Хятадын дарга Мао Зедун, Дэн Сяопин нарын орчуулагчаар ажиллаж байсан хүндэт дипломат Жи Чаозу 90 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Их Британид суух элчин сайдаар олон жил ажилласан байв.
Жи Чаозу Харвардын их сургуульд суралцаж байсан ч Солонгосын хойгийн дайнд АНУ болон Хятадын цэргүүдийн хооронд ширүүн тулаан өрнөснөөр их сургуулиа орхин Бээжинд эргэн иржээ. Тэрбээр англи хэлээр чөлөөтэй харилцдаг байсан учраас Солонгосын хойгийн Панмунжом тосгонд болсон дайсагнагч талуудын энхийн яриа хэлэлцээнд оролцсон аж. Тэр цагаас эхлэн тэрбээр Хятадын гадаад хэргийн сайд Зоу Энлайгаас эхлээд удирдагч Мао Зедуны орчуулагчаар ажиллаж эхэлжээ. Мао Зедуныг нас барсны дараа тэрбээр үргэлжлүүлэн Дэн Сяопиний орчуулагчаар ажиллаж байв.
Хожим тэрбэр Фижи, Их Британи дахь Хятадын элчин сайдаар ажиллаж, НҮБ-ын хөгжлийн дэмжлэг болон менежментийн үйлчилгээ хариуцсан дэд нарийн бичгээр таван жил ажилласан байна. Тус албан тушаал нь 1996 онд татан буугдсан. Сүүлд Жи Чаозу нь Гадаадаас эргэн ирсэн хятадуудын “Бүх Хятадын холбоо”-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2005 онд огцорчээ.
Жи Чаозу нь 1929 онд Хятадын хойд хэсгийн Шааньси мужид чинээлэг гэр бүлд төрсөн ба есөн настайдаа гэр бүлийн хамт АНУ-руу нүүсэн байв. Тэрбээр ахынхаа хамт Нью-Йорк хотноо хувийн сургуульд суралцаж, АНУ-ын соёл болон англи хэлэнд суралцсан байна.
Эх сурвалж: Associated Press