Өмнөд Солонгосын эдийн засгийн 15 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг “Samsung”-ийн дэд ерөнхийлөгч И Жэ Ён өчигдөр /2020.05.06/ хэвлэлийн хурал зарлаж, олон нийтээс хүлцэл өчжээ.
Компанийн удирдлагыг гартаа оруулахын тулд экс ерөнхийлөгч Пак Гын Хэд авлига өгч, шийдвэр гаргахад нөлөөлүүлсэн хэргээр 2017 онд шүүгдэж байсан тэрбээр хорих ялаар шийтгүүлж 2018 онд суллагдсан билээ.
Хэвлэлийн хурлын үеэр И Жэ Ён нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж чадаагүйдээ уучлалт гуйгаад компани дотроо үйлдвэрчний эвлэл байгуулахыг зөвшөөрч, үр удмаараа дамжин өв залгамжлахгүй гэдгээ мэдэгджээ. Тус группын хараат бус ёс зүйн зөвлөл олон нийтээс уучлалт гуйх ёстой гэх шийдвэрийг гаргасан ч цар тахлын улмаас энэ асуудал хойшлогдож өдийг хүрсэн байна.
И Жэ Ён бол “Samsung” группийн ерөнхийлөгч И Кун Хэгийн том хүү бөгөөд энэ группийн өв залгамжлагч юм. Эцэг нь 2014 оноос эхлэн хэвтэрт байгаа учир тэрбээр компаниа удирдаж байгаа билээ.
Эх сурвалж: KOREATIMES