Орос улсад сүүлийн хэдэн өдөр дараалан өдөртөө 10 мянга гаруй коронавирусийн шинэ халдвар бүртгэгдэж байна. Халдварын онцгой бүсэд ажиллаж байгаа эмч Антон Родионов энэ өвчнийг эмчлэх арга зүй байхгүй байгаа нь хамгийн хэцүү байгаа тухайгаа "Московский Комсомолец" сонинд ярьсан байна.
"Би бол зүрх, судасны эмч. Энгийн тайван цагт би бараг өвчтөн болгоныхоо амьдралыг бага ч болов уртасгаж чадна. Харин энэ удаа бид яах ч аргагүй нөхцөл байдалтай туллаа. Өвчлөлийн явцад нөлөөлж чадахгүй байна” хэмээн тэр хэлжээ.
Антон Родионовын хэлснээр халдвар авсан өвчтөнүүдэд вирусын эсрэг антибиотекууд, зарим улсын эмч нарын хэлээд байгаа малярийн эсрэг эм үр дүн муутай байгаа ажээ.
"Хэрвээ өвчтөн амьсгалын дутагдалд орвол хүчилтөрөгчөөр амьсгалуулж байна, гэхдээ энэ нь эмчилгээ биш. Бүүр хүндэрсэн өвчтөний уушгийг хиймлээр ажиллуулж байна, гэхдээ энэ нь сайн төгсгөлд хүргэнэ гэсэн үг биш” хэмээн тэр хэлсэн байна.
Түүний үзэж байгаагаар халдвар хэр хүндрэх нь гурван зүйлээс шалтгаалж байгаа ажээ. Нэгд, вирусийн ачаалал буюу вирусийн тоо, хоёрт, тухайн хүний дархлааны тогтолцоо хэр байгаагаас, гуравт, тухайн өвчтөний генетикийн онцлог ажээ. Халдвараас сэргийлэн амны хаалт зүүх, гараа савандаж угаах, олон хүнтэй газар очихгүй байх зэрэг нь халдвар авах магадлалыг бууруулж, халдварласан ч вирусийн ачааллыг ихэсгэхгүй байх боломжтой бол хоёр, гурав дахв хүчин зүйлд эмч нөлөөлөх ямар ч боломжгүй хэмээн тэр тодотгожээ.
2020 оны тавдугаар сарын 7-ны байдлаар Орост 166000 хүн коронавирусийн халдвар авч, 21000 нь эдгэрч, 1500 хүн нас баржээ. Дэлхийн хэмжээнд нийт халдварын тоо 3,5 саяд хүрээд байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ