Хамтын тэтгэврээр ахмадын асуудлыг шийдэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Хамтын тэтгэврээр ахмадын асуудлыг шийдэхгүй

Долоо хоног бүрийн лхагва гаригт МАН-аас зохион байгуулдаг “Морин цаг”-т УИХ-ын гишүүн Д.Оюунхорол оролцож, мэдээлэл хийлээ.


2014 оны мэдээгээр 242.5 мянган ахмад настан тэтгэвэр авдаг, төсвөөс 644.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг бол хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 197 мянган төгрөг аж. Сүүлийн гурван жил дараалан эдийн засгийн үзүүлэлт доошилсоор монгол төгрөгийн ханш 40 орчим хувиар унасан байна. Үүнтэй холбоотойгоор МАН-ын зүгээс цалин, тэтгэврийг инфляцитай нь уяж нэмэх ёстой гэсэн шаардлагыг тавьж ирсэн, иргэд мөн дээрх хүсэлт тавьдаг. Гэвч санал хэрэгжихгүй явсаар өнөөдрийг хүргэжээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ тухай “Ахмадуудын 67 хувь нь бага тэтгэвэр авдаг. Тэтгэврийг нь нэмэхгүй байгаа нь амьжиргаанд нь сөргөөр нөлөөлж байна. Мөн эцэг, эхийнхээ тэтгэврээр амьдардаг бүлэг бий болсон. Иргэн бүрт өгдөг 21 мянган төгрөг зогссон учраас өрх толгойлсон, ажилгүй байгаа иргэд ээж аавынхаа тэтгэврээр амьдарч байгаа тухайгаа орон нутагт ажиллах үед уулзалт бүрт ярьж байна. Тийм учраас тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлаар бодитой дорвитой алхмууд хийгээч ээ. Хүн рүү чиглэсэн нийгмийн халамжийн тогтолцоогоо үргэлжлүүлээч ээ гэдэг санал тавьж байгаа. Тэтгэвэр авдаг ахмадуудын олонхи нь ганц бие. Ганц бие ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэх талаар төр ямар ч бодлого арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн “Хамтын тэтгэврийн тухай хууль баталсан учраас энэ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдчихсэн” гэж үзэж байна.

Бид бол Хамтын тэтгэврийн хуулиар энэ асуудлыг шийдэх боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нэээс эхлэн хэрэгжинэ, цаад санаа нь 15 жил хамт амьдарсан ажилтай орлоготой байсан НДШ-ээ төлж байсан ахмадуудад хамаатай. Хамтын тэтгэврийг бүх ахмад настан авах юм шиг ойлгох нь буруу. Залуу насандаа алдаж хоёр дахь амьдралаа зохиосон  ахмад олон байдаг. Гэтэл тэднийг энэ хуулийн заалтад хамруулахгүй гэж хуульчилснаараа хууль ялгавартай хэрэгжих бололцоог олгосон. Бид хэлж байсан ч алдаагаа засаагүй.

Ганц бие ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үр хүүхэд нь тусалдаггүй, тэтгэврийнхээ 190 мянга, 230 мянган төгрөгөөр амьдардаг ахмадуудаа төр яаж тусалж дэмжих вэ гэдэг бодлогоо шинэ шатанд гаргаач ээ гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад асуулга болгон тавьсан. Харамсалтай нь, асуудлыг шийдэхгүй хэрнээ шийдсэн мэтээр тайлбарлаж байна. Жишээ нь, 2017 онд хэрэгжих Хамтын тэтгэврийн хуулиар ахмадуудын асуудлыг шийдсэн юм шиг, тэтгэвэр нэмэхгүй байгаагаа үүгээр шийдвэрлэсэн юм шиг ярьж байгаа нь буруу. Ахмадууд тэтгэврийн зээл авдаг, 90 хувь нь өнөөдөр тэтгэврийн зээлтэй байна. Тэтгэврийн зээлийн жилийн хүү 18 хувь. Ийм хэмжээний ашиг орлоготой ажилладаг аж ахуйн нэгж өнөөгийн нөхцөл бараг байхгүй. Тийм учраас салбар хариуцсан сайд нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, мөн ахмад настнуудын асуудлыг шийдвэрлэхэд анхаарах ёстой гэдгийг онцольё” гэлээ.

Тэрээр хэсэг гишүүдийн хамтаар малчдын тэтгэврийн насыг урагшлуулах хуулийн төслийг УИХ-д 2014 оны дөрөвдүгээр сард өргөн барьж байсан аж. Гэвч хуулийн төслийг нь өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй хойш тавьсаар, эцэстээ Ардчилсан намын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулиуд хэлэлцэгдэж эхэлсэн байна. Энэ талаар Д.Оюунхорол гишүүн “Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулъя, эмэгтэй 50 нас, эрэгтэй нь 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог боломжийг хуулиар олгоё гэж үзээд төсөл санаачилсан. Малчдаас өнөөдөр 10.8 хувь нь НДШ-ээ төлөөд тэтгэвэр тогтоолгох боломжтой байгаа. Энэ алдааг засч залруулъя гэдэг байдлаар хандсан. Гэтэл Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн хуулийн төслөөс дундаас нь тасалж аваад үг өгүүлбэрийг нь жаахан өөрчлөөд агуулга нэг хуулийн төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцэж байгаа нь Монголын парламент ямар ардчилалгүй болсон, ардчиллын үнэт зүйлүүдээс хэрхэн ухарч байгаагийн тод жишээ боллоо. Нөгөө талаас УИХ хүч түрэмгийлсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдгийн хамгийн муу загваруудын нэг болж байна. Малчид сар бүр НДШ төлөөд байх боломжгүй. Сар бүр орлоготой байж чаддаггүй, тиймээс НДШ-ээ улирлаар төлөх боломжийг олгоё.  Ийм хуулийн зохицуулалт хийснээр малчид мах, ноос, ноолуураа борлуулсан үедээ НДШ-ээ төлөх боломжтой. Нийгмийн даатгалын санд дарамт хүндрэл учруулахгүй, нөхөн төлснөөрөө тэтгэвэрт гарах боломж нь хангагдах учраас энэ асуудал дээр Монголын парламент бодлогын шийдвэр гаргаач ээ гэж хүсэж байгаа юм” гэлээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж