Ц.Оюунгэрэл: Сонгууль иргэдэд төрийг өөрчлөх боломж олгодог

Хуучирсан мэдээ: 2020.05.09-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл: Сонгууль иргэдэд төрийг өөрчлөх боломж олгодог

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт хийсэн ярилцлагуудаа багцлан хүргэж байна. Энэ долоо хоногийн ярилцлагын зочдоор УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар уригдаж, УИХ-ын 2020 оны сонгууль болон Covid-19 цар тахлын үед Монгол Улсаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг цаг үеийн асуудлыг хөндөж ярьсан юм.


Ц.Оюунгэрэл: Би орон нутгийн сонгуульд өрсөлдөнө

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирж, Монголын улс төр олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс ярилцлагаа улс төрийн сэдвээр шууд эхэлье. Таныг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж ойлгосон?

-Тийм ээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуульд өрсөлдөнө.

-Яагаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзав. Хэн нэгнээс шалтгаалав уу эсвэл өөр хүсэл зорилго байна уу?

-“Жорлонгоо өөрчилье” төслөө орон нутаг, нийслэлийн түвшинд хийж, хэрэгжүүлэхийг зорьсон учраас  орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн.

-Энэ жил хамгийн олон буюу 208 бие даагч нэр дэвшихээр болсон. Бие даагч олноор нэр дэвших нь намд итгэх итгэл буурсных уу, эсвэл УИХ-ын чадамж муудсаных уу?

-Нэгдгээрт, энэ бол намд итгэх итгэл суларсны илрэл. Намууд дотоод зохион байгуулалтаа эргээд харах шаардлагатай болсны дохио. Нэг ёсны сонгууль бол иргэдэд төрийг өөрчлөх боломж олгодог. Нөгээтэйгүүр, төрийг үүсгэж буй намуудыг ч өөрчлөх боломж гэж хүмүүс хардаг.  Тэгэхээр намыг  дотор нь орж өөрчлөх үү,  гаднаас нь өөрчлөх үү эсвэл төрд намаар дамжиж оролцох уу гэдэг нь  тухайн хүний сонголт.  Энэ утгаараа олон хүн бие дааж сонгуульд оролцох  нь тэд намаар дамжиж, энэ өөрчлөлтийг хиймээргүй байгаа учраас сонголтоо хийсэн гэсэн үг. Яагаад гэвэл тухайн хүмүүсийг татан авах ёстой намууд зохион байгуулалт болон тавьж буй шаардлага нь цаг үеийнхээ хүсэл эрмэлзэлд нийцэхгүй байгаагийнх. Мөн үзэл баримтлал, үзэл бодолтой нь санаа нийлэхгүй ч байж болно. Хоёрдугаарт, УИХ-ын босгыг намсгасан нь хуулийн үр дагавар мөн.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


"Сонгуульд оролцох нь үүрэг гэдгийг ухамсарлах ёстой"

МУИС-ийн багш Д.Бумдарьтай ярилцлаа.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бид УИХ-ын сонгуулиа хийх үү, хийхгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Ер нь бидэнд ийм нөхцөлд сонгууль явуулж байсан туршлага байхгүй. Тэгэхээр цар тахлын үед сонгууль явуулах боломж байна уу, та юу гэж харж байна?

-Монгол улсын хувьд дотроо алдсан тохиолдол байхгүй байна. Хөл хорионы байдал аажим суларч байгаа шийдвэр гаргаж байгаа зэрэг нь сонгууль явуулахад бидэнд одоогийн байдлаар саад болох зүйл байхгүй. Ээлжит сонгуулийг явуулах нь эрхзүйн бөгөөд дагалдах элдэв эрсдэлээс сэргийлэх болно.

-БНСУ-д цар тахлын үеэр анх удаа сонгуулиа зохион байгууллаа. Тэдний сонгуулийн үйл ажиллагаа, туршлагыг та судалж, харав уу?

-Дөрөвдүгээр сарын 15-нд Солонгос улс парламентын сонгуулиа хийлээ. Хамгийн гол анхаарал татсан асуудал нь цар тахал азидаа Хятадын дараах голомт болсон улсын хувьд хэрхэн зохион байгуулах бол, хир үр дүнтэй байх бол гэсэн дэлхийн анхаарлыг татсан сонгууль болсон. Солонгосын парламент 300 суудалтай, үүнээс 151 авахад эрх баригч болох боломжтой байдаг. Энэ удаагийн сонгуульд Democratic Party of Korea нам 16 жилийн дараа 180 суудал авч үнэмлэхүй ялалт авч чадлаа. Нарийвчлан хэлбэл 163 суудлыг тойргоос, 17 суудлыг хувь тэнцүүлсэн байдлаар авсан. Үнэмлэхүй гэж хэлэх шалтгаан нь Солонгосын парламент хууль батлахын тулд 60 хувиас дээш дэмжсэн байх зохицуулалтай бөгөөд 180 суудал бол хангалттай тоо юм. Энэхүү сонгуулийн ялалтыг дараах хүчин зүйлтэй холбож тайлбарлаж болно.

Хамгийн том нөлөө нь Ерөнхийлөгчийн коронавирусийн эсрэг авсан арга хэмжээ, шийдвэр юм. Тодруулбал, аль болох өргөн далайцтай вирусийн тест хийж халдвараас сэргийлж тоог бууруулсан нь итгэл төрүүлэхүйц бодит үйл ажиллагаа болсон байх. Мэдээж ганцхан коронавирусаар бүх үнэлгээ өгөхгүй нь тодорхой.

Жижиг дунд үйлдвэрлэл, ажилгүйдлийн бодлого, ялангуяа Хойд солонгосын талаар баримтлах бодлого нь эерэг үр дүн авчрахад нөлөөлсөн хэмээн судлаачид дүгнэн үзэж байгаа.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


"Бизнесүүдээ зогсоохгүйн тулд хөдөлгөөнт карантиныг бий болгох хэрэгтэй"

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Гадаад харилцааны яамны чиг үүрэгт гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хамаардаг. Covid-19 цар тахлын энэ үед гадаад худалдаа мэдэгдэхүйц буурч байгаа. Энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ. Гадаад эдийн засгаа идэвхжүүлэх, дотоодын эдийн засгаа хамгаалахын тулд танай яам энэ өдрүүдэд юу хийв?

-Гадаад худалдаа сүүлийн хоёр жил маш идэвхтэй хөгжиж, өрнөж явсны давуу тал хилээ хаасан  яг энэ гурван сарын хугацаанд мэдрэгдэж байна. Гадаад худалдаанаас хуримтлагдсан нөөц бололцоог ашиглаад сандрал, цочролд оролгүйгээр онцгой байдлын энэ өдрүүдийг даван туулаад явж байна. Мэдээж, цар тахлын улмаас гадаад худалдаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан. Экспорт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурсан байна. Энэ нь гадаад худалдаанд шууд нөлөөлөөд эхэлчихсэн. Дагаад Монгол Улсын валютын нөөцийн хуримтлалын өсөлт эрс саарч байна гэсэн үг. Одоо бид хуримтлуулсан нөөцөөрөө хэр удаан амьдрах бэ гэх асуудалтай нүүр тулж байна. Бид аль болох худалдааг чадахаараа явуулж байгаа. Тухайлбал, ОХУ, Европоос орж ирж буй бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн машиныг байнгын хяналттай конвойтой явуулж байна. Ингэх ч ёстой. Гэхдээ үүнийг явуулахдаа карантиныг саармагжуулахгүйгээр яаж худалдаагаа өсгөөд явах вэ, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээг хэрхэн авах вэ гэдэг нь өнөөдөр асуудал дагуулж байна. Энэ чиглэлд бид тал талдаа нэлээн шинэлэг зүйлийг харж ажиллах ёстой.

Карантин гэдэг зүйл байх ёстой. Эрүүл ахуйн шаардлага хангасан бөгөөд вирус тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн карантин заавал байх ёстой. Гэхдээ манай улсын хэрэгжүүлж буй карантины арга хэмжээнд үүнээс хэтэрсэн, эрүүл ахуйн шаардлага, вирус тархахгүй байх нөхцөлтэй ямар ч холбоогүй саад тотгорууд олон байна. Бид өнөөдөр хэрэгжүүлж буй карантины нөхцөл байдлаа шинээр харж, урт хугацааны карантин тогтоох шаардлага гарах үед яаж худалдаа эдийн засгийнхаа харилцааг унагаачихгүйхэн шиг цааш нь авч явах вэ гэдэг шинэ тогтолцоог бодохгүй бол болохгүй болчихлоо.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


“Ээж минь төр засагтаа гомдож явдаг”

Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмид ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Бүх ард түмний найрамдлын одонгоор шагнуулсан юм. “Фронт” С.Цэгмидийн хүү Ц.Гомбосүрэнтэй ярилцав.

–Та сайхан хаваржиж байна уу. Ээжийнх нь бие лагшин тунгалаг уу?

-Ээжийн минь бие лагшин тунгалаг. Ухаан санаа нь саруул. Фронт руу хамт явсан хүмүүсээ бүгдийг нь нэрлэнэ шүү дээ. Насны эрхээр чих жаахан хатуу, нүд нь муудаж байх шиг байна даа.

-Ээж нь нутагтаа суурин байгаа юу?

-Ээж маань нутагтаа суурин байдаг. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаасаа зүүн хойшоо Ташаа гэдэг газар хаваржиж байгаа.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Бид эцэг, эхээс зургуулаа. Ээж минь хоёр хүү, дөрвөн охинтой. Би чинь 25 настайд нь төрсөн том хүү юм.

–Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсны амьд гэрч болон үлдсэн хүн бол С.Цэгмид гуай. Галын шугаманд очсон тухайгаа хэрхэн дурсан ярьдаг вэ?

-Ээж маань тэр үед 19-хөн настай байсан. Ээжийг минь 18 насандаа нэгдлийн 500 хонь маллаж “Улсын сайн малчин” болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан учраас фронт руу явуулсан юм билээ. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болж, Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очсон гэдэг. Тухайн үед цувааг ахлан явсан Маршал Х.Чойбалсан, хурандаа Г.Бумцэнд нартай хамт авахуулсан зураг хөрөг нь бий. Фронтоос буцахдаа Ленинградаар дайрч, И.Сталинтай гар барьж, ээжид “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж хэлж байсан гэдэг.

Ээж маань галын шугаманд байлдаж байгаа дайчид, нисгэгчтэй уулзаж, ЗХУ-ын баатар, нисгэгч П.В.Носовтой зураг хөргөө авахуулж, их буугаар буудсан гэж байгаа. Цаанаасаа 30 гаруй герман нухчихсан гэж хариу өгсөн гэдэг юм билээ. Тэрбээр дурсан ярихдаа”Дээгүүр бууны сумнууд зөрөлдөөд л, хоноглох байр байхгүй нуувчинд хонож, баригдсан германтай хүртэл уулзсан. Цэргүүд “ЗХУ-ын юунаас айдаг вэ” гэхэд герман цэрэг “катюша”-гаас айдаг” гэж хариулж байсан гэсэн. Өөрөө бол их юм ярина.

Тэндээ долоо, найман өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгсөн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байсан гэдэг. Тухайн үед эх орноо төлөөлөн олуулаа явсан гэдэг юм. Одоо бол ганц ижий л үлдээд байна даа.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж унших боломжтой.


Л.Мөнхтүшиг: Турк, Энэтхэг улсаас 500 орчим иргэнийг татан авна

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс дараах тодруулгыг хийлээ.

-Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авахаар тусгай үүргийн нислэг үйлдэхээр боллоо. Нийт хэчнээн иргэнийг татан авах вэ?

-Турк улсаас эх орондоо буцах хүсэлтэй 600 орчим иргэн байна. Энэтхэг улсаас 430 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн. Эх орондоо буцах хүсэлтэй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг бүртгэлжүүлж эхэлсэн. Энэ тоо өдөр бүр нэмэгдэж байна. Онгоцны багтаамж  250 хүний суудалтай гэж тооцвол 500 орчим хүн ирнэ гэж ойлгож болно.

-Турк, Энэтхэг улсаас эх орондоо ирэх иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа юу. Ийм боломж нөхцөл нь тухайн улс орнуудад  хэр байна вэ?

-Турк улсад халдварын нөхцөл байдал тогтворжих хандлагатай байна. Гэхдээ тайвшрах болоогүй. Иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулах боломжоор хангуулахаар Станбул дахь Ерөнхий Консулын газар ажиллаж байна. Эхнээсээ хувийн лабораторуудтай холбогдож эхэлсэн. Төлбөр тооцооны судалгааг ч бас гаргасан. Энэ тухай мэдээллийг онгоцонд зорчих эрх нь баталгаажсан хүмүүст хүргүүлж, шинжилгээнд хамруулна.

Энэтхэг улсын тухайд 1.2 тэрбум гаруй хүн амтай. Тус улсад дотоод хөл хорионы хатуу дэглэмийг  тавдугаар сарын 17-н хүртэл тогтоосон. Тус улсаас ирэх иргэдийг халдвар зөөвөрлөж ирэх эрсдлийг хамгийн доод түвшинд байлгах чиглэлээр анхаарч ажиллана.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.


Монголд пүүзний соёлыг дэлгэрүүлэгч

Пүүз бол монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон. Тиймээс пүүзний соёлыг Монголд дэлгэрүүлж яваа K50 дэлгүүрийн эздийн нэг С.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Дэлгүүрийн чинь нэр "К50" гээд их өвөрмөц юм.Гэхдээ яагаад оргинал пүүзээр дагнах болов?

-"K50" гэсэн дэлгүүрээ зургаан сарын өмнө найзтай хамтраад нээсэн.  Дан пүүз зарахаар шийдсэн. Аль болох хямд үнэтэй, оригналь пүүзнүүдийг Монголын зах зээлд худалдаалахыг хүссэн. Манай найзыг н.Пүрэвдагва гэдэг.  Дэлгүүрийн маань анхны нэр EMP K50. Одоо бол зүгээр K50 болсон. 2009 оноос хойш “Duud”, “Fan shop”, “Tokyo shop”, “Chicago shop” гэх зэрэг олон дэлгүүрүүдэд хөрөнгө оруулалт хийж, аль болох хямд үнэтэй, оригналь пүүзнүүдийг Монголын зах зээлд худалдаалах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байлаа. Анх энэ дэлгүүрийнхээ байранд ирэхэд хов хоосон, коридор байсан учир дэлгүүрээ хоосноос эхлүүлж байгаа юм чинь “Empty” гэж үгний EMP-ийг нь аваад мөн дээрээс нь манайх чинь 50 мянган төгрөгний такстай дэлгүүр учир K50 гэж нэмж өгвөл хүн болгонд ойлгомжтой юм байна гэж бодоод л нэрлэсэн.

K50 бол зөвхөн хоёрхон хүний хөдөлмөр биш нийт пүүз сонирхдог хүмүүсийн эв санаа, бодол, ур ухаан шингэсэн дэлгүүр гэж боддог.

2009 оны хоёрдугаар сард анх намайг Япон улсад байхад Японоос Монгол руу айхтар их пүүз орж ирдэггүй байсан юм. Хүүхэд байхдаа гоё  оргинал пүүз өмсөхийг мөрөөддөг байлаа.  2000-аад онд Монголд оргинал пүүз өмсдөг хүүхэд цөөхөн байсан даа. Тэгээд Японд очоод  пүүз худалдан авч, зарж үзье бодсон. Монгол руу  анх гурван хос пүүз заруулахаар явуулж байлаа. Хурдан зарагдсан, урам ч орсон.

Дэлгэрэнгүйг ЭНЭ линкээр орж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж