Цэцийн шийдвэр авлигачдыг “хазаарлав”

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

Цэцийн шийдвэр авлигачдыг “хазаарлав”

Цэцийн шийдвэр авлигачдыг “хазаарлав”

Үндсэн хуулийн Цэц сонгуулийн өмнө яаравчлан хуралдаж, хоёр ч шийдвэр гаргав. УИХ-ын сонгуультай холбоотой хоёр заалтаар гомдол ирснийг хэлэлцэж, нэгийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бол нөгөөг нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв. Тодруулбал, иргэн Р.Гончигдорж тэргүүтэй хүмүүс гаргасан бөгөөд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө …” гэсэн заалт, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх заалтын “Энэ хуульд заасны дагуу нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацаанаас өмнө …” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргаан юм. Энэхүү маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж,  Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт болон Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоон, тус заалтуудыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргасан юм.

Харин нөгөө нэг шийдвэр нь Лхагва гаригт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргав. Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвших эрхгүй болох юм. Үүний том жишээ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр.  Сонгуулийн хуулийн 32.2.9-д бүх нэр дэвшигчид авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон эсэх талаарх лавлагааг шүүхийн байгууллагаас авч, нэр дэвшигчийн материалдаа бүрдүүлэхээр хуульчилсан. Тэгвэл эдгээр дүгнэлт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Тиймээс одоо Цэцийн Үндсэн хууль зөрчөөгүй гэх дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж, УИХ хүлээж авах эсэхээ шийдвэрлэх юм.

Ингэснээр авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байгаад 2013 онд суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаярт “зориулсан” энэхүү заалт хэвээр үлдэхээр болж байх шиг байна. Харин одоо УИХ Цэцийн дүгнэлтийг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариугаа ирүүлэх учиртай.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан “Авлига, албан тушаалын гэмт хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн талаарх судалгааны танилцуулга”-д Эрүүгийн хуулийн холбогдох бүлэгт тусгасан гэмт хэрэгт 2015-2019 онд анхан шатны шүүхээр гэм буруутай болох нь тогтоогдож ял шийтгүүлсэн хүний тоо өсөх хандлагатай байгааг Цэцэд ирүүлсэн дүгнэлтэд онцолжээ. Тодруулбал,

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо:

  • 2015 онд-36
  • 2016 онд-31
  •  2017 онд – 53
  •  2018 онд – 46
  •  2019 онд – 108 хүн холбогджээ.

Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчид жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа юм. Тиймээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь гэмт хэрэгт холбогдсон, гэм буруутай гэж ял эдэлсэн бол сонгуульд “ойртох” боломжгүй байх нь зүйн хэрэг. Хэдийгээр Цэцийн энэ шийдвэр улстөржсөн мэт боловч энэ удаагийн шийдвэр нүдээ олсон шийдвэр байлаа. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хэрнээ эргэн төрд зүтгэх гэдэг олон улстөрчдөд "тушаа" болсон шийдвэрийг Цэц гаргасныг  МУИС-ийн багш, доктор Л.Мөнхсайхан “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж гарсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн энэ шийдэлтэй бүрэн санал нэг байгаа. Мөн, энэ дүгнэлтэд шийдлийн үндэслэлээ харьцангуй дэлгэрэнгүй бичсэн нь Цэц ч гэсэн Үндсэн хууль, үндэслэлд захирагддаг гэдгийг бататгах чухал алхам” гэдгийг онцолжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж