Засгийн газрын тавдугаар сарын 6-ны хуралдаанаар сургалтын төвүүдийг үе шаттай нээх, мөн төгсөх ангийн буюу арванхоёрдугаар ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхөөр болсон талаар мэдээлсэн.Тэгвэл Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын давтлага хэрхэн өгөх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр /2020.05.08/ мэдээлэл хийлээ.
ТАВДУГААР САРЫН 11-ЭЭС АРВАНХОЁРДУГААР АНГИУДАД ДАВТЛАГА ӨГНӨ
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар 166 дугаар тогтоол батлагдан гарч өмнөх 139 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан.Ингэснээр Ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ 2019-2020 оны хичээлийн жилийн арванхоёрдугаар ангийн сурагчдад сургууль дээр нь ЭЕШ-д бэлтгэх зорилгоор давтлага зохион байгуулахыг зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулж, ямар заавраар зохион байгуулах тухай зааврыг БСШУСЯ-ны сайдын тушаал гарсан.
Тавдугаар сарын 11-ээс эхлээд нэг сарын хугацаанд ЕБС-ийн арванхоёрдугаар ангиуд давтлага хичээл зохион байгуулна. Монгол Улсын хэмжээнд 596 сургууль дээр давтлага хичээлийг зохион байгуулагдана. Нэг ангид 10-15 хүүхэд давтлага хичээлд хамрагдана.
Хүүхдийн суудал хоорондын зайг 1.5 метр байлгах гэх зэргээр мэргэжлийн байгууллагаас гаргасан эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахина. Хүүхдүүд зөвхөн хуваарилагдсан суудалдаа сууж, давтлага хичээлээ авна.Үүнээс гадна Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бэлдэх сурагчдад давтлагын хувиар боловсруулах зөвлөмж хүргүүлсэн. Сурагчдын орох, гарах урсгалыг мөн тооцоолсон. Сургуулийн төв хаалгаас гадна өөр бусад аваарын гарц, хаалгыг ашиглана.
Нэгдүгээр давхарт хичээллэх хүүхдүүд төв хаалгаар, хоёрдугаар давхарт хичээллэх хүүхдүүд баруун жигүүрийн хаалгаар, гуравдугаар давхарт хичээллэх хүүхдүүд зүүн жигүүрийн хаалгаар орно гэхчлэн зохион байгуулалтуудыг хийсэн. Хүүхдүүдийг нэг хаалгаар чихэлдэж оруулахгүйн тулд орох урсгалыг ийм байдлаар шийдсэн.
Сургуулиуд дээр хичээлийн бэлтгэл хуваарилалт гарч, халдваргүйжүүлэлт хийгдэж байна. Энэ жилийн ЭЕШ-д ойролцоогоор 31 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн. Нэг хүүхэд дунджаар гурван хичээлээр шалгалт өгөх тооцоолол байна. Тиймээс гурваас дээш тооны хичээлээр шалгалт өгөх бол сонголтоор гурван хичээлийн давтлагад суух боломжтой. Давтлага хичээлд сурагчдыг заавал хамрагдахыг шаардахгүй. Давтлагад суухгүй байлаа гээд ямар нэгэн байдлаар жилийн эцсийн үнэлгээнд нөлөөлөхгүй" гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ