Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өчигдөр /2020.05.08/ цахим хэлбэрээр уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд шинэ төрлийн "Ковид-19" цар тахал дэгдсэнтэй холбогдуулан ОХУ-ын Батлан хамгаалах яамны харъяа их дээд сургуулиудад суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, мөн Монгол Улсын бусад байгууллагуудын сонсогчид, энгийн сургуулийн оюутнуудыг Оросын Зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн эх оронд нь авчрах асуудлыг судлахыг хүссэн байдаг.
Үүний дагуу С.Шойгу Монголын талын хүсэлтийг нааштай хүлээн авч, эхний ээлжинд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа цэргийн сургуулиудад суралцдаг Монгол оюутнуудыг эх оронд нь хүргэх боломжтой гэсэн хариу өгчээ. Ийн сайд Н.Энхболдын тавьсан хүсэлтийн дагуу Сергей Шойгу Монгол сонсогчдыг ОХУ-ын цэргийн тусгай үүргийн онгоцоор эх оронд нь хүргэх ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн байна.
Ингэснээр ОХУ-д сурч буй цэргийн сургуулийн монгол сонсогчид удахгүй эх орондоо ирэх нь ээ.
Холбоотой мэдээ