Олон улсын сувилагч нарын зөвлөлөөс /ICN/ гаргасан судалгаанд дурдсанаар дэлхий даяар нийт 90 мянган эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авсан байна. Гэхдээ бодит байдал дээр энэ тоо хоёр дахин илүү байж болзошгүй аж. Учир нь энэ судалгаанд бүх улс орныг хамруулж чадаагүй байна. Эмнэлгийн ажилтнууд ийнхүү олноороо халдвар авч буй нь хамгаалах хувцас хэрэгсэл дутмаг нөхцөлд, цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаатай холбоотой хэмээн үзэж байна.
Энэхүү судалгааг дэлхийн 30 орны Засгийн газрын мэдээлэл, эмч сувилагчдын холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагаас гаргасан тоо баримтад үндэслэн хийжээ.
Түүнчлэн халдвар авсан эмч, ажилтнууд илүү хүнд өвчилж, нас барах магадлал өндөр байгаа нь тэд цар тахлын эсрэг цаг наргүй ажиллаж, дархлаа ч суларснаас болж байгаа гэнэ. Испанид гэхэд 253 мянга орчим халдвар тээгч бүртгэгдсэний 43 мянга нь буюу 18 хувь нь эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд байна. Харин сүүлийн өдрүүдэд коронавирусийн тархалт эрчимтэй байгаа ОХУ-д уг өвчнөөр нас барсан эмч, эмнэлгийн ажилтнуудын дурсгалыг хүндэтгэх тусгай вэбсайт нээсэн ба энэ сайтад одоогоор 113 эмчийн мэдээлэл оржээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ