Г.Тэлмэн: Бодлого зохицуулалт амьдрал дээр гарч ирэх шинэ үзэгдлийг дагаж явах ёстой

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Г.Тэлмэн: Бодлого зохицуулалт амьдрал дээр гарч ирэх шинэ үзэгдлийг дагаж явах ёстой

Бид түрүүлж хөгжиж, шинийг түүчээлдэг учраас заримдаа зохицуулалтгүй орчинд ажилладаг. 

Г.Тэлмэн: Бодлого зохицуулалт амьдрал дээр гарч ирэх шинэ үзэгдлийг дагаж явах ёстой

Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа.

-Хувьцаа эзэмшигчдийн хурлаа та бүхэн цахимаар маш амжилттай зохион байгуулсан. Ер нь энэ цар тахал цахим хэрэглээг хүн төрөлхтнөөс салгаж ойлгох аргагүй чухал бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүргэлээ. Ард Кредит үйл ажиллагаагаа эл өөрчлөлтөд хэрхэн нийцүүлж байна вэ?

-Манайхан “Цахим шилжилт хийнэ” гэж хаана хаанаа их ярьсан. Төр засаг хийгээд хувийн хэвшлийн зарим байгууллага цахим шилжилт хийхээ зарласан ч хойрго хандаж ирсэн л дээ. Харин “Ковид-19” нийгэм, эдийн засгийн асар том өөрчлөлт авчирлаа. Коронавирус цахим шилжилтийг 10 жилээр наашлууллаа гэж олон улсын судлаачид хэлж байна. Наад захын жишээ дурдахад, цахимаар хуралдах, сургалт зохион байгуулах нь энгийн зүйл боллоо. Манай цахим худалдааны бизнесийн төлөөлөл “Ард шоп”-ын үйл ажиллагаанд ч илт мэдрэгдэж байна. Цахим худалдааг ойшоодоггүй байсан томоохон байгууллагууд хүртэл “Ард шоп”-д бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байршуулахаар хандах нь эрс нэмэгдсэн.

Бидний хувьд гэнэт үүссэн нөхцөл байдалд дасан зохицох гэхээс илүүтэй цахим шилжилт гарцаагүй болохыг хэдийн олж харж, үүнд бэлтгэж, өдөрт тутмын үйл ажиллагаандаа төлөвлөгөөтэйгөөр нэвтрүүлж ирсэн цөөхөн байгууллагын нэг. Ард Кредит, ер нь Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниуд энэ чиглэлд манлайлж, урьдчилан харж чадсан. Манайд ухаалаг утас, цахим  хэрэглээ харьцангуй өндөр гэгддэг ч мэдээ, мэдээлэл олж авах, нийгмийн сүлжээ ашиглахаас хэтэрдэггүй гэхэд болно. Бид үүнийг шат ахиулж, бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломж болгон хувиргаж байна. Санхүүгийн үйлчилгээ авахын тулд биечлэн очиж, цаг заваа зарцуулахаас гадна бичиг цаас бүрдүүлдэг уламжлалт хандлагыг цахим хувьсгал өөрчилж, хөнгөвчилж байна.

Энэ нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зэрэг томоохон өөрчлөлт дагуулж байгаа. Ер нь Ард Санхүүгийн Нэгдлийн баг аливаа ажлыг хийхдээ шинэ тутам зүйл байлаа ч төр засгаас хэзээ зохицуулах бол гэж хүлээлгүй, хэрэглэгчдэдээ хэрэгтэй бүхний төлөө өөрсдийгөө сорьж, санал, санаачилгаа гарган, олон нийт хийгээд эрх бүхий байгууллагад нь ойлгуулахыг хичээж ирсэн. 2000-гаад оны эхээр Монголын санхүүгийн салбарт банк, хадгаламж зээлийн хоршоо хоёр л байсан. Тэр үед Ард Санхүүгийн Нэгдлийн Ч.Ганхуяг захирал банк бус санхүүгийн байгууллага зайлшгүй байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээр Монголбанкныхантай хамтарч хууль, дүрэм, журмыг нь боловсруулан, салбарын хөгжлийн суурийг тавьсан байх жишээтэй. Хэдийгээр заримдаа зохицуулалтгүй зүйлээр оролдлоо гэж шүүмжлүүлдэг ч бодлого хүлээж биш, түрүүлж хөгжиж, түүчээлдгийн жишээ энэ л дээ.

-Цар тахлын сургаар цахим шилжилтийг эхлүүлээгүй та бүхний хувьд бүх ажил төлөвлөгөө, стратегийн дагуу өрнөж байгаа болов уу. Бэрхшээл, хүндрэл тулгарч байна уу?

-Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оноос мөрдөж эхэлсэн. Энэ хуулийг батлахаас өмнө цахим төлбөр тооцоо, үйлчилгээг зөвхөн банкууд үзүүлж байсан юм. Уг хууль хүчин төгөлдөр болсноор банк гэлтгүй бусад байгууллага ч ийм үйлчилгээ үзүүлэх бололцоо бүрдсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл уг хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа эрх бүхий байгууллагууд ч, хэрэглэх гэж байгаа манайх шиг компаниуд ч дутуу ойлголттой байх шиг.

Жишээ нь: Манайх банк бус санхүүгийн байгууллагын хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан. Тэрхүү зөвшөөрлийн дагуу бид “Ард” аппликейшнээрээ дамжуулан үйлчилгээ үзүүлж ирлээ. Гэтэл энэ хууль батлагдсанаар уг зөвшөөрлийг зөвхөн Монголбанк олгодог болсон. Тиймээс ч бид цахим мөнгөний зөвшөөрөл хүсэж Төв банкиндаа хандаад байгаа. Тэд удаалгүй бидэнд зөвшөөрөл өгнө гэдэгт итгэлтэй байна. Ер нь шинэ хууль, түүнийг дагаж мөрдөх журмын талаарх ойлголтын зөрүүгээс болж хаана хаанаа цаг алдах явдал байгааг үгүйсгэхгүй. Ингэж хугацаа алдах хооронд тэр хэрээр хэрэглэгчид энэ үйлчилгээг авах боломжоо алдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч талаас өндөр хүлээлт үүсгэж байна. Зээл гэлтгүй бүх төрлийн үйлчилгээг цахимаар авах гэсэн хэрэглэгчийн тоо улам бүр нэмэгдэж байгаа учраас бид тэдний хүлээлтэд хүрч ажиллахын төлөө зорьж байна.

-Цахим мөнгөний зөвшөөрлөө авснаар та бүхэн хэрэглэгч, харилцагчдадаа ямар боломж бий болгоно гэж хэлэх вэ? 

Илүү далайцтай үйлчилнэ. Төлбөр тооцоогоо цахимаар хийх сонирхолтой байгууллагууд бидэнтэй нэгдэх боломжтой. Тэдгээр байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг манай 205 мянган хэрэглэгч хэрэглэхэд илүү хялбар болно. Улмаар өрсөлдөөн нэмэгдэнэ. Зөвхөн банк л энэ үйлчилгээг үзүүлдэг байсан цаг саяхан шүү дээ. Эцсийн дүндээ энэ бүхний үр ашгийг хэрэглэгчид л хүртэнэ. Бид шуурхай ажиллаж, үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэснээр зээлийн хүүгээ бууруулахад нэг алхам урагшилж байна гэсэн үг. Мөн манай санхүүгийн системийн 90-97 хувийг дангаараа эзэлж буй банкнуудаас гадна энэ орон зайд шинэ тоглогч гарч ирэх хөшүүрэг болох юм. Жишээ нь, өнгөрсөн жил банкны зээлийн актив 0.9 хувиар өссөн бол банк бус санхүүгийн байгууллагынх 34 хувиар өссөн. Тэгээд ч өнөөдөр зах зээл нь байгаа учраас банк бус санхүүгийн 535 байгууллага үйл ажиллагаа явуулан, бойжиж, дэвшиж байна. Энэ нь нэг талаас ямар олон хүн, байгууллага банкны үйлчилгээ авч чадахгүй байгааг харуулж буй хэрэг. Банкны өндөр босгыг давж чадахгүй байгаа нь бидэнд хандаж байна.

-Гэхдээ л банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү өндөр байна. Зээлийн хүүг бууруулахад анхаарч ажиллахыг танай компанийн хувьцаа эзэмшигчид ч онцгойлон анхааруулж байсан шүү дээ. 

Дээр ярьсанчлан үйл ажиллагаандаа технологийн шийдлүүд нэвтрүүлж, төр, засгийн зүгээс ч бодлого, шийдвэрүүдээ тодорхой болгоод явбал зээлийн хүү багасах алхамуудын нэг болно. Нөгөө талаас банк бус санхүүгийн байгууллагынхан банкууд эрсдэлтэй гэж үзээд хүлээж аваагүй зах зээл дээр ажиллаж буйг анзаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өндөр хүүгээр өндөр эрсдэлийн тодорхой хэсгийг хааж байгаа юм. Үндсэндээ барьцаагүй зээл олгож байгаа нөхцөлд энэ өндөр эрсдэлтэй дүйцэх хэмжээний хүү тавих нь зүйн хэрэг.  Үүнээс гадна санхүүгийн харилцаанд огт орж байгаагүй хүмүүс ч бидэнд ханддаг. Энэ нь бид тэднийг бэлтгэж, боловсруулж, санхүүгийн боловсрол олгож ирсэн..

Ард Кредитын хувьд харилцагч зээлийн нөхцөлөө удирдах боломжийг бий болгоод удаагүй байна. Өөрөөр хэлбэл, олон удаа зээл авах тусам хүү нөхцөл нь буурч байгаа. Манайхаар анх удаа үйлчлүүлж байгаа хүн, 10 дахь удаа зээл хүсэн хандаж байгаа хүний төлөх хүү асар ялгаатай байна гэсэн үг. Тухайн харилцагч өмнө нь удаа дараа Ард Апп ашиглан үйлчлүүлж байгаад анх удаа манайд биечлэн хандлаа ч бидний хооронд хэдийн итгэлцэл, хамтын ажиллагаа тогтчихсон байх жишээтэй. Үүгээр бид харилцагчиддаа маш хурдан шуурхай үйлчлэх харилцааг цогцлоож буй гэж ойлгож болно. Магадгүй банкны хүүтэй дүйцэх хэмжээнд ч хүрсэн харилцагчид ч байна. Харилцагч маань хариуцлагатай байж гэмээнэ зээлийн хүү үе шаттайгаар буурах боломж бүрдэж байгаа юм. Үүнээс өмнө бид үйлчилгээний шимтгэлээ ийм хэлбэрээр бууруулсан. Хамгийн гол нь Ард Кредит, харилцагч хоёрын хооронд харилцсан түүх нь байгаа учраас урт хугацаанд, их хэмжээний зээлийг хүү багатайгаар олгох боломжтой. Магадгүй одоо үзүүлж буй бүх үйлчилгээгээ уламжлалт хэлбэрээр явуулбал бидний зардлыг үлэмжээр нэмэх маш олон салбар нэгж, ажилтан хэрэгтэй болох биз. Гэтэл бид тэр бүхнийг хэдхэн хормын дотор шийдвэрлэж чадаж байгаагаар бид урт хугацааны өрсөлдөх чадвараа бэхжүүлж байна гэж ойлгож болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж