МОНГОЛ хар жагсаалтад орсныг албан ёсоор зарлав

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

МОНГОЛ хар жагсаалтад орсныг албан ёсоор зарлав

МОНГОЛ хар жагсаалтад орсныг албан ёсоор зарлав

Монгол Улс бусад 11 орны хамт Европын Холбооны хар жагсаалтад орох гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Европын Комисс  өчигдөр /2020.05.07/ ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ /Action Plan/ албан ёсоор танилцуулжээ. Тус комиссоос бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд ирэх 12 сарын хугацаанд Европын Холбоо дээрх гэмт хэрэгтэй тэмцэх дүрэм журмыг илүү сайн мөрдөх, хянах, зохицуулах тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Европын комиссийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис хэлэхдээ "Санхүүгийн системд нэвтэрч буй бохир мөнгөний урсгалыг бид зогсоох хэрэгтэй. Өнөөдөр бид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг цогц, алсын хараатай болгохын тулд хамгаалах системээ улам бүр сайжруулах арга хэмжээг авч байна. Европын холбооны дүрэм журам ба тэдгээрийн хэрэгжилтэд ямар нэгэн цоорхой үүсэх ёсгүй. Энэхүү арга хэмжээг авах нь мөнгө угаахтай тэмцэх олон улсын стандартыг бэхжүүлэхэд ЕХ-ны үүргийг улам бэхжүүлнэ гэж бид найдаж байна” гэжээ.

Мөн өдөр Европын Комисс нь ЕХ-ны санхүүгийн системд ноцтой аюул учруулж буй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх  гэмт хэргийн эсрэг тааруу ажиллаж буй, өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын шинэчилсэн жагсаалт болон тэдгээр улс орнуудыг тодорхойлох илүү ил тод, боловсронгуй аргачлалыг ч мөн нийтэлсэн юм.

Европын Холбооны Мөнгө угаахтай тэмцэх зөвлөмж (AMLD)-ийн дагуу Европын Комисс нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой стратеги дутагдалтай, ийм гэмт хэрэг гарах өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудыг тодорхойлох хууль ёсны үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу тус комисс нь тэдгээр улсуудын 2018 оноос хойшхи олон улсын түвшинд гаргасан ахиц дэвшлийг харгалзан жагсаалтаа шинэчилсэн байна. Энэхүү шинэ жагсаалт нь ФАТФ-ын гаргасан жагсаалттай ихэд нийцэж байгааг онцолжээ.

Ингээд Европын Холбооны “хар жагсаал”-д шинээр нэмэгдэж буй улсууд нь Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве бол “хар жагсаалт”-аас Босни-Герцеговина, Этиоп, Гайана, Лаос, Шри Ланка, Тунис зэрэг улсууд гарч байна.

Одоо энэ жагсаалтыг нэг сарын дотор Европын парламентад өргөн барьж батлах юм байна. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дээрх нэг сарын хугацаанд өөрчлөлт орж болно. Харин Европын парламентаар ороод батлагдсан тохиолдолд шинэ дүрэм 2020 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ад оруулах шийдвэр гаргаж байсан ба 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр энэ жагсаалтаас гарч байсан юм.

 “Хар жагсаалт”-д орсноор:

  • Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд эдгээр орнуудтай харилцаж буй үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаанд илүү их анхаарал тавьж, хяналтаа нэмэгдүүлж эхэлнэ.
  • Энэ жагсаалтад багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох
  • Европын Холбооны банкууд болон бусад санхүү, татварын фирмүүд эдгээр улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан судлах шаардлагатай болно.
  • Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болно
  • Зээлжих зэрэглэл буурах магадлалтай зэрэг шууд эрсдэлтэйгээс гадна шууд бус олон эрсдлүүд хүлээж байгаа юм.

Европын холбооны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх “Action Plan” цогц үйл ажиллагааны төлөвлөгөө

“Action Plan” хөтөлбөр нь зургаан үндсэн тулгуур үндэслэлээс бүрдсэн бөгөөд тус бүр нь ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдэж, ЕХ-ны дэлхий дахин дахь үүргийг бэхжүүлэхээс гадна ЕХ-ны дүрмийг сайтар хянаж, гишүүн орнуудын байгууллагуудын хоорондох уялдаа холбоог сайжруулах зориолготой болно.

ЕХ-ны дүрмийг үр дүнтэй хэрэгжүүлнэ: Европын Комисс нь ЕХ-ны дүрмийг гишүүн орнууд хэрхэн хэрэгжүүлж буй  дээр хяналт тавина. Үүнтэй зэрэгцэн “Action Plan” хөтөлбөр нь Европын банкны удирдлагыг (EBA) мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хүчээ бүрэн дайчлахыг дэмжинэ.

ЕХ-ны цорын ганц дүрэм: ЕХ-ны одоогийн дүрмүүд нь үр дүнгүй, хэрэгжилт муу байгаа нь гишүүн орнууд үүнийг янз бүрийн байдлаар ашиглах боломжийг олгож байна. Тиймээс ЕХ-ны дүрмийг зөрчих бүрт системд цоорхой үүсгэж, үүнийг нь гэмт хэрэгтнүүд ашиглаж байна. Энэ байдалтай тэмцэхийн тулд Европын Комисс 2021 оны эхний улиралд илүү чанга, бат бэх багц дүрмийг боловсруулах болно.

ЕХ-ны түвшний хяналт: Одоогоор гишүүн улс тус бүр санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой ЕХ-ны дүрмийг бие даан хянах үүрэгтэй байгаа бөгөөд энэ нь хяналтыг сулруулж байна. 2021 оны эхний улиралд Европын Комисс ЕХ-ны түвшний хяналт шалгалтын байгууллагыг байгуулахаар зорьж байна.

Гишүүн орнуудын Санхүүгийн тагнуулын нэгжийг зохицуулах, дэмжих механизм: Гишүүн улс орнуудын Санхүүгийн тагнуулын алба нь эрүүгийн ажиллагаатай холбоотой гүйлгээ, үйл ажиллагааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. 2021 оны эхний улиралд Европын Комиссоос эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг цаашид зохицуулж, дэмжих Европын холбооны механизмыг бий болгоно.

ЕХ-ны түвшний эрүүгийн хуулийн заалтуудыг дагаж мөрдөх, мэдээлэл солилцох: ЕХ-ны хэрэгслүүд ба институцийн зохицуулалтын үндсэн дээр шүүх, цагдаагийн хамтын ажиллагаа нь мэдээллийн зохистой солилцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хувийн хэвшлийн байгууллагууд ч мөн мөнгө угаах болон терроризмтой тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Европын Комисс нь мэдээлэл солилцох үйл явцыг тодруулах, сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн үүргийн талаар удирдамж гаргана.

ЕХ-ны олон улс дахь үүрэг: Европын Холбоо нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага  буюу ФАТФ-ын үйл ажиллагаа болон дэлхийн тавцанд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх бусад байгууллагууд тэдгээрийн олон улсын стандартыг боловсруулах үйл хэрэгт идэвхтэй оролцдог. ЕХ-ны олон улс дахь үүргийг бэхжүүлж, энэ чиглэлээр хүчин чармайлтаа ахиулахын тулд дээрх арга хэмжээнүүдийг авч байгаа. Үүний тулд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх санхүүгийн гэмт хэрэгтэй муу тэмцэж буй гуравдагч орнуудыг хянах шаардлага гарч ирж байгаа юм.

Эх сурвалж: ec.europa.eu

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
БурууБуруу
20
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж