Монголын сор болсон сайхан бүсгүйчүүдийн нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Н.Батцэцэг. Түүний “Суварган цэнхэр уулс” киноны сурвалжлагч бүсгүй, “Гэрлэж амжаагүй явна” киноны Сүрэн, “Жинжиймаа” киноны алаг нүдэн, “Газарчин” киноны индиан эмэгтэй зэрэг олон сайхан дүр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн.
Тэгвэл Гавьяат жүжигчин Н.Батцэцэг болон түүний хань найруулагч О.Машбатын замналыг хоёр хүү нь тун амжилттай үргэлжлүүлж явна. Том хүү М.Бишрэлийн хувьд АНУ-ын Чикагогийн их сургуулийг төгссөн бол бага хүү М.Ивээл Колумбийн их сургуулийн кино найруулагчийн анги төгсчээ. Тэд хоёул АНУ-д амьдардаг аж.
Том хүү Машбатын Бишрэлийн найруулсан “Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод” уран сайхны кино энэ жил Монголд онлайнаар зохион байгуулах “Алтан өргөө” Олон Улсын кино наадмын / хуучнаар Алтан Хальс кино наадам/ нээлтийн киногоор зарлагдаад байгаа ажээ. Уг кино нь Лос-Анжелесийн Ази Номхон далайн кино наадам, Сан Дьегогийн Ази кино наадам, Сиэтлийн Ази Америкийн кино наадамд сонгогдон, Күинсийн дэлхийн кино наадмаас “Шилдэг зураглаач”-ийн шагнал хүртсэн байна. “Алтан өргөө” олон улсын кино наадмын бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд онлайн кино наадам ирэх зургадугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд болох юм байна.
Гавьяат жүжигчин Н.Батцэцэг ярилцлагадаа “Нэг хүү маань кино зохиол бичнэ, нөгөө нь богино хэмжээний кино хийж байна. Хүүхдүүд маань ирээдүйн их гараагаа эхлүүлэх гээд бэлтгээд л байна гэж боддог. Хоёр хүү маань кино урлагийн уран бүтээлчид учраас цаашид хөвгүүдтэйгээ хамтарч уран бүтээл хийхийг үгүйсгэхгүй. Миний хувьд тийм боломж гарвал сайхан л байна” хэмээн ярьж байсан билээ. Сонирхуулахад, бага хүү М.Ивээл ээжтэйгээ “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Вансэмбэрүү”, “Цагаан сүүний домог” зэрэг кинонуудад бага насандаа тоглож байжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ