Монголын паралимпийн тамирчид өнгөрөгч хоёрдугаар сард Япон улсад паралимпийн наадмын бэлтгэлээ базаах гэж ирсэн боловч цар тахлын улмаас нутаг буцаж чадахааргүй байдалд хүрчээ. Нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй паралимпийн багийн гишүүд өдгөө Японы төв хэсгийн Яайзү хотод сараас илүү хугацааг засгийн газрынхаа тогтоосон хөл хорионоос болж өнгөрөөж байна. Гэвч тэд Японд байх цаг хугацаагаа өөрсдийн давуу тал болгохыг зорьж Шизоүка мужийн бэлтгэлийн газруудад үргэлжлүүлэн бэлтгэлээ хийж байгаа аж. Энэ тухай паралимпийн тамирчин Эрдэнэчимэгийн Өнөрмаа "Бид хэзээ Монгол буцахаа мэдэхгүй учир бэлтгэлдээ анхаарал хандуулсаар байна. Бид нутаг буцаж чадахгүй байгаа энэ байдлаа өөрчилж чадахгүй шүү дээ. Эх орноо бага зэрэг санаж, гэр бүлийнхнээ хармаар байгаа боловч яаж ч болохгүй байна. Тиймээс ихэнхи цагаа өөдрөг өнгөрүүлэх гэж хичээж байгаа" хэмээн Kyodo News сайтад ярьжээ.
Тус багийн менежер Бямбажавын Энхбаатар, дөрвөн тамирчин болон нэг дасгалжуулагч угтаа бол хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 11-н хүртэл Яайзү хотод бэлтгэл хийж, паралимпийн эрх авах тэмцээнд оролцохоор Дубай хот руу явах төлөвлөгөөтэй байжээ. Хэдийгээр Дубай хотод зохион байгуулагдах байсан тэмцээн нь цар тахлын улмаас цуцлагдсан ч Монгол улс бүхий л олон улсын ирж, очих нислэгүүдээ тавдугаар сарыг дуустал цуцалсан учир тэдэнд Японд үлдэхээс өөр арга үлдээгүй гэнэ. Ирэх Токиогийн паралимпд анх удаагаа оролцохоор бэлдэж буй Бямба-Очирын Гармаабазар паралимп цуцлагдсан мэдээг онлайнаар хараад цочирдсон гэнэ.
Зөвхөн Монголын паралимпийн тамирчдаас гадна Осака мужийн Изүмисано хотод Монголын марафоны зургаан тамирчид, хоёр дасгалжуулагч нарын хамтаар өнгөрөгч гуравдугаар сарын 17-н хүртэл бэлтгэл хийх гэж ирсэн ч нутаг буцаж чадахааргүй болжээ. Мөн Өмнөд Суданы хөнгөн атлетикийн баг тамирчид Маебаши хотод байрлаж байна.
Яайзү хотод байрлаж байгаа Монголын паралимпийн тамирчид ихэнхи цагаа зочид буудал болон бэлтгэлийн зааланд өнгөрөөж, гадагш гарч хоололдог байсан ч одоо өрөөндөө хооллодог болжээ. Энэ тухай Э.Өнөрмаа ярихдаа " Би гарах болгондоо л амны хаалтаа зүүж байгаа. Орой 22 цагаас өмнө унтахыг хичээдэг. Мөн сайн хооллож дархлаагаа дэмжих хэрэгтэй. Би хэзээ ч ингэж удаан хугацаагаар гадаадад байж үзсэнгүй. Энэ бас л миний харихыг хүсч буй шалтгаануудын минь нэг" хэмээжээ. Харин Б.Гармаабазар " Би бэлтгэлдээ төвлөрч чадаж байгаа. Учир нь энд бэлтгэл хийх бүхий л таатай орчин байна. Эндэхийн бэлтгэлийн байрнууд Монголтой харьцуулахад илүү их боломжийг олгож байна. Үүнд нь талархаж байгаа. Би өдөр бүр чадах хэмжээгээрээ бэлтгэлээ хийх гэж хичээж байгаа" хэмээжээ.
Тус багийн менежер Б.Энхбаатарын хэлж буйгаар Монголд өдөр бүр бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг аж. Өвөлдөө их хүйтэн байдаг учир тавдугаар сар хүртэл заалан дотор бэлтгэлээ хийдэг гэв. Мөн тэрбээр "Энэ цар тахал дуусч дэлхий даяарх тамирчид бэлтгэлээ чөлөөтэй хийж, паралимпийн наадамдаа цэвэр шударгаар өрсөлдөнө гэдэгт би итгэж байна" хэмээн ярьсан юм.
Холбоотой мэдээ