Гадаадаас иргэдээ татаж болно, дотоодын эрсдэлээ тооцох ёстой

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Гадаадаас иргэдээ татаж болно, дотоодын эрсдэлээ тооцох ёстой

Гадаадаас иргэдээ татаж болно, дотоодын эрсдэлээ тооцох ёстой

Гадаадад гацсан иргэдээ эх орондоо авчрахад төр багагүй анхаарч байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад короанвирусийн батлагдсан 42 тохиолдол бүртгэгдээд буй. Эдгээр нь бүгд гаднаас “зөөвөрлөгдсөн”.  Гэхдээ энэ бол тайшрах асуудал биш, хэрэвзээ дотоодынхоо нөөц боломж, эрсдэлийг тооцож иргэдээ авчрахгүй бол халдвар тархах аюултай ЭМЯ анхааруулсаар байгаа юм. Тухайлбал, зөвхөн тусгаарлах байрны асуудал ч биш цаг наргүй ажиллаж буй эмч нарын ачаалал ч дийлдэхгүйд хүрч, халдвар “зөөвөрлөгдөн” орж ирэх магадал ихэснэ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс дэлхийн 30 гаруй орноос нийт 8744 иргэнээ  татан авч 12 удаагийн нислэг үйлджээ. Хамгийн сүүлд Сөүл, Франкфурт руу чартер нислэгээр нийт 500 гаруй хүн эх орондоо ирж, тусгаарлагдаад байна.Мэдээж энэ бол бага тоо биш.

Эрүүл мэндийн салбар нь тааруу, хөгжиж амжаагүй манай улсын хувьд халдварыг тогтоон барих гэж эмч мэргэжилтнүүд нь эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад гаднаас иргэдээ татан авсаар байвал муугаар ярихад нэг өдөр халдварыг алдах ч эрсдэлтэй.

Гадаадын улс орнуудаас ирж буй иргэдийг дор хаяж 21 хоног тусгаарлаж байгаа. Тусгаарлалтад буй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарч амжаагүй байхад чартер нислэгээр иргэдээ татан авчирсаар байгаа нь ёстой л саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн үлгэр болж байна гэвэл нэг их буруудахгүй болов уу. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ч бас тусгаарлах байрны нөөц хязгаарлагдмал тул зарим улс орнуудаас иргэдээ татан авч чадахгүй байгааг учирласан. Харин цаашид тусгай үүргийн нислэг үйлдсээр байвал тусгаарлах байрны хүрэлцээний асуудал яах вэ гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа, УОК-ийн Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраас тодрууллаа.

ТУСГААРЛАХ БАЙРНЫ ХҮРЭЛЦЭЭГ ХАРГАЛЗАЖ ЧАРТЕР НИСЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛДАГ

-Гадаад дахь иргэдээ татан авчрахын хэрээр тусгаарлах байрны хүрэлцээний асуудал яригдаж байна. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?

Чартер нислэг үйлдэхэд тусгаарлах байрны нөөц боломжид тулгуурлаж байна. Энэ хүндрэл бэрхшээлээс шалтгаалаад бид заримдаа гадаад дахь иргэдээ татан авч чадахгүй тохиолдол гарч байгаа гэж өмнө нь ч бас олон удаа тайлбарлаж байсан. Бидний нөөц хязгаарлагдмал.

-Цаашид тусгай үүргийн нислэг үйлдсээр байвал тусгаарлах байрны хүрэлцээний асуудлаас гадна халдвар “зөөвөрлөгдөх” өндөр эрсдэлтэй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулсаар байгаа. Энэ тал дээр Улсын онцгой комиссын Шуурхай штаб ямар байр суурьтай байна вэ?

Эрүүл мэндийн яамнаас халдварт өвчний эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар анхааруулж байгаа нь зөв.Тус яамнаас нэг хүн-нэг өрөө гэдэг шаардлага тавьж буй. Уг шаардлага ч бас үр дүнгээ өгч байгаа. Энэ хүрээнд бид бэлтгэл хангаж, иргэдээ хүлээж авах тусгаарлах байрны хүрэлцээ, нөөц боломжоо тооцох зэргээр олон төрлийн асуудалд төвлөрөн ажиллаж байна.

-Таны хэлснээр  бидний нөөц хязгаарлагдмал байхад нэг хүн-нэг өрөө гэсэн шаардлагыг хэрэгжүүлэх боломжтой юу?

-Тусгаарлах байрны асуудалд мэдээж хүндрэл байгаа.  Тэр тусмаа нэг хүн-нэг өрөө шаардлагын хүрээнд өрөө бүрт ариун цэврийн өрөөтэй байна гэдэг бол их хүндрэлтэй  тулгарч байгаа. Гэсэн ч бид 21 хоногийн хугацааг харгалзаж тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авчирч байна.

-Тусгаарлах байрнаас нийт хэчнээн иргэн гэрээр тусгаарлагдаж байна вэ?

Сүүлийн гурван удаагийн нислэгээр ирсэн болон орон нутгийн иргэдтэй нийлээд өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 1000 гаруй хүн эмнэлгийн ажиглалтад байна. Өмнө нь тусгаарлагдаж байсан 3000 гаруй иргэн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Зарим нь жирийн амьдрал руу шилжээд байна.

-Төрийн байгууллагууд хэр уялдаа холбоотой ажиллаж байна?

-Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллаж буй төрийн байгууллагын алба хаагчид хоорондоо маш сайн уялдаа холбоотой ажиллаж байгаа. Нийт 30 гаруй байгууллагын 70 орчим алба хаагчид хамтран ажиллаж байна. Бид аль болох бусад байгууллагаас мэдээлэл авч, хамтран ажиллах чиглэл баримталдаг. Шуурхай штабт мэргэжлийн хяналтын байгууллагаас мэргэжилтнүүд ажиллаж байгаа.  Эрүүл мэндийн байгууллагаас ч бас ажиллаж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд аж ахуй нэгжүүдэд зөвлөмж өгч, мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа. Гагцхүү эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг аж ахуй нэгжүүд дагаж мөрдвөл аль аль талдаа зөрчил үүсч, хүндрэл гарахгүй байх боломж нь байна. Үүний цаана хариуцлагын асуудал чухал байгаа юм. Бид шинэ нөхцөл байдалд шинэ амьдралд аж ахуйгаа зохицуулах шаардлага үүссэнийг иргэд ойлгоорой гэдгийг хэлье гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж