Эрх баригчдын "гавьяа" хар жагсаалт айсуй

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

Эрх баригчдын "гавьяа" хар жагсаалт айсуй

Эрх баригчдын "гавьяа" хар жагсаалт айсуй

Сүх далайтал үхэр амар гэж…Европын холбоо Монгол Улсыг бохир мөнгө угаадаг орнуудын хар жагсаалтад оруулах бэлтгэл хангасан ч Засгийн газарт мэдээлэл алга. Хэвлэлүүд энэ асуудлыг өчигдөр /2020.05.06/ Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Нягталж байна” гэдэг тайлбар хийхээс цааш хэтэрсэнгүй. Нууцлах шалтгаан байв уу, эсвэл энэ улсын нүд, чих ажиллахгүй болсон хэрэг үү. Эцсийн шийдвэр өнөөдөр гарах атал асуудлыг хамгийн нарийн мэдэх ёстой сайд нь мэдээлэлгүй сууж байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулах болсон үндэслэлээ бохир мөнгө угаалттай тэмцэхгүй байна гэж үзжээ.

Олон улсын аргачлалаар бохир мөнгө гэдэгт хар тамхины худалдаа, хүний наймаа, луйвар, залилан, авлига, хээл хахууль, контрабанд, зохион байгуулалттай гэмт бүлэглэл болон дээрэмд оролцох, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж олсон орлого багтаж байна. Илүү тодруулбал, гэмт хэрэг үйлдэгчид дээрх төрлийн хэрэг үйлдэж олсон орлогоо хууль ёсны болгон хувиргахын тулд банк санхүүгийн байгууллагыг “ашиглах”-аас эхлээд энгийн иргэдийг ч татан оролцуулдаг. Иймээс улс орон бүр энэ төрлийн гэмт хэрэгтэйгээ тэмцэж, таслан зогсоох арга хэмжээ авдаг. Харин Монголын хувьд ажиллахгүй байна гэж үзсэн бололтой.

Одоогоор Европын холбооны хар жагсаалтад Афганистан, Ирак, Вануату, Пакистан, Сири, Йемен, Уганда, Тринидад ба Тобаго, Иран, Умард Солонгос оржээ. Үндсэндээ дайн байлдаантай хийгээд хөгжил буурай орнууд багтсан байгаа юм. Хар жагсаалтад Монгол Улс орсон тохиолдолд эдийн засгийн хориг арга хэмжээнүүд тавигдана. Үүнд: хямд хүүтэй, урт хугацааны зээл татах боломжгүй болж,  гадаадын хөрөнгө оруулалт зогсох, дотоодын арилжааны банкуудтай харилцаж байгаа гадаадын банк олон улсын санхүүгийн байгууллага харилцаагаа таслах, мөнгөн гуйвуулга зогсох зэрэг хүндрэл үүсэх аж. Тэр хэрээр хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, дотоодод олгох зээлийн хүүнд дарамт учруулах эрсдэл дагуулах нь.

Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын улмаас Монгол Улсад ажилгүйдэл нүүрлэж, экспортын орлого эрс буурснаар цаашдаа хэрхэн аж төрөх вэ гэдэг асуудал хүн бүрийн толгойны өвчин болж хувираад буй. Татварын орлого эрс буурсан ч Засгийн газар УИХ-ын сонгуульд зориулсан популист шийдвэрүүдийг шил дараалан гаргасаар, зардал нь 6 их наяд төгрөг даваад буй. Хамгийн сүүлд буюу өчигдөр 793 тэрбум төгрөгийг дөрвөн төрлөөр гаргахаар болж байна.

Харин Монгол Улс гадаад өр төлбөрөө хэрхэн барагдуулах вэ гэдэгт тоймтой хариулт өгч чадахгүй, “зээл авч буцаан дарна” гэдэг жижүүрийн тайлбар өгөхөөс хэтрэхгүй сууна. Гэтэл хар жагсаалтад орсон нөхцөлд хямд хүүтэй зээл олдохгүй. Европын холбоонд багтдаг улс орнууд бол Монголыг аврахад гар сунгахгүй гэсэн үг. Гэтэл хэдхэн сарын дараагаас буюу 2021 оноос эхлээд Монгол Улс Мазаалай бондын эргэн төлөлтийг хийж эхлэх ёстой. Эхний удаад 500 сая ам.долларын өрийг шийдэх шаардлага үүсч байгаа. Үндсэндээ 2021-2024 оны хооронд 14 орчим тэрбум ам.долларын гадаад өр төлөгдөх тооцоо гарсан юм.

Харин эрх баригчид сүх далайтал үхэр амар гэгчээр “коронавирус дэгдсэн үед Европын холбоо Монгол Улсыг арайчиг бас хар жагсаалтад оруулчихгүй байлгүй” гэх  үг унаган томилгоо хийж сууна.

Уг нь FATF Монгол Улсыг өнгөрсөн оны аравдугаар сард саарал жагсаалтад оруулж, “Хар жагсаалтад орох эрсдэл өндөр байгаа шүү” гэдгийг сануулж, тэнсэн өгсөн. Энэ хооронд эрх баригчдын хийсэн ажил томилгоо л болж, тодорч харагдаж байна.

Эхлээд эрх баригчид Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсны буруутнаар Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн нарыг тодруулж, 2019 оны арваннэгдүгээр сард албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэтэл бодит байдал дээрдсэн зүйлгүй улам дордож Европын холбооны хар жагсаалтад орох эрсдэл нүүрлээд байна. Харин УИХ томилгоогоо үргэлжлүүлсээр өнөөдөр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөн, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайван нарыг тус, тус томилж, О.Эрдэмбилэгийг төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөс чөлөөллөө.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө төв банкны ерөнхийлөгч нарыг чөлөөлсөн нь МАН саарал болон хар жагсаалтын асуудалд санаа зовохоос илүүтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын хүмүүсээр төв банкийг бүрдүүлж авахад илүүтэй анхаарал тавилаа гэж хардах үндэслэлийг бий болгоод байна.

Монгол Улсын хувьд өмнө нь буюу 2013 онд FATF-ын саарал жагсаалтад орж байсан ч тэр үед эрх барьж байсан Ардчилсан нам хууль эрх зүйн орчноо өөрчилж, тодорхой ажлууд хийснээр гурван сарын дараа саарал жагсаалтаас гаргаж байв. Харин МАН эрх барихдаа Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргаж чадалгүй, нэрмээд Европын холбооны хар жагсаалт руу оруулж болзошгүй нөхцөлд орууллаа. Хэрэв Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулбал хариуцлагыг нь хэн хүлээх вэ?.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж