Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд БНСУ-д суугаа Элчин сайдын яам, УДБЭТ-тай хамтран 12 дугаар сарын 6-ны өдөр Сөүл хотноо “Монголиан гала концерт”-ыг зохион байгуулав.
Эл тоглолтод дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийн дээжээс УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ С.Мөнгөнцэцэг зэрэг тив дэлхийд данстай уран бүтээлчид дуулж сонирхуулснаас гадна, УДБЭТ-ын Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Концертыг МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, БНСУ-ын "Ариранг" телевизийн нэвтрүүлэгч Анжела Парк нар хөтөлж, сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн бүрэн хэмжээний тоглолтыг хоёр орны соёлын гүүр болгон анх удаа эгшиглүүлжээ.
Гала концертод БНСУ-ын Хууль тогтоомжийн сайд Жэ Жөн Бү, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ү Юүн Гын, Сөүл хотын Гванжин дүүргийн Засаг дарга Ким Ки Дон зэрэг төр, засгийн албаны хүмүүс, Сөүл дэх гадаадын ДТГ-ын тэргүүн нар оролцов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга асан Пак Гуан Ён нар гэргийн хамт, БНСУ-аас Монгол Улсад сууж байсан үе үеийн Элчин сайдууд болон Монгол судлалын нийгэмлэгийн удирдах гишүүд, Солонгос дахь монгол иргэдийн төлөөлөл зэрэг мянга гаруй зочин төлөөлөгч тоглолтыг үзэж сонирхжээ.
Монголын урлагийн гала концерт БНСУ-д анх удаа зохион байгуулагдсан нь хоёр орны ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, ялангуяа Монголын орчин үеийн соёлын хөгжлийг гадаадад сурталчлан таниулахад хувь нэмэр орууллаа хэмээн зохион байгуулагчид бидэнд мэдээллээ.
БНСУ-ын Сөүл, Тэжон, Бусан хотод "Монголын гала" тоглолтоо толилуулсан ДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр эх орондоо ирсэн. Энэхүү аялан тоглолтын мэдээллийг эргэн хүргэх болно.
Ч.БОЛ