М.Энхсайханд эмгэнэл илэрхийлэх үү, Х.Баттулгад баяр хүргэх үү!

Хуучирсан мэдээ: 2020.05.08-нд нийтлэгдсэн

М.Энхсайханд эмгэнэл илэрхийлэх үү, Х.Баттулгад баяр хүргэх үү!

М.Энхсайханд эмгэнэл илэрхийлэх үү, Х.Баттулгад баяр хүргэх үү!

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гурван өдөр шүүсний эцэст Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, дөрвөн жил 6 сар хорих ялаар шийтгэв. Ийнхүү 1990 оноос хойш, ардчилал ялсны дараа шүүхээс ял шийтгэл сонссон анхны Ерөнхий сайд нь М.Энхсайхан боллоо. Тэрбээр өмнө нь УИХ-ын дарга, Улсын ерөнхий прокурор хоёрт хандан захидал бичихдээ “АТГ, прокурор дээр хэрэг зохиож, байхгүй хэргээр хүнийг яллаж, тэрхүү хууль бус ажиллагаандаа Монгол улсын шүүхийг оролцуулан гүйцэлдүүлэх нь Монгол Улсад улс төрийн хоригдолтой болох үүд хаалгыг нээх аюултай” байгааг сануулж байсан билээ.

Түүнийг 130 сая төгрөгөөр албан хэрэгцээнд автомашин худалдаж авсан, Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн 19.6.2 /үндэсний аюулгүй байдлыг хорлон сүйтгэх/, 22.1.2-т /албан тушаалаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт тооцсон нийслэлийн проукрор Г.Батбаярын яллах дүгнэлтийг З.Болдбаатар нарын шүүгч хэлэлцэхдээ “Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж, баталгаажаагүй” гэж хорлон сүйтгэх заалтыг нь прокурор руу буцааж,  харин автомашины хэрэг тохоод яллаж орхив. Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэж баталгаажаагүй юм бол зүй нь хэргийг прокурорт буцаах биш хэрэгсэхгүй болгох ёстой байв.

Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын дүгнэлт, тэндээс өгч буй мэдээлэл, үйл явцыг нь ажиглахад хуулийнхан бүгд нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан нь гэсэн дүгнэлтэд хүрч байна. Шүүх хурал нээлттэй нэртэй боловч хагас хаалттай явагдаж, шүүх хурлыг шууд дамжуулахдаа шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх үгийг олон нийтэд хүргэхээс айсан нь М.Энхсайхан угаасаа гэм буруугүй, түүнийг яллах даалгавар дээрээс авсан болохоо шүүгчид бараг баталчихсан гэж хэлж болно.

Эрхбиш, Тавантолгойн ноорог дээр дүгнэлт гаргасан шинжээч нар нь “бид алдаа гаргасан, буруу дүгнэлт үйлдсэн” гэж гэм буруугаа хүлээсэн тул М.Энхсайханыг шууд террорист гэж яллахаасаа З.Болдбаатар шүүгч ичээ байлгүй. Хэрэвзээ хүн, тэгээд ичих булчирхайтай, хайрлах нэр төртэй бол шүү дээ.

Гэхдээ захиалсан эзнийхээ заавар, даалгаврыг нь биелүүлэхийг тулд заавал хэрэг олох, ял оноох үүргээ Монголын шүүх гарамгай гүйцэтгэсэнд ардчиллын төлөө зүтгэж явсан М.Энхсайханд эмгэнэл илэрхийлэх үү, эсвэл ардчиллыг ашиглаж ирсэн Х.Баттулгад баяр хүргэх үү!  

Энэхүү шүүх хуралд Европын холбоо, түүний гишүүн улс орнууд онцгой ач холбогдол өгч, анхааралтай ажиглаж буйгаа илэрхийлсэн "баримт, нотолгоо" нь М.Энхсайханы гэр бүлд илгээсэн бамбарууш байлаа. Товчхондоо, М.Энхсайханы шүүх хурал нь Монголд ардчилал орших, оршихгүйн тухай л байсан.  Гэвч, ардчиллыг тугаа болгож ирсэн Ардчилсан нам шүүх хурлын талаар "а" гэсэнгүй өнгөрсөн нь С.Эрдэнийн намын эмгэнэл байлаа.

Болсон явдлыг тоймловол Монгол Улсын сайдаар М.Энхсайхан ажиллаж байх үед ЭХЯ-наас төслийн ажлын хэсгийн нэгжийн албан хэрэгцээнд зориулж 165 сая төгрөг төсөвлөжээ. Ингээд автомашин худалдах, худалдаг авар тендер зарлаж, гурван санал орж ирснээс хамгийн бага үнийн саналыг нь хүлээж авсан байна. Үндсэндээ ЭХЯ төсөвлөсөн үнийн саналаас даруй 35 саяар бага үнэтэй авто машин ажлын хэрэгцээнд худалдан авч ашиглаж байгаад буцааж өгчээ. Харин шүүх 130 сая төгрөгийн  “Lexus 570″ маркийн автомашиныг өнөөдрийн ханшаар /элэгдэл хорогдлыг тооцон/ 75 сая төгрөгөөр үнэлж, 55 сая төгрөгийн хохирлыг улсад буюу Эрчим хүчний яаманд учруулсан гэж үзсэн байна. Тухайн үед  буюу 2015 онд "Да хүрээ" зах дээр Монголд явж байсан “Lexus 570″ машин 115 сая төгрөгийн үнэтэй байв. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш тэр үеийнхээс даруй 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэж, 1750-2770 төгрөгт хүрсэн байтал 130 сая төгрөгийн үнэтэй авто машиныг 75 саяар үнэлээд 55 сая төгрөгийн хохирол тооцсон Монголын шүүгчид үржиж, хуваах энгийн тоо бодож чадахгүй байж Тавантолгойн мега төслийн гэрээг ойлгож шийдвэрлэж барах уу. Ийм шүүх Монголд шударга ёсыг тогтоож, хамгаалж чадах уу? Энэ бол нэгдүгээр асуулт.

Тэгвэл ШШГЕГ-аар 360 сая төгрөгийн “Lexus 570” авхуулж унасан Ц.Нямдоржийг ч адилхан шүүе. Дипломат сүлжээ ашиглан  хил, гаалийн хөнгөлөлт эдлэн орж ирсэн машиныг Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын найз Т.Мөнхбат ШШГЕГ-т шахсан баримтыг Т.Энхсайхан гэх бүсгүй дэлгэж байсан билээ. Гэтэл М.Энхсайхан болохоор албан хэрэгцээндээ ашиглаж байгаад уг машиныг ЭХЯ-нд буцаагаад өгсөн байдаг.

М.Энхсайханы өмгөөлөгч Ц.Эрдэнэбат шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, үйлчлүүлэгчээ гэм буруугүйг батлахдаа иргэн Х.Баттулгын Монгол Улсын прокуроруудын зөвлөгөөний үеэр аваачиж өгсөн 178 хуудас бүхий гомдлын дагуу шүүх маргаан хэлэлцэхдээ хараат бус байдлаар шийдвэр гаргаж чадахгүй байх гэдэгт эргэлзэж буйгаа хэвлэлийнхэнд хэлсэн. Иргэн Х.Баттулга гэдэг нь прокурор, шүүхийн томилгоонд оролцох эрх мэдэлтэй, ҮАБЗ-ийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юм.

Товчхондоо, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хараат шүүх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гомдлоор үүсгэгдсэн хэргийг шийдвэрлэхдээ М.Энхсайханыг гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргахаасаа айсан гэсэн үг.

Энэ бол Монголын шүүх, бүр Монгол Улсын хувьд ухралт төдийгүй эмгэнэл байлаа. Ингээд шударга шүүх баяртай болж, хууль шүүхийг гартаа атгасан Ерөнхийлөгч Х.Баттулга бяртай байгаагаа харуулав. Мэдээж, энэ үйл явдал түүх болж үлдэнэ. Яллах дүгнэлт үйлдсэн улсын яллагч Г.Батбаяр, Б.Батсайхан, илт "захиалгаар" асуудлыг шийдвэрлэсэн шүүгч З.Болдбаатар нарыг түүх өөрөө шүүж үлдээнэ. Тийм учраас л “нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд ярьдаг, сануулдаг.

М.Энхсайханы Монголд учруулсан хохирол гэж юу ч байхгүй. Зүгээр л түүнтэй хийх хувийн тооцоо Монгол Улсын Ерөнхийлөгчид байна. “Монголын төмөр зам”-ын даргаар ажиллаж байхдаа М.Энхсайхан Тавантолгой-Гашунсухайтын чиглэлийн төмөр замыг эхний ээлжинд, нарийн царигаар, Х.Баттулга Тавантолгой-Сайншанд чиглэлд өргөн царигтай төмөр замыг нэн түрүүнд тавих маргаан нь яван явсаар ийнхүү М.Энхсайхан улс төрийн хоригдол болж, шүүхээс ял авлаа.

Түүний шүүх хуралтай давхцаж, Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал асан Да.Ганболд “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайхан нар шүүхэд дуудагдсан нь зүгээр ч нэг давхцал биш. Ерөнхийлөгчийн “дайсан” бол гэмт хэрэгтэн гэсэн айдаст олон нийтийн автуулах гэсэн сонирхол цаана явж байна гэсэн үг!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
24
ХарамсалтайХарамсалтай
18
ЗөвЗөв
8
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж