12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрчээ

2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая  мал өвөлжиж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Тус газраас өгсөн мэдээгээр өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан байна. Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тн өвс бэлтгэхээс 23.044 тн буюу 78.2 хувийг, 11.115 тн тэжээл бэлтгэхээс 3.345 тн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн аж. ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян “ Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий зэрэг нийт 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см (нягт 0.12-0.24 гр/см3) хүрээд байна.

Цаашид Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ аймгуудын зарим суманд нөхцөл байдал хүндэрч болзошгүй” гэв. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймаг, орон нутгийн удирдлага, Улсын Их Хурлын зарим гишүүдээс шаардлагатай өвс, тэжээлийг аймаг, орон нутаг дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах хүсэлтийг Улсын онцгой комиссын нэр дээр ирүүлсэн байгаа аж. Дашрамд дуулгахад, Зарим аймаг шуурхай албаны болон түргэн тусламжийн автомашингүй байгаагаас өвөлжилт хүндэрсэн тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй байгааг анхаарулав.

 Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж