СУРГАЛТЫН ТӨВҮҮД: 4 сар ажилгүй суулаа, сөхөрч байна

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

СУРГАЛТЫН ТӨВҮҮД: 4 сар ажилгүй суулаа, сөхөрч байна

СУРГАЛТЫН ТӨВҮҮД: 4 сар ажилгүй суулаа, сөхөрч байна

Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлж, УОК нэгдүгээр сарын 24-ны өдрийн хуралдаанаар өмчийн хэлбэр харгалзахгүй  бүх шатны боловсролын  байгууллагуудын  үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл сунгасан.  Тиймээс  сургалтын төвүүд хаалга, үүдээ цоожилж, зарим нь  ажилтнуудаа цомхотгон эдийн засгийн хямралд өртөөд буй юм.  УОК хорио цээрийн  дэглэмээ  зөөллөж, Засгийн газрын 193 дүгээр тогтоолоор бүх шатны боловсролын сургалтын төвүүдийг есдүгээр сарын 1-н хүртэл хязгаарласан заалтыг өөрчлөх  санал гаргасан.  Уг саналын дагуу тавдугаар сарын 6-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр болсон юм.  

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгаагаас  414 нь анхан шатны ур чадвар олгох сургалт,  255 нь гадаад хэл заадаг байна. Мөн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй аж.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд байрны түрээс, багш, ажилчдын цалин шимтгэл, арилжааны банкуудын зээлээ төлж чадахгүйд хүрсэн 300 гаруй сургалтын төв хэдийнэ дампуурчээ. Сургалтын төвүүд үйл ажиллагаагаа нээхдээ үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй. 

Тиймээс бид сургалтын төв болон  жолооны сургалтын төвүүд  үйлчлүүлэгч нараа хүлээж авахад бэлэн эсэх, ариутгал халдваргүйжүүлэлтээ хэрхэн хийсэн талаар тодруулга, сурвалжлага бэлтгэлээ.

“RADAR”  гэх албан бус сургалтын төвд очиход үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй байлаа. Эдийн засгийн ийм эрсдэлтэй цаг үед танхимын бус хэлбэрээр үйл ажиллагаа явуулах олон төрлийн арга, хувилбарыг ярилцаж байгаагаа тус төвийн захирал  хэлж байсан юм.

ТӨРИЙН ШИЙДВЭР ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА

Ингээд тус төвийн захирал О.ОДХҮҮгийн  яриаг хүргэе.

-Сургалтын төвүүдийг үндсэндээ хоёр хуваадаг. Нэг  хэсэг нь мэргэжли йн сертификат сургалтууд  явуулдаг бол. нөгөө нь албан бус буюу туршлага хуваалцдаг. Тухайлбал, миний зүгээс аль нэг байгууллага дээр  очоод бизнесийн төлөвлөгөөг хэрхэн хийх талаар сургалт  өгч болно. Гэхдээ сургалтад хамрагдсан гэсэн сертификат өгөхгүй гэсэн үг. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа 1088 сургалтын төвийн тал нь ийм хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. 

-Танайх үйл ажиллагаагаа хараахан эхлүүлээгүй байх шиг?

-Манай төв нь  албан бус сургалтад хамаардаг учраас нээх үгүй нь тодорхойгүй байна.  Төрийн шийдвэр тодорхой гарах хэрэгтэй байгаа. Түүнээс дунд нь бөөрөнхий шийдвэр гаргадаг. Хэн нь үүд хаалгаа нээгээд хэн нь дампуурах нь тодорхойгүй. Ер нь албан бус сургалтын төвүүд өнөөдөр ямар дэмжлэггүй төрдөө хаягдаж байна.  Бидний хувьд тусгай зөвшөөрлийг заавал авах шаардлагагүй учраас төрийн бодлого, шийдвэрээс хол үлддэг дээ.  Гэтэл энд олон хүн бизнес эрхэлж, амьдралаа залгуулдаг хүмүүс олон шүү дээ.

Хүнийг сургаж хөгжүүлэх чиглэлээр ажилладаг учраас нийтийн жишгээ дагаад үйл ажиллагаагаа нэгдүгээр сарын сүүлээр  хаачхаж байгаа юм. Гэтэл энэ хугацаанд  банкны зээл, ажилчдын цалин, түрээс гэсэн том дарамттай хувийн хэвшлийнхэн нүүр туллаа. Бид 300-400 сая төгрөгийн зээлтэй учраас түрээсээ төлж чадахгүйд хүрсэн. 655 метр квадрат талбайн сарын түрээс нь 32 сая төгрөг. Энэ нь хотын төвдөө хямдханд тооцогдоно.

Үүнээс гадна  хамгийн том аюул нь  сургалтын төвүүдийн гол  хэрэглэгчид болох  ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, бага насны хүүхдүүд байдаг. Гэтэл тэд бүгд төлбөрөө нэхэж байна.

Манай  төвд багаар бодоход 500 сурагч, хүүхдүүд үйлчлүүлдэг. Нэг хүүхэд дунджаар 240 мянган төгрөг төлдөг гээд бодоход 120 сая төгрөг манайхаас нэхэмжилж байна. Нэгэнт мөнгийг нь авсан нь үнэн учраас ямар нэгэн аргаар буцаан төлнө. Гэхдээ үнэндээ  энэ нөхцөл байдал нь манайхаас  шалтгаалаагүй шүү дээ.  Үнэхээр бүгд сөхөрч байна” гэв.

 ТАВДУГААР САРЫН 15-НД ЭХНИЙ ЭЛСЭЛТЭЭ АВНА

“Jet” сургалтын төвийн сургалт хариуцсан менежер  Н.ОЮУТ:

-Манай сургалтын төв 6-12, 12-16, 16-аас дээш насанд хүрэгчдийн гэсэн гурван ангиллаар сургалтаа зохион байгуулдаг. Засгийн газрын шийдвэрийн дагуу сургалтын төвүүд  6-12, 12-16 насны хүүхдүүдэд үйлчлэхгүй учраас зөвхөн насанд хүрэгчдийнхээ элсэлтийг зохион байгуулж авна. Ингэхдээ Эрүүл мэндийн яамнаас гаргасан 16 зөвлөмжийн дагуу сургалтын танхимыг засч янзлаад ном журмын дагуу ажиллана. Сургалтын төвийг нээх Засгийн газрын шийдвэр гарсны дараа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 22 зүйл ангитай мөрдөх урьдчилан сэргийлэх албан тоот ирүүлсэн.

Үйл ажиллагаагаа нэхээр өнөөдрөөс эхлэн бэлтгэл ажлаа хангаж байна. Хамгийн эхэнд бичиг хэргийн ажлаа цэгцлэх шаардлагатай. Учир нь бид  бүтэн жилээр борлуулалтын орлогоо төлөвлөж ажилладаг. Гэтэл гэнэт  коронавирусийн халдвар гарсан учраас бүх төлөвлөгөөгөө эхнээс нь шинэчилж байна. Тиймээс ирэх долоо хоног буюу тавдугаар сарын 15-нд эхний элсэлтээ авна. 

Өнгөрсөн хугацаанд байгууллага тэг зогсолт хийсэн учраас орлого ашиг олохоос илүүтэй  ядаж ажилчдаа цалинтай байлгах бодлого баримталж байгаа. Мэдээж, суралцагчдын зүгээс төлбөр мөнгөө нэхэмжлэх асуудал гарч байгаа ч гэсэн  байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулж төрөл бүрийн шийдэл гаргаж хэрэглэгч нартайгаа зөвлөлдөж байна. Сургалтын үйл ажиллагаа олон сар зогссон учраас төлбөр буцаалтыг олгоход хэцүү. Тэгэхээр дахин сургах, эсхүл бүр суралцах боломжгүй гэвэл буцаалтыг олгоно” гэлээ.

"НЭГ МЕТРИЙН ЗАЙГАА БАРИВАЛ АРАВ БИШ 3-4 ХҮН Л СУУНА"

 13 дугаар хороололд байрлах “Батхүлэг” авто сургуулиар ороход бэлтгэл ажлаа хангаж байхтай таарсан юм. Эндхийн ажилчдын хэлж буйгаар “Монголд нийт 200 авто сургууль үйл ажиллагаа явуулдаг. Нэг авто сургууль дор хаяж гурваас дээш салбартай байдаг. Бид өөрсдийн зүгээс ангийн цэвэрлэгээ болон  халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн. Гэхдээ нэг анги дотор арав хүртэлх хүн сууна гэхээр хэцүү  л санагдах юм. Яаж ч бодсон түрээсийн байгууллагуудын метр квадрат том, жижиг харилцан адилгүй. Жижиг талбайтай газрууд нэг метрийн зайгаа баривал арав биш 3-4 хүн л суух юм шиг байна лээ. Ер нь бол өнгөрсөн гурван сарын хугацаанд энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг хүмүүс ажилгүй л суулаа. Ямартай ч  манайх эхний ээлжид хуучин төгсөөгүй хүмүүстэйгээ холбогдож төгсгөнө.  Дараа нь шинэ элсэгчдээ авна. Эхний 10-11 сард бүртгүүлсэн хүмүүстэй яаралтай холбоо барьж төгсгөхгүй бол  дүрэмдээ тэнцсэн бол  дараагийн шалгалт зургаан сар дотроо багтаж өгөх ёстой байдаг. Хэрэв тэр хугацаа нь дуусчих юм бол тухайн хүн дахиад давтан үзнэ гэсэн үг. Манайх арван салбартай байсан ч  нэг салбараа  түрээсээ төлж чадахгүй  учраас татан буулгасан” гэв.

ЗОХИХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГААГҮЙ ТОХИОЛДОЛД ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООНО

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат "Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоосноос хойш багагүй хугацаа өнгөрсөн. Тиймээс анги танхимыг цэвэрлэж, тусгай зөвшөөрөлтэй компаниар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсний дараа үйл ажиллагаагаа эхлүүлэх анхан шатны бэлтгэл хангагдсан гэж үзнэ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй сургалтын төвүүд ЭМЯ, ОБЕГ, МХЕГ-ын цахим хуудсанд байгаа зөвлөмжийг сахиж мөрдөнө. Мөн багш нартаа зөвлөмжийг танилцуулах, сургалтад хамрагдаж байгаа хүнээ сайтар бүртгэх хэрэгтэй. Эхний ээлжид суралцагч хоорондын зай 1.5 метр, арав хүртэлх хүнтэй, богино цагаар хичээллэх сургалтын газруудыг ажиллаж эхлэхийг зөвшөөрч байгаа. МХЕГ-аас сургалтын төвүүдэд хяналт шалгалт хийх бөгөөд зөвлөмжийг дагаж мөрдөөгүй, зохих бэлтгэлийг хангаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж