“Улс төрч ялаа хоёрыг сониноор алдаг үе ард хоцорч одоо цахимаар бусдыг намнадаг, ялладаг болжээ. Цахим сүлжээ хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр олон нийтийн сүлжээнд огт танихгүй нэгнээ гутаан доромжлох, хараан зүхдэг үзэгдэл газар авсаар. Охин шигээ, хүү шигээ хүмүүсийг хайр найргүй "балбаж", эцэг, эх шигээ хүмүүсийг элдвээр хэлэх нь юу ч биш болсон.
Хэн нэгнийг хэдхэн хормын дотор хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн, луйварчин, адгийн шаар болгоход амархан болж. Ард нь хэн нэгний амьдрал, нэр хүн, аав ээж, үр хүүхэд байгаа эсэхийг бодоллцох нь бүү хэл, хорон үгээрээ хамтад нь гутаах тэр хүмүүс бусдыг чулуугаар шидээд алж байгаатай адилхан харагдах болсон.
Лайк, шэйр цуглуулж байвал нэгэн айлын амьдрал сүйрч, хүүхэд өнчирч, хүний амь эрсдэх аюултай нөхцөл үүссэн. Хэн нэгнийг шүүхээс гэм буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад аль хэдийнээ яллачихдаг хүмүүс олон нийтийн сүлжээнд олноороо амьдарч байна. Бусдын дуу хоолойг нууцаар бичих, зургийг нь хулгайгаар дарах, адаглаад л гэм бурууг нь шүүхээс тогтоогоогүй байхад олон нийтийн сүлжээнд яллах үзэгдэл манай хууль хүчнийхэн, хэвлэлийнхэн оройлон оролцдог нь бүр харамсмаар. Эргээд энэ нь ирээдүйдээ, үр хүүхдүүдэд ямар хуу үлгэр дууриал болж буйг бодолцдог нь цөөн. Монгол Улс бол хүний эрхийг дээдэлсэн орон. Гэмгүй нэгэнд битгий хэл гэмт хэрэгтэнд ч хүний эрх гэж бий. Гэтэл хуулийнхан нь хуулийн дагуу шалгагдаж байгаа хүнээ шившиглэх, түүгээр зогсохгүй гэр бүл рүү нь дайрах нь хэвийн үзэгдэл болсон. Хэвлэлийнхний хувьд хандалт авч байвал ард нь хүний эрх зөрчигдөх нь хамаагүй болсон. Төр засаг нь олон нийтийн сүлжээнд "амьдардаг", олон нийтийн сүлжээнд зориулж шийдвэрээ гаргадаг болсон нь, хууль хүчнийхэн олон нийтийн сүлжээнд ажлаа хийдэг нь бусдыг цахимаар яллах, намнах хүчирхийлэл өгөөж болж өөгшүүлж буй нь худлаа биш. Нэг үгээр хэлбэл, төр өөрөө хүчирхийлэгч болсон. Бусдын зураг нийтлэх, сүрдүүлэх, "ичтэл нь шейр" хийх энэ тэр бол юу ч биш.
Магадгүй өнөөдөр та биш байсан ч ойр дотны маань хүн ийм байдалд орвол яах вэ гэдгийг бодолцох асуудал. Хэн ч гэмт хэргийн золиос болж болзошгүй. Тоон баримт сөхвөл, 2011 онд цахим гэмт хэрэг бүртгэгдээгүй бол хоёр жилийн өмнө 36, өнгөрсөн онд 70 хувиар өссөн байна.
Цахим орчин хүчирхийллийг дэмжиж гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болсныг ч уг тоон баримтаас харж болохоор байна. Хүчирхийлэл зөвхөн хаалттай хаалганы цаана өрнөдөг гэх ойлголт өрөөсгөл юм. Жишээ нь, алим.мн гэх сайт “Нөхөртэй нь холбогдсон эмэгтэйг эгч дүү нартайгаа нийлэн ууланд аваачин нүцгэлж бичлэг хийсэн хэрэг Орхон аймагт гарчээ гэх мэдээллээ фэйсбүүк хуудастаа “Нөхөртэй нь холбогдсон хоёр эмэгтэй ингэж “шийтгэсэн” байна даа хэмээн нийтэлжээ. Хүчирхийллийг дэмжсэн утга агуулга бүхий эл мэдээлэл нь 400 лайк, 143 сэтгэгдэл цуглуулж 88 шэйр авчээ. Сэтгэгдлүүдийн дийлэнхэд элдэв үгээр харааж доромжилсон, үзэн ядсан өнгө аяс давамгайлж, “зургийг нь нийтэл, шанг нь хүртээ” , “зөв” гэх зэргээр хүмүүс дэмжсэн байх нь нийтлэг. Харин уг мэдээллийг тус аймгийн цагдаагийн алба хаагч үгүйсгэж худал гэх тайлбар өгөөд буй. Энэ мэтчилэн хандалт авч, лайк шэйр цуглуулах гэж, олны анхаарал татахын тулд цахим орчинд юуг гэж ч бичиж нийтлэхээс сийхгүй хүмүүс олширч буй үйлдэлд хүлээлгэх хариуцлагаа хуулийн байгууллагынхан чангаруулах ёстой.
Нөгөө талаас сүүлийн үед нууцаар бичлэг хийснээ фэйсбүүктээ цацаж, түүнийгээ иргэний үүргээ биелүүлсэн гэж бусдад таалагдах гэсэн ядруухан сэтгэлгээ газар авчээ. Хамтдаа наргиж суугаа найзынхаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацаж, лайк цуглуулагч, хүний мөсгүй этгээдүүд ч цахим ертөнцөд "гэмт хэрэг" үйлдэж сууна. о
Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 4-ны өдөр нэгэн иргэн цахим хуудсаараа дамжуулан “Прүүсчдийн зодоон” гэх бичлэг нийтэлжээ. Бичлэгт хоёр жолооч муудалцсаны улмаас нэгийгээ цохиж, бүр хутга далайж байгаа нь олон хүнийг цочирцуулсан. Угтаа бол бичлэг хийж буй хүн маргалдаж буй хоёрыг кино үзэж байгаа юм шиг хөндлөнгөөс харж, бахархалтайгаар бичлэг хийж зогсох биш, иргэнийхээ үүргийн дагуу цагдаад дуудлага өгч болох байв. Хэрэвзээ тэнд хүн амины хэрэг гарсан бол бичлэг хийгээд зогссоор байх уу.
Замын түгжрэлд маргалдаж буй хоёр жолоочийг нууцаар бичиж “ядарсан өвгөнийг яаж байгаа новш вэ” гэсэн бичлэг энэ сарын 5-ны өдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан уг бичлэгт замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч залуу машинаасаа бууж урдуур нь саад боллоо гэж ахимаг насны нэгэн эрэгтэйг машинаас нь татаж буулган заамдаж, цохиж унагааж байв. Дээрэлхүү зан гаргасан жолоочийн үйлдлийг хэн ч таслан зогсоосонгүй. Харин эсрэгээрээ бичлэг хийж тараав. Гэтэл уг бичлэг цацагдсанаар зодсон этгээдээс гадна зодуулсна хүний эрх ч зөрчигдөв. Аавыгаа, өвөөгөө, хүүгээ, ээжийгээ бусдад зодуулаад зогсож буй бичлэг харсан ар гэрийнхэнд нь ямар сэтгэгдэл төрөх вэ. Тэр тусмаа бага насны хүүхдүүд уг бичлэгийг олж хараад ингэж болдог гэсэн ойлголт суувал яана. Найздаа туслахаасаа илүү найзынхаа зодуулж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьд томчууд шиг цахим хүчирхийлэгч болохгүй гэж цагдаагийнхан батлаж чадах уу.
Хэдхэн лайк, шэйр цуглуулж, бусдаас сайн үнэлгээ авахын төлөө улайрч бичлэг хийж нийгмийн сүлжээнд цацсанаа иргэний үүрэг гэж ойлгож байгаа бол том эндүүрэл.
Өнөөдөр Монголд фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрсэн бол инстаграмыг 16, твиттерийг 40 мянган хүн хэрэглэдэг гэх тооцоо бий. Нийгмийн сүлжээний хэрэглээний үзүүлэлтээс авч үзэхэд сард дунджаар нэг иргэн таван сэтгэгдэл бичиж, 16 удаа лайк дарж, гурван нийтлэл (пост) хуваалцаж, сурталчилгааны 12 мэдээлэл сонирхдог байна. Харин таван хэрэглэгчийн нэг нь цахим дарамтад өртсөн гэдэг нь судалгаагаар нотлогдсон бол нэрээ нуусан эсвэл хувийн мэдээллийг нь мэдэх боломжгүй этгээдийн талаас илүү хувь нь өөрийн нэрээ ашигладаг хэрэглэгчээс илүүтай сөрөг сэтгэгдэл бичдэг байна. Хүмүүс цахим орчинд тухайн онцолж байгаа хүнээ хүн гэж тоохоо болих үедээ илүү бүдүүлэг болж, харц тулгарахгүй орчинд улам түрэмгий, үгээ сонгохдоо үл тоодог, ялгаваралах хандлагатай болдог аж. Бид хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм гэж ярих дуртай ч хувиа бодсон, бусдын мууд дуртай, хүйтэн сэтгэлтнүүд болж байна гэхэд хилсдэхгүй. Тиймээс нийгмийн сүлжээнд албаар, эсвэл санаандгүй байдлаар хэнийг ч бүү намна, сохроор бүү ялла.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ