Катарын Доха хотноо амжилт, чансаагаар тэргүүлж буй шилдэг найман туйванч урилгаар оролцдог “Qatar Cup” тэмцээний эмэгтэйчүүдийн +75 кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг оролцлоо. Тэрбээр өнөөдөр огцом өргөлтөөр 112 кг-ыг өргөж, 4-р байрт орсон байна. Түүний жинд нийт 10 тамирчин өрсөлджээ.
М.Анхцэцэгийн хувьд 69 кг-д оролцох байсан ч зохион байгуулагчид энэ жингийг цуцалсан байна. Тиймээс өөрөөсөө насаар эгч, жингээр илүү тамирчидтай өрсөлдөн огцом өргөлтөөр 4-р байрт орж, түлхэлттэй өргөлтөд ороогүй байна. Учир нь огцом өргөлтийн сүүлийн оролтын үеэр тохойны шөрмөсөө сунгажээ. Тэрбээр Дохаг залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын хамт явсан юм.
“Qatar Cup” тэмцээн энэ сарын 6-9-ний өдрүүдэд болж байна.
Энэ жил 18 настай ОУХМ М.Анхцэцэг саяхан АНУ-д болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий 69 кг-ын жинд өрсөлдөн VIII байрт орсон билээ. ДАШТ-д хувийн амжилтаас илүүтэй багийн амжилтыг харгалзан олимпийн эрхийг өгсөн бөгөөд манай эмэгтэй баг 31-р байрт орсон юм. Эмэгтэй баг 25-р байраас дотогш орсон тохиолдолд олимпийн эрхийн оноо авах байсан.
Манай эмэгтэйчүүдийн баг 17-19 насны тамирчдаас бүрдсэн бөгөөд М.Анхцэцэгээс бусад тамирчид өндөр амжилт үзүүлж чадаагүй юм. Гэхдээ манай туйванчид ирэх онд Казахстанд болох Азийн АШТ-ээс олимпийн эрх авах боломжтой. Энд жиндээ шилдэг наймд орсон тамирчид Риог зорих бөгөөд манай эрэгтэй, эмэгтэй багаараа 1-2 эрх авах боломж бий. Учир нь энэ жилийн ДАШТ-ээс Азийн 14 орон олимпийн эрхээ авчээ.
Дашрамд дуулгахад, М.Анхцэцэг Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2015” наадамд нэр дэвшээд байна.
Ч.БОЛОР