Чуулган: Барилга, инженерийн цэргийн анги байгуулна

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Барилга, инженерийн цэргийн анги байгуулна

Чуулган: Барилга, инженерийн цэргийн анги байгуулна

Posted by News.mn on Thursday, May 7, 2020

14 : 06
2020-5-8

Чуулган: Майдар, Аеросити хот байгуулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Мөн хуралдаанаар Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг төслийг үдээс өмнө байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Төв аймгийн Сэргэлэн аймагт Майдар, Аеросити хотуудыг байгуулахаар тогтоолд тусгажээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг дэвшил бол хот суурин газрын бий болгох, хот суурингуудад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг шилжүүлэх асуудал орж ирсэн. Өнөөдрийн энэхүү шийдвэрийг дэмжиж байна. Энэ шинээр байгуулагдах хоёр хотууд орчин үеийн хотын түвшинд аваачиж хөгжүүлэхийн тулд засаг, захиргааны зарим чиг үүргийг сумаас авахгүй, хот нь өөртөө шингээсэн байдлаар зохицуулна гэж харж байгаа. Энэ асуудлыг хэзээ оруулах вэ.

Ажлын хэсэг:

-Хот байгуулахад шаардлагатай эрх зүй, бүтээн байгуулалттай холбоотой нийтдээ найман бүлэг 170 гаруй ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа. Үүний дагуу хот байгуулах шийдвэр гарснаар дараагийн ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдээд явах юм.

Ингээд тогтоолын төслийг дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

12 : 28
2020-5-8

Чуулган: У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Засгийн газрын тухай хуульд нийтдээ 69 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ.  Хэлэлцэж буй төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Засгийн газрын тухай хууль хэр зэрэг алдаагаа засч, судалгаанд үндэслэсэн өөрчлөлт вэ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тухай хууль батлагдаад 27 жил болж байгаа, 69 удаа өөрчлөлт оруулж байжээ. Бодит судалгаанаас харахад бидний хөгжил хол хоцорсон байна. Ер нь цаашид бид Засгийн газрын тухай хуулийг судалж, нягталж хийх байсан болов уу.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Үндсэн хуулийг өөрчлөх нэг шалтгаан гүйцэтгэх засаглалыг сайжруулж,  эрх мэдлийг нь нэмэгдүүлэх агуулгаар баталсан. Сүүлийн 28 жилийн хугацаанд хоёр л Засгийн газар бүрэн ажиллаж бусад нь огцорсон нь төрийн тогтворгүй байдал руу явуулсан. УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарласан, төсөв санхүүд дураараа оролцохыг багасгасан зэрэг өөрчлөлтүүд нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлсэн. Энэ мэт Засгийн газраа тогтвортой ажиллуулахыг бодолцож, Засгийн газар хуулиа боловсруулж оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөлт оруулах хугацаа нь өөрөө хуулийн зөрчил болно. Үндсэн хуулийн байгууламж, найман зүйлээр үйл ажиллагааг нь тодорхой заачихсан байгууллага. Энэ нэмэлт, өөрчлөлтийн дагуу мөрдөх эрхтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журам нь Үндсэн хуулийн хэмжээний үндсэн бичиг баримт биш. Хуулийн маргаан үүснэ гэдгийг удаа дараа хэлж байна. Сонгууль дөхлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар огцор гээгүй, хуулийн маргаан үүснэ гэж сөрөг хүчин сануулж байгаа юм. Би хуулийн үйлчлэлийг тавдугаар сарын 25-ны өдөр зарчмын санал тусгуулахад он сарын  нь аваад хаячихсан байна. Тиймээс У.Хүрэлсүх сайд тавдугаар сарын 25-ны өдөр бүтцээ өөрчлөх захирамж гаргах Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүрэгтэй хүн шүү гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журамд шинэ хууль баталсан цагаас эхлэн мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн үйлчлэлийг шинэ УИХ бүрдсэний дараа, шинэ Засгийн газар бүрдэх үеэс хэрэгжиж эхэлнэ. Хууль зөрчсөн зүйл байхгүй.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Хуулийн төслийн 21 дүгээр зүйл дээр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг зохицуулсан байгаа. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорно гэсэн заалт бий. Тэгвэл Ерөнхий сайд чөлөөлөгдвөл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр чөлөөлөгдөх үү. Бүрэлдэхүүн нь хэвээр үлдэж, бүрэн эрхээ дуусгавар болгох уу. Мөн Ерөнхий сайд тодорхой үндэслэлүүдээр чөлөөлөгдсөн, бүрэн эрх нь дуусгавар болсон үед шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл Шадар сайд түр үүргийг орлоно гэж заасан. Тэгэхээр огцорвол хэн хариуцах вэ, чөлөөлөгдвөл хэн байх вэ гэдгийг нь тодорхой болгож, нэмэх нь зөв болов уу.

Ажлын хэсэг:

-Засгийн газраас өргөн барьсан тухай хуулийн төслийн 21 дүгээр зүйл Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлж, дуусгавар болно гэж байгаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тохиолдолд тухайн Засгийн газрын гишүүн нь дахин томилогдох зохицуулалтыг нэмж, дэмжигдсэн байгаа.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулж, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

11 : 59
2020-5-8

Чуулган: Барилга, инженерийн анги байгуулна

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Зүүн чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулахад тус болох заалт энэ хуульд орсон уу. Цэргийн албанд амжиргааны түвшин доогуур айлын хүүхдүүд ордог. Үр дүн багатай байдаг. Тиймээс бүтээн байгуулалтад цэргүүдийг хамруулж, цалин, урамшуулалтай болгох заалт оруулах уу. Цэргийн албыг хугацаатай болон хугацаагүй, гэрээт гэх мэт байдлаар явах боломж байна уу. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Төмөр замын томоохон бүтээн байгуулалт өрнөж байгаа бөгөөд зэвсэгт хүчнийхэн гар бие оролцон ажиллаж байна. Жилд 80-90 мянган цэргийн албаны настан байдгаас гурван хувийг л цэрэгт хамруулах боломж, төсөв санхүүтэй байгаа. Энэ хуулийн том зүйл нь барилга, инженерийн цэргийг бие даасан болгож, бүтээн байгуулалтад оролцуулж, гэрээт цэргийн алба хаах, цалин хөлс нь аж нэгж компанид ажиллаж байгаа шиг жишигтэй байх, бүтээн байгуулалтад оролцох нь зүйтэй юм гэсэн Ерөнхийлөгчийн санал энэ хуульд тусаад явж байгаа. Цэргийн албанд алба хаасан залуус улирах сонирхол нэмэгдэж байгаа. Цэргийн албанд алба хаах сонирхол маш их нэмэгдэж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Барилга, инженерийн цэргийн анги нээхийг зарчмын хувьд дэмжиж байгаа. гэхдээ барилга, бүтээн байгуулалтын ажил олон жил үргэлжилдэг учраас нэг жилийн цэргийн алба хаахтай хэр зохицож байгаа вэ. Цэргийн албыг хоёр жил болгох боломж байна уу. Манай залуучууд эрчүүд гэхээс илүү бие бялдрын хувьд суларсан. Цэргийн алба бол хөдөлмөрч, бие бялдрын хувьд сайжруулдаг. Тиймээс хөдөлмөрлүүлж, урамшууллаа аваад явдаг байдлыг бий болгох нь зөв гэж бодож байна. Яагаад өмнө нь цэргийн алба хаах жилийг нэмэгдүүлэх боломжтой юу. Нэг жилийн цэргийн албыг яг хэдэн хүн хааж байна вэ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Жилд 80-90 мянган залуус цэргийн насанд тэнцэж орж ирдэг, гурван хувь нь л цэргийн алба хашиж байна. Цэргийн алба бол бие хүн, эрх хүн болгох амьдралын сургууль байсан. өнөөдрийн бодит нөхцөл гурван хувиас хэтрэхгүй байгаа. Тиймээс хуульд орж буй өөрчлөлт нь барилга, инженерийн албыг байгуулж,  мэргэжил олгож, бүтээн байгуулалтад оролцох боломжийг нь нээж өгч байгаа юм. Нэг жил цэргийн мэргэжил, цаашид бүтээн байгуулалтад оролцох боловсон хүчин болох боломжтой болж байгаа юм. Цэргийн алба маш их зардалтай, өнөөгийн бодит нөхцөл байдалтай холбоотойгоор жил нь бага байдаг. 

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. 

10 : 11
2020-5-8

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
1.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
3.“Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
4.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
5.“Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж