аж.

Архивыг нүүлгэх дундаас бичиг баримт гэмтэж, сүйдэх, алга болох эрсдэлийг хэрхэн тооцсон талаар асуувал “Нүүлгэн шилжүүлэлтэд манай ажилтнуудаас гадна ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын албан хаагчид оролцож аюулгүй байдлыг сайтар ханган зөөвөрлөнө. Хэрэвзээ техникийн байдлаар шалтгаалан архивын бичиг баримтыг тээвэр явцад гал гарлаа гэхэд Онгой байдлын албан хаагчид яаралтай арга хэмжээ авна. Дээр нь Төрийн тусгай хамгаалалт, цагдаагийнхан аюулгүй байдлыг нь хангана. Бид зориулалтын технологийн дагуу хайрцаглаж, тухайн хайрцагт хэчнээн тооны ямар баримт орсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий танилцуулгатай, лацадсан тусгай хайрцгаар зөөнө. Хүлээлгэн өгсөн, хүлээн авсан ажилтнууд энэ бүхнийг нарийн шалгаж, гарын үсэг зурж баталгаажуулна. Энэ бол маш хариуцлагатай ажил. Ганц архивын газрын анхаарал ёстой асуудал биш. Улсын өндөр хэмжээнд анхаарах ёстой асуудал” гэсэн хариултыг өгч байна.

Архивын бичиг баримтыг хоёр давхар цаасан хайрцагт хийж зөөх бөгөөд зориулалтын хайрцаг авах мөнгө байхгүйгээс цаасан хайрцгаар зөөх гэнэ. Гэхдээ энэ нь бичиг, баримтыг гэмтээхгүй аж. Архивыг нүүлгэхтэй холбоотойгоор нарийн туршилж хийж үзсэн бөгөөд архивын баримт чанар, аюулгүй байдал нөлөөлөхгүй гэнэ. Зориулалтын стандарт хайрцаг 12000 төгрөгийн үнэтэй бол цаасан хайрцагийг 2000 төгрөгөөр авч буй аж. Үүнээс өөрөөр зохицуулах боломж бидэнд байхгүй. Хөрөнгө мөнгө ч хүрэлцэхгүй гэдгээ Г.Билгүүн нуусангүй.

Зарим хэвлэлээр гарсан шиг шинэ байранд архивын баримт бичгийг агуулах тусгай зориулалтын шүүгээ байхгүй, хадгалалтын горимыг зөрчихгүй аж.

Өнөөдөр Үндэсний Архивын ерөнхий газарт 650 орчим стандартын шүүгээ байгаа бөгөөд 6000 орчим шүүгээ шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс эхний ээлжинд нүүлгэсэн архивын бичиг баримтаа хуучин шүүгээндээ байршуулж, дараа дараагийн бичиг баримтаа нүүлгэхээсээ өмнө шаардлагатай шүүгээ авчихсан байх аж. Өнөөдөр архивын бичиг баримтыг хадгалахад зориулсан нягтаршуулсан шүүгээг дотооддоо үйлдвэрлэдэггүй. Азиас Япон, Солонгос, БНХАУ-д л үйлдвэрлэдэг аж. Японы стандартын шүүгээний хувьд автомажсан өндөр технологийн шүүгээ байдаг учраас өндөр өртөгтэйн дээр тээвэрлэхэд маш их хугацааг зарцуулах аж. Тиймээс өөрсдийн хөрөнгө, бололцоонд тааруулан зардал бага гаргахуйд орноос авахаар төлөвлөжээ. Өөрсдийн авах шүүгээний техникийн үзүүлэлтийг 16 компанид явуулсан тухай Г.Билгүүн хэллээ. Тендер зарлах хугацаа байхгүй учраас тэдгээр компаниудын ирүүлсэн үнийн саналыг үндэслэн шууд сонгон шалгаруулж Хууль зүйн сайдад ирэх даваа гаригт гэхэд хүргүүлэхээр болоод буй аж.

Цаасан суурьтай А4 цаасны зориулалтын шүүгээ гэхэд нэг бүрийн үнэн нь ойролцоогоор 550 мянган төгрөг байдаг аж. Хальс, DVD, А4-өөс өөр хэмжээтэй цаас гэхчлэн тусгай зориулалтын шүүгээнүүд харилцан адилгүй үнэтэй байдаг юм байна. Тиймээс эхний ээлжинд өөрсдийн мөнгөндөө тааруулан стандарын шүүгээгээ авах гэнэ.

Өнөөгийн архивт хэрэглэж буй нийт шүүгээний 10 хувь л стандартын шүүгээ байдаг юм байна. Харин үлдсэн 90 хувь нь стандартынх бус, дээр нь барилга нь стандартын чийгшүүлэх, агааржуулах технологигүй учраас төмпөнд уг хийж архивын өрөөнүүдээ чийгшүүлдэг бөгөөд нарийн хэмжилтийн дагаа төмпөнтэй учраас нэмж эсвэл багасгадаг өрөвдөлтэй байдлынхаа тухай дэд дарга Г.Билгүүн нуусангүй. Харин шинэ архивын байрны хувьд ус алдахаас сэргийлэн халаалтын системийг нь цахилгаанаар шийдсэн бөгөөд орчин үеийн чийгжүүлэгч, агааржуулалтын системийг суулгаж өгсөн учраас “төмпөн” түүх болно гэдгийг тэрээр хэлж байна.

Архивын үйл ажиллагаа хэзээ жигдрэх тухай асуултад ирэх оны гуравдугаар сарын 1 гэхэд жигдрүүлнэ гэж төлөвлөж буй Г.Билгүүн дарга дуулгалаа.

Ямартай ч Монголын түүх тэр чигтэй нүүх нь. Энэ нь архивын үнэлж баршгүй баримт устаж, үгүй болох эрсдлээс харин ч сэргийлж буй аж.

Эцэст нь дуулгахад, архиваас цалингийн тодорхойлолт, гэмт хэргийн байдал, угсаа гарлын лавлагаа хамгийн их авдаг бөгөөд энэ хугацаанд тэдгээр олгох боломжгүй аж. Тиймээс ч өөрсдийн харилцдаг байгууллагадаа аль болох иргэдийг чирэгдүүлэлгүй, архивын лавлагааг уян хатан байдлаар зохицуулах хүсэлтийг илгээжээ.

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж