Хүн төрөлхтний түүхэнд XX зуунд багагүй гай гамшиг учруулсан дэлхийн хоёр том дайн болсон билээ. Тэрхүү хоёр дайнаас дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна. Энэхүү II дайнд Зөвлөлтийн ард түмэн 27 сая хүнээ алдсанаас Улаан армийн нийт хохирол 11.8 сая /6.8 сая хүн ам үрэгдэж, 4.6 сая хүн сураггүй болж, олзлогдсон/ болжээ.
Дайны жилүүдэд Зөвлөлтийн 34.5 сая цэргийн алба хаагч дайчлагдан дайнд оролцсон байна. Дайнд 13.7 сая энгийн хүн амь үрэгдсэнээс 7.4 саяыг нь булаан эзлэгчид зориуд хөнөөж, 2.2 сая хүн Германд хүнд хүчир ажил хийж яваад амь үрэгдэж, булаан эзэлсэн нутагт 4.1 сая хүн өлсгөлөнгөөр нас барав.
Эх орны дайны жилүүдэд ЗСБНХУ-д 1710 хот, 70 мянга гаруй тосгон, 32 мянган завод, фабрик сүйдэж, 98 мянган хамтрал, 2890 машин-тракторын станцыг дээрэмдсэний улмаас учирсан хохирлын нийт өртөг 128 тэрбум ам.доллар /зарим баримтад 450 тэрбум ам.доллар/ болсон гэж үздэг билээ.
Хүн төрөлхтний түүхэнд уй гашуу авчирсан энэхүү дайн төгсгөл болсноос хойш өдгөө 75 жил өнгөрчээ. Энэхүү дайнд хамгийн их хохирол амссан, мөн ялалт байгуулсан ОХУ өнөөдөр /2019.05.09/ уламжлал ёсоор Москва хотын Улаан талбайд цэргийн сүрт парадаа зохион байгуулах ёстой байсан ч Covid-19 цар тахлын улмаас тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэр гарсан.
Гэхдээ энэ өдөр Улаан талбайд агаарын зэвсэгт хүчний үзүүлбэр уламжлал ёсоор болно. Үүнээс гадна, ахмад дайчид бүрт биечлэн мэндчилгээ дэвшүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдана.
ЯЛАЛТЫН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ДЭЛХИЙН 20 ГАРУЙ ОРНЫ УДИРДАГЧИД ОРОЛЦОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙВ
Жил бүрийн ялалтын баярт уригдсан дэлхийн улс орнуудын удирдагчид хэн байх, хэн уригдалгүй үлдэв гэдэг дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Ялалтын баярын 75 жилийн ойн энэ өдөр дэлхийн 20 гаруй орны удирдагчид оролцохоор төлөвлөж байв. Үүний зэрэгцээ, Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Улаан талбайд парадад оролцохоор бэлтгэлээ хангаж байсан юм.
ЯЛАЛТЫН БАЯР ЯАГААД БИДЭНД ЧУХАЛ ВЭ?
Дэлхийн II дайн бол дэлхийн улс төрийн газрын зургийг өөрчилсөн төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлснөөрөө бидэнд хамааралтай түүхэн үйл явдал билээ. Хэдийгээр бид энэхүү дайнд гар бие оролцоогүй ч Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолыг ЗХУ-тай шууд холбон үзэж байсны хувьд дайн эхэлсэн өдрөөс Германы эсрэг Зөвлөлтийн ард түмний хийж буй тэмцэлд нэгдэн орсон билээ. Монгол Улс Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийлээд, ЗХУ-д бүх бололцоогоор туслахыг ард түмэндээ уриалсан билээ. Ийнхүү Монгол Улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсч, фашизмын эсрэг эвсэлд оролцох байр сууриа дэлхий дахинд эн тэргүүнд албан ёсоор зарласан анхны улсын нэг болжээ.
Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг энэ цаг үеэс “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч эхэлсэн юм.
Дайн эхэлсэн тэр үеэс үйлдвэрийн ажилчид төлөвлөгөөгөө 400 хувиас доошгүйгээр давуулан биелүүлэх, ээлжийн амралтаа авахгүй ажиллах, өдөр бүр хоёроос таван цаг илүү ажиллах, амралтын өдрөөр ажиллан Улаан армид туслах хөрөнгө хуримтлуулах санаачилга гаргасныг бүх л үйлдвэрийн ажилчид дэмжиж, улмаар амралтын өдрөөр ажиллах үзэгдэл нийтлэг болов. Түүнчлэн ард олноос фронтод мөнгөн тусламж үзүүлэх санаачилга гаргах болжээ.
Ард түмний дунд ийм хөдөлгөөн өрнөсөнтэй холбогдуулж, Ардын сайд нарын зөвлөлийн хурлын тогтоолоор “Бэлэглэлийн төв комисс” байгуулагдаж, даргаар нь жанжин Д.Сүхбаатар агсны гэргий С.Янжмаа томилогдов. Ингээд тус комиссоос ард түмнээс цугларсан бэлгийг зургаан хэсэг цуваа болгон Зөвлөлтийн Улаан армид хүргүүлж байжээ.
Зургаан цуваанд явуулсан бэлгийг доор дурдвал:
- Нэхий дээл – 37635 ширхэг
- Эсгий гутал – 92450 хос
- Үстэй бээлий – 53747 хос
- Нэхий болон үстэй хантааз – 51390 ширхэг
- Цэрэг бүс – 58800 ширхэг
- Ноосон цамц – 8290 ширхэг
- Нэхий хөнжил – 3321 ширхэг
- Мах – 680тн 100кг
- Зээр – 43503
- Зээрийн мах – 44тн
- Зэрлэг гахай – 730.6 тн
- Ятуу – 18985
- Хиам – 188.7 тн
- Цөцгийн тос – 15.6тн
- Нарийн боов – 13.1 тн
- Чанамал жимс – 80тн 12954кг
- Шувууны мах – 2364 тн
- Сүлжмэлийн зүйл – 4920 хос
- Чихэр – 36900кг
- Боов, боорцог – 10 тн 70400кг
- Эдийн саван – 113 тн 5060 кг
- Махор тамих – 83 гаруй тн
- Улаан архи – 33 торх
- Савхин дээл – 150ширхэг
- Шаахай -1000 хос
- Шинель – 13200
- Хөвөнтэй өмд, цамц – 3066
- Морин цэргийн эмээл – 1000
- Торгон савхин гутал -150
- Ажлын савхин гутал – 15100
- Ботинк – 3000
- Нисэгч нарын гутал – 500
- Цаначны малгай – 900
- Цагаан архи – 480 хайрцаг
- Бичгийн дугтуй – 56050
- Өврийн дэвтэр – 27875
- Нийтийн бэлэглэл – 127 авдар
- Хувийн бэлэглэл – 55609
- Тос – 96.5 тн
- Архи -8000 литр
- Папирос – 5.5 сая ширхэг
- Дах – 6766
- Гэрийн эсгий – 12336
- Суран бүс – 24000
- Эсгий гэр – 194
- Унадаг дугуй – 628
- Цагаан ултай үстэй сөөхий-2575 хос
- Эмнэлгийн шаахай – 10158
- Хүзүүний ороолт – 2000
- Ноосон бээлий – 2486
- Казах эмээл – 600 зэрэг савхин гутал, хүзүүний ороолт, хөвөнтэй хувцас, чихэр, лаазтай сүү, цаг, хутга, зүйл бүрийн хувцас, хөнжил, сахлын машин хутга, тамхи оролцуулсан 132 ширхэг бэлэг, нийт 205 тн хүнсний зүйлийг Зөвлөлтийн Улаан армид зургаан удаагийн цуваагаар илгээж байв.
Сүүлийн хоёр цуваанд “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” эскадрильд зориулсан бэлэг багтсан ажээ.
Монголын ард түмний хөрөнгөөр байлдааны зэвсэг хэрэгсэл бэлтгэж өгөх нь тусламжийн онцгой чухал хэлбэр хэмээн Монголын төр засаг үзсэн тул “Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цувааг байгуулах хөрөнгө цуглуулах ажлыг зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарчээ. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300кг алт, 100 мянган ам.долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн бөгөөд ард олноос хоёр сая орчим төгрөг цугларчээ.
Энэ бүхний үндсэн дээр танкийн бригадыг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын танк 32 ширхэг, Т-70 загварын танк 21 ширхгийг Улаан армид хүлээлгэн өгчээ.
Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид бэлэглэсэн бас нэгэн зүйлийн байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль билээ.
Мөн Улаан армийн хэрэгцээнд зориулан агт морьд худалдаж, бэлэглэх нь Эх орны дайны фронтод туслах нэг чухал ажил байв. Үүний дагуу малчин ардуудаас “Сайн морьд улсдаа худалдъя” уриан дор улсаас тогтоосо үнээр морьдд худалдах кампанит ажил орон даяар өрнөжээ. Энэ ажлын үр дүнд Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485 мянган морьд худалдаж, 32 мянга 538 шилдэг хүлгээ бэлэглэжээ. Улаан армид очсон монголын морьд дайны хүнд хүчрийг эр цэргийн адил үүрч Берлин орж, ялалтад хувь нэмрээ оруулсан билээ.
Үүнээс гадна, Монголын ард түмэн дайн дууссаны дараа ЗХУ-г орхисонгүй. Монголчууд Зөвлөлтийн чөлөөлөгдсөн нутгийг сэргээхэд зориулан хүчний ба үржлийн мал бэлэглэх болсон юм. Мөн 43 мянган төгрөгийн үнэ бүхий 4920 ширхэг хувцас нэхэж, чөлөөлөгдсөн нутгийханд илгээж, дайны улмаас өнчрөгсдөд Монголын ард түмнээс тусламж, бэлэглэл явуулах ажлыг өрнүүлж байв.
Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн
Холбоотой мэдээ