Бүгд Найрамдах Энэтхэг улс өнгөрсөн гуравдугаар сард коронавирусийн халдвараас сэргийлэн бүх олон улсын нислэгээ цуцалж, хөл хорио тогтоосон билээ. Тус улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 480 гаруй иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь бусад шалтгаантай иргэд аж. Тэгвэл Монгол Улс ирэх долоо хоногт Энэтхэг улс руу захиалгат нислэг үйлдэхээр болжээ. Энэтхэг улс ч мөн адил нийтдээ 200 мянга орчим иргэнээ гадаадаас татан авах гэж байгаа юм байна.
Дашрамд дурдахад, дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нд БНСУ, тавдугаар сарын 3-нд Франкфуртын нислэгээр нийт 800 гаруй иргэн ирсэн билээ. Эдгээр иргэдээс 40 гаруй хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарласнаас гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тоо 42 хүрчээ. Эрүүл мэндийн яамны мэдээллээр өнгөрсөн хугацаанд нийт 14 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан бол 29 хүн эмчлүүлж байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ