Д.Оюунхорол: МАН шаардлага тавиад харж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.09-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: МАН шаардлага тавиад харж байна

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос дараах тодруулгыг хийлээ.

 

-Сонгуулийн хуультай холбоотойгоор МАН-ын бүлгийн гишүүд байнгын хорооны хуралдаанд оролцсонгүй гэх яриа байна. Энэ үнэн үү. Парламентад суудалтай намууд Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй бол сонгууль болох хугацааг гурван сараар хойшлуулна гэх. Танд тодорхой мэдээллүүд байна уу?

 

-Төрийн ордон эл хуль, байнгын хороодын хуралдаан хойшилсон нь Ардчилсан намынхан ярьсан, хэлэлцсэн зүйлээсээ ухарч байгаатай л холбоотой. УИХ-аар 2016 оны төсөв хэлэлцэх үед сонгуулийн хуулиа хамгийн зөв байдлаар шийдье гэсэн. Монголын ард түмний өгсөн санал тоологддог, сонгууль шударга ил тод, саналаа өгсөн иргэд “Миний санал тоологдсон нь баталгаатай, би өөрийнхөө өгсөн саналыг хянаж үзье” гэж яриад байна. Сонгуулийн хуульд оруулах гол өөрчлөлтийнхөө нэгийг саналын хуудсыг автомат машинаар тоолъё, дээр нь гар хяналтын тоолого явуулъя. Сонгууль маргаангүй, будилаангүй болсон гэдгийг баталгаажуулах гол үндэс нь хоёр хэлбэрээр тоолсон байхад улстөрийн намууд ямар ч маргаан үүсгэхгүйгээр хүлээн зөвшөөрнө гэж үзсэн. Харамсалтай нь, энэ асуудлыг ярилцахгүй гэж Ардчилсан намын бүлэг шийдвэрлэсэн учраас УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өнөөдрөөс эхлэн байнгын хорооны хуралдаанд оролцохгүй бусад улс төрийн намуудтай хамтран сонгуулийг маргаангүй, шударга явуулах боломжийг хуулиар бүрдүүлж өг гэдэг шаардлага тавиад харж байна.

 

Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай олон асуудал бий. Жишээ нь Увсын тойргийн сонгуулийн маргаанаар Үндсэн хуулийн цэцэд үүсгэсэн гомдлын шийдвэр саяхан гарлаа. Бүтэн гурван жилийн дараа маргаан шийдвэрлэгдэнэ гэдэг Монголын ард түмний санал яаж үнэгүйдэж, ардчиллынхаа үнэт зүйлээс яаж ухарч байгаагийн бодит жишээ.

 

Өвөрхангайн тойргийн сонгуулийн маргааныг яаж шийдлээ. Дүүргийн нэг шүүгч сууж байгаад өрсөлдөгчөөсөө 6000 хүний саналаар илүүрхэж ялалт байгуулсан нэр дэвшигчийг нь цуцлаад шийдвэр гаргаж байх жишээтэй. Тийм учраас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуулийн маргааныг Улсын Дээд Шүүхийн гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэдэг байх, сонгуулийн маргааныг 60 хоногийн хугацаанд шийдвэрлэдэг байх гэдгийг хуульчлах ёстой гэж МАН үзэж байна.

 

-Ардчилсан намын зүгээс танай намд хандаад сонгуулийг есдүгээр сард зохион байгуулъя гэж санал тавьсан уу?

 

-Тийм санал тавиагүй. Одоогийн сонгуулийн хуулиар УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт зохион байгуулна гэж хуульчилсан байдаг.

 

-Хэрвээ сонгуулийг есдүгээр сард зохион байгуулах санал тавьбал яах вэ?

 

-Хуулиа л барина. Дэмжих боломжгүй.

 

-УИХ хуульд заасан хугацаанд багтаан Сонгуулийн хуулийг өөрчилж чадахгүй бол яах вэ?

 

-Хэрвээ УИХ 2015 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж баталж чадахгүй бол ирэх оны сонгууль 2011 онд баталсан хуулиар л явна.

 

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж