Монголын паралимпийн хороо дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг өнөөдөр /2020.05.07/ тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагнажээ. Мэргэжилдээ эзэн болж, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг дохионы хэлний орчуулагч С.Бямбадэлгэрийг МҮОНРТ –ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн дохионы хөтлөгч гэдгээр нь хүмүүс сайн танина.
Хэлмэрч бүсгүй манай сайтад өгсөн ярилцлагадаа "Монголын нийгэмд одоо 10 хүрэхгүй тооны дохионы хэлмэрч бий. Учир нь Монгол Улсад энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй, гадаадад бэлгэдэг. Өнөөдөр би дохионы хэлний хэлмэрч гэсэн хүмүүсийн өгсөн нэр гуншингаар өөрийн сонирхлоор ажиллаж байна. Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооноос надад мэргэжлийн дохионы хэлмэрч гэсэн үнэмлэх өгсөн. Тиймээс төрөөс тусгай хэрэгцээт боловсролд илүү анхаарч дохионы хэл шинжлэлийн анги танхимыг нээгээсэй гэж хүсдэг. Би дохионы хэлний орчуулагч, хэлмэрчээр ажиллаад 25 жил болж байна. Энэ бол багагүй хугацаа. Энэ хугацаанд надад дохионы хэл зааж,тусалж дэмжиж байсан сонсголгүй хүмүүстээ маш баярлалаа. Энэ бол бие даасан хэл. Өөрийн гэсэн бүтэц, онцлог, агуулгатай цогц хэл. Тиймээс ирээдүйд энэ хэлийг судалдаг хүн олон болоосой гэж хүсдэг" тухайгаа хэлж байсан юм.
Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэр нь дохионы хэлний хэлмэрчээр 1992 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 1998 оноос хойш Ийгл Телевиз, 2010 оноос хойш МҮОНРТ-д мэдээний хөтлөгч, хэлмэрчээр ажиллаж байна. Мөн тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар /ХБХХЕГ/-ын дэргэдэх Сэргээн засах сургалт, үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн ур чадвар олгох сургуулийн дохионы хэлний багшаар ажилладаг.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ