Монгол Улс өнгөрсөн жилүүдэд олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох /FATF/-ын саарал жагсаалт, мөн Европын холбооны хар жагсаалтад давхар орж байсан удаагүй. Гэвч У.Хүрэлсүхийн танхим засаглах үед хоёуланд нь “данслагдлаа”.
Хэдийгээр Гадаад харилцааны яам, Монголбанкнаас өгсөн мэдээллээр Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад хараахан ороогүй, сарын дараа шийдэгдэх асуудал гэж тайвшруулж буй ч энэ нь чухамдаа парламентаар нь батлагдах үйл явц хүлээгдэж буйг л онцолсон хэрэг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хар жагсаалтаас бултах замгүй болсон гэсэн үг.
Европын парламентаар хар жагсаалтыг батлангуут санхүүгийн хориг арга хэмжээ ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр Европын холбоонд багтдаг 27 улсаас Монгол Улс зээл, хөрөнгө оруулалт татах боломжгүй болно гэж ойлгож болно.
Эдгээр орнууд руу валют шилжүүлэхэд шимтгэл нь нэмэгдэхийн зэрэгцээ хяналт шалгалт нь илүү өндөр болж, цаг хугацаа ч нэлээд алддаг болно. Залуус дээрх орнуудад боловсрол эзэмшихэд ч хүндрэл үүсэхийг байг гэх газаргүй.
FATF болон Европын холбооны саарал, хар жагсаалтад орох үндэслэл болдог хэд, хэдэн шалтгааны нэг нь хар тамхи. Гэмт хэрэгтнүүд хар тамхины худалдаа, хэрэглээгээр дамжуулж, мөнгө босгон, банк санхүүгийн байгууллагаар дамжуулан угааж, терроризмыг санхүүжүүлдэг гэж үздэг.
Гэтэл жилийн өмнө буюу өдийд Германы хил дээр Монголын дипломат 70 кг геройн буюу мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад жолоочийнхоо хамт баригдсан. Харин ийм хариуцлагагүй томилгоог хийсэн албан тушаалтан нь хариуцлага хүлээж огцорсон уу, үгүй.
Монголд мөн хар тамхины худалдаа, хэрэглээ эрс өссөн. Гэвч хэрэгт холбогдсон нь хариуцлага хүлээдэг нь цөөн. Зарж борлуулж, ашиг хийдэг бүхэл бүтэн сүлжээ бий болсон тухай яриад байгаа ч баригддаггүй юм уу, барьдаггүй юм уу. Ихэвчлэн хэрэглэж байгаад саатуулагдсан тохиолдол нь элбэг ч ял авдаг нь цөөн. Тэнсэн, торгууль ногдуулаад өнгөрдөг.
Хариуцлага, ёс зүй өндөр оронд бол дээрх тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр хэзээний огцорсон байх ёстой. Харамсалтай нь, улс нь FATF-ын саарал жагсаалт, Европын холбооны хар дансанд орж хүндэрчихээд байхад ч гүрийх янзтай.
Ахмад дипломатчид сайдыгаа өмөөрч буй юм болов уу даа, өчигдөр /2020.05.08/ “Худалдааны яам байгуулаагүй нь Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орох үндэслэл болсон” гэдэг зүйл яриад сууж байх юм. Одоо “үлгэр” ярих цаг биш, хариуцлага тооцох цаг.
Хэрвээ Монгол Улс Худалдааны яамгүй байсан нь хар жагсаалтад орох үндэслэл болсон юм бол энэ асуудлыг эртхэн хөндөж, анхааруулахгүй яасан юм бэ. МАН Засгийн эрх бариад хэдэн жил болов. Энэ шалтаг болохоос шалтгаан биш. Худалдааны яамгүй байснаар алдаж буй зүйл олон байгаа нь үнэн ч хар жагсаалтад орох үндэслэл болсон гэдгийг Европын холбооныхон сонсвол шоолох биз. Монголчуудынхаа тархийг угааж болох ч гадаадынхныг бол дөнгөхгүй. Одоо иймэрхүү явцгүй PR хийж байхаар хариуцлагаа шат, шатандаа хөндөөд, хар жагсаалтад орох үндэслэл болсон гол шалтгааныхаа эздэд хариуцлагаа тооцоод явсан нь дээргүй юу.
Эрх баригчид хэдэн сарын өмнө саарал жагсаалтад оруулсан буруутнаар төв банкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, С.Даваасүрэн хоёрыг тодруулж, хариуцлага хүлээлгэсэн. Одоо харин хар жагсаалтад орсон гол шалтгаан юу вэ, хэн нь ажлаа хийсэнгүй вэ гэдгээ цаг алдалгүй оношлоод буруутай албан тушаалтанд нь хариуцлага хүлээлгэхгүй бол дахиад бас ямар ч хориг арга хэмжээнүүд авагдахыг хэлж мэдэхгүй болох нь байна шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ