БНСУ-ыг зорьсон иргэд “харлаж” эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

БНСУ-ыг зорьсон иргэд “харлаж” эхэлжээ

Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүрийн Мягмар гаригт хийдэг “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо. Мэдээллийн цагт ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Бүгд найрамдах Өмнөд Солонгос улс руу Монгол Улсын иргэд зорчих визийг хөнгөлж, таван сая төгрөгийн барьцаа төлж, гурван сарын хугацаанд тус улсад монголчууд аялал хийж, ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Цаашид ч Монгол иргэд  тус улс руу зорчих асуудлыг хөнгөвчлөх талаар хоёр тал шат дараатай яриа хэлэлцээр хийж байгаа юм. Гэтэл Солонгос улсын виз авах шалгуур нөхцөл багасаад ирэхээр монголчууд олноор Солонгос улс руу зорчих болж, тухайн улсад очиж “харлах” буюу хугацаа хэтрүүлэх асуудал түгээмэл болжээ.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан албаны дипломат автомашиндаа  буу, сум тээвэрлэж, хилээр гаргах явцдаа баригдаж, саатуулагдсан байдаг. Тэгвэл өнөөдөр ГХЯ-наас дэд консул А.Баярсайханыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж мэдэгдлээ.

Ирэх оны дөрөвдүгээр сараас АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээн дэх арга хэмжээ, дагалдах уулзалт, хурлууд эхлэх юм байна. Одоогоор тус уулзалтын зочдыг хүлээн авахад зориулж  тодорхой стандарт, шалгуурыг хангасан нэр бүхий зургаан зочид буудалд 77.1 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгожээ. Харин АСЕМ-ын дээд түвшний уулзалтад ирэх орнуудын тэргүүнүүд байрлах “Скай” ресортод баригдаж буй “Скай веллаж” хотхоны барилга ирэх зургаадугаар сард багтан ашиглалтад орно. Гэхдээ тус барилгыг барих гэж төсвийн мөнгөнөөс нэг ч төгрөг гаргаагүй гэдгийг ГХЯ-наас тодотголоо.

Сүүлийн өдрүүдэд европын орнуудад гэнэтийн террорист халдлагууд ихээр гарах болсон. Иймээс тус улсуудад ажиллаж, амьдарч буй монголчууддаа ГХЯ, Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан цаг тутам сэрэмжлүүлэг мэдээ хүргэж, холбоо тогтоож эхэлсэн тухай өнөөдөр мэдэгдлээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач  Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж