Германы хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан, домогт довтлогч Мирослав Клозе дараагийн улирлаас эхлэн Бундеслигийн Байерн Мюнхен багийн туслах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ. Энэ тухай Мирослав Клозе хэлэхдээ “Миний дасгалжуулагчийн замналдаа хийсэн том алхам боллоо” хэмээжээ.
Энэ улирлын Германы Бундеслигийн тоглолтууд тавдугаар сарын 16-наас эхлэн үргэлжлэн явагдах шийдвэр гарсан.
Байерн Мюнхен баг өнгөрсөн сард ахлах дасгалжуулагч Ханси Фликийн гэрээг сунгасан билээ. 2014 онд Германы шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-нд түрүүлж Мирослав Клозе тус багт тоглож байхад Ханси Флик туслах дасгалжуулагчаар нь ажиллаж байсан. Ханси Фликийн тухай Мирослав Клозе “Бид шигшээ багт байхаасаа л эхлэн бие биенээ сайн мэднэ. Бид бие биедээ мэргэжлийн талаасаа ч, хувь хүнийхээ талаас ч итгэдэг” хэмээн ярьжээ.
Мирослав Клозе Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд 2001-2014 онуудын хооронд хүчин зүтгэж, 137 тоглолтонд 71 гоол оруулсан үзүүлэлттэй. Харин 2007-2011 онуудын хооронд Байерн Мюнхен багт тоглохдоо 98 тоглолтонд 24 гоол оруулсан байна. Өдгөө 41 настай тэрбээр 2016 онд зодог тайлсныхаа дараа хүүхдийн баг дасгалжуулж байсан юм.
Холбоотой мэдээ