УИХ-ын чуулганы хуралдаан /2020.05.07/
Posted by News.mn on Thursday, May 7, 2020
Чуулганы хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна
УИХ-ын үдээс хойших хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Ноён уул орчмын газрыг өргөтгөх, ангилал ахиулахаар төслийг боловсруулжээ.
Энэхүү тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна.
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1995 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Ноён уул орчмын газрыг 21,670 га-аар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан аж.
Дараа нь Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор санал хураалт явуулснаар, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үргэлжлүүлэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хаалттай горимоор хэлэлцэж байна.
Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталлаа. Төсөлд сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгасан юм.
Засгийн газраас агаарын бохирдлыг багасгах зорилгоор нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэх шийдвэр гаргасан. Энэ дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үүрэг бүхий Тавантолгой нүүрс компанийг байгуулсан. Тус компани өдөрт 3000 орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөж өдөрт 3500 хүртэл тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос сайжруулсан хатуу түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх, түлшний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор нэг тонн тутмын үнийг 150 мянган төгрөгөөр тогтоосон. Гэвч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон өртгөөр борлуулахад нэг тонн нь 165 мянган төгрөг буюу нэг тонн тутамд 15 мянган төгрөг нэмэгдэхээр байгаа нь гэр хорооллын өрхийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм. Иймээс сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийг төслийг Засгийн газар боловсруулсан юм. Энэ төрлийн НӨАТ авч байгаагүй, шинээр авч байгаа тул төсвийн орлогод нөлөөлөхгүй гэдгийг төсөл санаачлагч тодотгосон.
Үргэлжлүүлэн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий шинээр 5, өргөтгөлөөр 4, нийт 9 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан.
Тодруулбал, Онон Балжирын цогцолбор газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг, Давэлийн арлын байгалийн нөөц газарт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар заажээ. Мөн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байдаг Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт оршдог Гутайн даваа-Хөмүүл голын эхийг тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна. Түүнчлэн, Баянхонгор аймгийн Галуут сумын Хан уулыг Хангайн нурууны байгалийн цогцолбор газарт, тус сумын Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах юм байна. Үүнээс гадна Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын Хөх нуур-Бумбат орчмын газрыг, Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг өргөтгөлөөр хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах юм.
С.Бямбацогт: 2030 онд ядуурлыг 15 хувьд хүргэх зорилт тавьсан
Үргэлжлүүлэн “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
“Алсын хараа-2050” хөгжлийн үзэл баримтлал нь Монголын эзэнт гүрний түүх, нүүдэлчин соёл иргэншил, үндэсний давтагдашгүй ижилсэл ба ондоошилд суурилж, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, олон улсын дэвшилтэт үзэл баримтлалтай хослуулсан “Монгол хөгжлийн загвар” бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газраар батлагдан гарсан 567 салангид бодлогын баримт бичгүүдийн нэгтгэл юм.
Энэхүү үзэл баримтлал нь үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм, бүсчилсэн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн есөн зорилго, 50 зорилтоос бүрдэх бөгөөд 2020-2030, 2031-2040, 2041-2050 он гэсэн гурван 10 жилээр хөгжлийн үе шатуудаа тодорхойлж, шалгуур үзүүлэлтүүдийг тооцсон болно. Нийт 187 томоохон төслийг хэрэгжүүлэхээр тусгаснаас 52 төслийн хувьд ТЭЗҮ-г шинээр хийх шаардлага тулгарч байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, бодлогын гол цөм нь Монгол хүн байх бөгөөд дэлхийн банкны аргачлалаар чинээлэг дундаж давхаргын суурь түвшнийг 16.2 хувиар тооцож, 2050 он гэхэд 80% д хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний суурь түвшнийг 4009 ам.доллараар авч, 2030 онд 8299 ам.доллар, 2040 онд 12 мянган ам доллар, 2050 онд 15 мянган ам.доллар байхаар тооцож, дотоод нийт бүтээгдэхүүний хувь хэмжээ 6.1 дахин тэлж, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 168.3 их наяд хүрэхээр төсөөлөв.
Төслийн талаар гишүүд ажлын хэсгээс асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөрийг өмнөх парламентын үед С.Бямбацогт нарын гишүүд бид баталж байсан. “АЛСЫН ХАРАА-2050” үзэл баримтлалыг Монгол Улсын хөгжлийн гол баримт бичиг гэж үзэн ихэд хүндэтгэлтэй хандаж байна. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэгт талархал илэрхийлье. Энэ тогтоол батлагдсанаар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хүчингүй болох юм уу. Олон чухал заалтууд үзэл баримтлалд тусгагдсан учраас АЛСЫН ХАРАА-2050” үзэл баримтлалд хэр зэрэг шингээсэн бэ. Ямар ямар зүйл заалтууд тусгагдав. Уг үзэл баримтлалыг урт хугацааных гэж үзэж байгаа. Дунд хугацааных ямар хөтөлбөр орох вэ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтдөө бид Монгол Улсын хөгжлийн бодлого тогтвортой байна гэж суулгасан. Энэ бодлого нь Засгийн газрын дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдах ёстой гэдгийг тусгасан. Ажлын хэсэг НҮБ болон бусад улс төрийн намуудаас ирсэн саналуудыг нэгтгэхдээ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” үзэл баримтлалын гол заалтуудыг энэ баримт бичигтээ суулгаж өгснөөс гадна засах шаардлагатай заалтуудыг өөрчилсөн. Тухайлбал, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нэг хүнд оногдох ДНБ-ийг 17 мянга 500 ам.доллараар тооцсоныг хэт өөдрөг байна гэж үзээд 12 орчим ам.доллар болгож оруулсан. Мөн 2030 баримт бичигт ядуурлыг 0 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсныг “АЛСЫН ХАРАА-2050” 15 хувьд, 2050 он гэхэд таван хувьд хүргэх зорилт тавьж өөрчилсөн.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Урт хугацааны бодлогын баримт бичгийн асуудалд бид улс төрийн хил хязгаарыг гээж, улс орныхоо эрх ашгийн төлөө нэгдэх ёстой. Төсөлд саналаа өгсөн ЕТГ, АН, МАН, Шинэ нам болон бусад улс төрийн намуудад талархаж байна. "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийтдээ 44 зорилт тусгагдсанаас үүнээс 72.7 хувь нь энэ баримт бичигт тусгагдсан. Тусгагдаагүй нэг ч заалт байхгүй, ихэнх нь заалтыг агуулгын хувьд өөрчилж нэгтгэсэн. Суурь тоонуудад тодорхой өөрчлөлтүүд хийгдсэн. Өмнө нь батлагдаж байсан 520 орчим баримт бичгээс хүчин төгөлдөр 230 бодлогын баримт бичгүүдийн нэгдсэн, цогц баримт бичиг болсон гэж харж байгаа.
Бусад бодлогын баримт бичгүүдтэй зөрчилдсөн зүйл байхгүй. Энэ төсөл батлагдсаны дараа ном болж гарна. "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хүчин төгөлдөр бус болсон гэж ойлгож болохгүй. Харин АЛСЫН ХАРАА-2050” үзэл баримтлалтай нэгтгэгдсэн.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Өнгөрсөн хугацаанд бий болсон маш олон алдааг бид засах ёстой. Нэг хүнд оногдох ДНБ 2050 онд 38 мянган ам.доллар гэж тооцоолсон байна. Сүүлийн үед ДНБ-ийг хэмжих гэхээс илүүтэй аз жаргалын индексийг авч үзэх болсон. Хаана аз жаргалтай байна тэнд хөгжил байна гэсэн үг. Экспорт чиглэл тэргүүлэх зорилт байх нь тодорхой. Манай улсын эдийн засаг жижигхэн учраас өсөлт экспортод чиглэгдэнэ. Уламжлалт чиглэлээс гадна өөр ямар боломжууд байна вэ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Дэлхийн улс орнууд бусдыг шууд хуулбарлаад хөгжсөн нэг ч улс байхгүй. Улс орон бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Эндээсээ л тохирсон хөгжлийн загвараа олж харж тодорхойлдог. Бидний өнгөрсөн 30 жилийн алдаа бол шууд хуулбарласных. Тэр хуулбар нь Монгол Улсын хөрсөнд нутагшихгүй байх алдааг туулж ирсэн гэдгийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. "АЛСЫН ХАРАА-2050” үзэл баримтлал бол Монгол Улсын хөгжлийн загвар. Өнгөрсөн, ирээдүйг судалж дэлхийн дэвшилтэт онолтой амжилттай хослуулах загварыг манай судлаачид хийсэн. Эзэнт гүрний түүх, нүүдлийн соёл иргэншил, хөрвөх чадвар бүхий Монгол хүн, газар нутгийн байршил энэ бүхэн дээр тулгуурлаж буюу уламжлалаа гүнзгий хадгалсан. Гэхдээ дэлхийн дэвшилтэт хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан. Ингэж байж бид өөрийн онцлогт тохирсон хөгжлийн моделиор дэлхийтэй өрсөлдөх учиртай.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталлаа
Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт "… Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, …" гэж, Хорин тавдугаар зүйлийн 25.1.7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах; Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна…" гэж тус тус заасан.
Улмаар Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх хэрэгцээ, шаардлагын улмаас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлага үүссэн байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь дээр дурдсан асуудлуудыг зохицуулахын зэрэгцээ Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг ханган боловсруулж батлах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх төдийгүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг системчилж, тэдгээрийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа хууль санаачлагч гишүүн танилцуулгадаа онцлов.
Төслийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссанаар төслийг батлах нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн юм.
Хууль батлах босгыг өндөрсгөлөө
Posted by News.mn on Wednesday, May 6, 2020
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй тухай, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүнийг хавсарч болох тухай, гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Төсөлд УИХ-ын олонхыг бүрдүүлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх тухай тус, тус заажээ. Ерөнхий сайдыг огцруулах тухай санал гаргах, түүнд итгэл хүлээлгэх эсэхтэй холбоотой зэрэг УИХ, түүний бүрэн эрхтэй холбоотой 13 багц асуудлыг шинэчлэн зохицуулснаар хуулийн төслийг боловсруулжээ. Мөн төсөлд хууль батлах босгыг өндөрсгөж дэмжсэн гишүүдийн тоо 39+ байхаар тусгасан.
Төслийн талаар зарим гишүүн асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу холбогдох хуулийн өөрчлөлтүүдийг хийж байгаа. Энэ хүрээнд орж ирсэн төсөл. УИХ төрийн эрх байгууллага дээд байгууллага оруулсан. УИХ өнгөрсөн хугацаанд ямар үүрэгтэй, яаж өөрчлөгдөв, одоо үйлчилж буй хууль хэр үр дүн өгөв. Энэ талаар дүн шинжилгээ хийсэн зүйл байна уу. УИХ төрийн эрхийг барих дээд байгууллага юм бол Монгол Улсын хөгжлийн асуудал цаашид хэрхэх юм бэ. Монгол Улс хар, саарал жагсаалтад орлоо зэрэг Монгол Улсын нэр хүнд гадна, дотоодод гэгээтэй зүйл тун бага байна. Улс орны хөгжлийн асуудалд УИХ үүрэг ямар байх талаар төсөлд тусгасан зүйл байна уу. Зөвхөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хуулийг өөрчлөөд явах юм эсвэл өнгөрсөн 30 жилийн алдаа, оноондоо дүгнэлт хийж УИХ-ын тухай хуульдаа өөрчлөлт оруулах юм уу.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ, парламент дахь ёсоо боловсонгүй болгох явдал. УИХ-ын парламентын гол ажил нь хууль тогтоох, хянан шалгах, төсөв батлах, ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх гэсэн дөрвөн чиг үүргийг төсөлд нарийвчлан тусгасан. Парламентын төлөвшил, хөгжилд энэ төсөл том алхам болно. Бид хууль тогтоох гээд хуулийн араас хөөцөлдөөд хянан шалгах үйл ажиллагаагаа орхигдуулж ирсэн дутагдалтай. Тиймээс энэ чиглэлд хяналт, асуулга тавих, тайлан мэдээлэл сонсох зорилготой хянан шалгах Түр хороо байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд байнгын үнэлгээ хийх, Нийтийн сонсгол зохион байгуулах зэрэг хяналтаа чангатгах талаар сайтар тусгасан. Мөн УИХ-ын стратеги төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр Монгол Улсын хөгжлийн асуудалд анхаарал хандуулах нөхцөл болно.
Төслийн талаарх байнгын хорооноос гаргасан 10 зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулснаар, хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал,тус бүрээр санал хураалт явуулж дууссанаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Г.Дөлгөөн: ББСБ эзэмшдэггүй, банкуудын хувьцаа эзэмшигчдийг зарлана
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Энэхүү албан тушаалд Г.Дөлгөөнийг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан юм.
Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж.
Нэр дэвшигчээс гишүүд асуулт асуусан.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
30 настай Г.Дөлгөөнийг дэмжиж байна. Очоод зоримог арга хэмжээг авахгүй бол банк, санхүүгийн салбар чинь дампуурч дууслаа. Мөлжлөгийн систем болж хувирлаа. Энэ мөлжлөгийн системийг таслан зогсооход Г.Дөлгөөн дүүд бодож, төлөвлөсөн зүйл байна уу.
Нэр дэвшигч Г.Дөлгөөн
Саарал жагсаалтаас гарах чиглэлд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. FATF-д ойрын хугацаанд тайлангаа тавих шаардлагатай. Сүүлийн мэдээллээс харахад тавдугаар сарын 11-нд хурал нь болно гэж ойлгож байгаа. Нийтдээ зургаан асуудлаас гурвыг нь бүрэн шийдсэн, үлдсэн гуравт тайлбараа тавих байх. Европын холбооны хар жагсаалтын тухайд хэвлэлээс мэдээллийг харсан. Албаны эх сурвалжаас харахад албажиж шийдвэр гараагүй гэдгийг хэлсэн. Саарал жагсаалтаас гарах ажилд хууль тогтоомжийн дагуу бүхнээ дайчилж ажиллана. Зээлийн хүү өндөр байгаа асуудалд олон ойлголт явдаг. Монгол Улсын банкны системд зээлийн жигнэсэн дундаж хэмжээ 16-17 хувьтай. Банкуудад зээлийн хүү өндөр гэсэн мэдээлэл мөн их гардаг. Гэхдээ энэ нь инфляц, мөнгөний эрэлт, нийлүүлэлттэй шууд холбоотой. Банк бол санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг газар. Нөгөө талдаа хадгаламжийг татахын тулд харилцагчдаа хүү амалдаг. Зээлийн хүүг бууруулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийж буулгах боломжтой гэж ойлгож байгаа. Мөн банкууд нэгдэж чадвал хүүгийн дарамт буурах болов уу. Банкны системийн шинэчлэлийн тухайд хуулийн өөрчлөлтүүд хийгдэнэ гэж ойлгосон. Өөрийн мэдлэг, ур чадвар, ажлын туршлагаа үндэслэж банкнуудын хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг ил болгох, хяналт тавихад хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Аливаа ажилд өмнө нь амжилт гаргаж байж дээшээгээ дэвшдэг. Алтжин групптэй холбоотой том маргааныг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Төрийн банкыг удирдах явцдаа ямар ашигтай ажиллуулав, ямар үр дүнг гаргав. Зээлийн хүүг буурахгүй байгаа шалтгааныг нийгмийн сүлжээнд банкуудаас болж буурахгүй байна гэж ярьдаг. Ямар цогц бодлогуудыг явуулж байж зээлийн хүү буурахгүй юм бэ, тодорхой хариулт өгөөрэй.
Нэр дэвшигч Г.Дөлгөөн:
Төрийн банктай холбоотой шүүхийн шатанд яваа хэд хэдэн асуудал бий. Банкны дотоод мэдээлэл Төв банкны тухай хуулиар нууц. Гэхдээ олон нийтэд ил болсон хүрээнд тайлбар өгвөл, Алтжин компанийн асуудал 2013 онд Дээд шүүхийн шийдвэрээр тухайн үеийн Хадгаламж банк төлөх чадамжгүй бол Жаст групп төлнө гэсэн шийдвэр гарсан. 2013 онд Хадгаламж банк татан буугдаж Төрийн банктай нэгдсэн. Өнөөдрийн байдлаар Алтжин компанийн асуудал хуулийн байгууллагад шилжиж, ажлын хэсэг гарсан. Прокурорын дүгнэлт гарч шүүхийн шатанд очих болсон.
Миний бие 2018 оны нэгдүгээр сард Төрийн банкны гүйцэтгэх ажлаа хүлээн авсан. Баланс хүлээн авах үед хасах 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Төрийн банк түүхэндээ ашигтай ажиллаж чадсан. Чанаргүй зээлийг бууруулах, бизнесийн ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж 21 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн Монголбанкнаас тавьдаг зохистой харьцааны бүх журмыг бүрэн хангасан. Гадаадын аудитын байгууллагад өнгөрсөн оны тайлангаа явуулсан. Банк балансаа нэлээд тэлж чадсан. 2.3 их наядын актив 3.2 их наяд буюу 1 их наядаар нэмэгдсэн. Олон улсын зарим нэр хүндтэй шагналуудыг авсан. Зээлийн хүүг бууруулах тал дээр эдийн засагч хүний хувьд хэлэхэд, банк санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Эх үүсвэрийн зардлыг бууруулах тал дээр эрчимтэй ажиллах ёстой. Саарал жагсаалтаас гарч гадаадаас бага зардалтай эх үүсвэрийг татснаар банкуудын системийн урсгал нээгдэнэ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Залуус боломж өгч байна гэж харж байгаа. Нөгөө талдаа болгоомжлох тал байна. Банкны салбарт хууль эрх зүйн орчин дутмаг байна гэж би дүгнэх болсон. Залуучууд хоорондоо баг болж ажиллах нь чухал шүү. Монголбанканд өндөр алба хашиж байгаа хүмүүс ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэдэг нь нийтэд ил болсон, АТГ-аас ч үүнийг анхааруулсан. Ашиг сонирхлын зөрчлөөс яаж ангид ажиллах вэ, энэ талаар тодорхой мэдээллээ өгөөч.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр зарчмын томоохон өөрчлөлүүд хийгдсэн. Монголбанк нэг хүний удирдлагад биш хамтын удирдлагаар шийдвэр гаргадаг болсон. Нэр дэвшигчид хоёр залуу санхүүгийн салбарын хүмүүс учраас гар нийлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Энэ ондоо багтаж саарал жагсаалтаас гарвал, хар жагсаалтад орохгүй байх боломжтой.
Нэр дэвшигч Г.Дөлгөөн:
Би ажлын гараагаа Төв банкнаас эхлүүлсэн. Хөгжлийн банк, Төрийн банкинд олон жил ажилласан учраас хувийн байгууллагатай холбоотой зүйл байхгүй. Би ББСБ эзэмшдэггүй, холбоогүй. Төв банкны тухай хуулийг ягштал баримталж ажиллана. Гол төвлөрч ажиллах зүйл маань хуулийн зохицуулалт дээр санал дүгнэлтээ оруулж ирнэ.
Ингээд гишүүд асуулт асууж дууссанаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Г.Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжив.
Үргэлжлүүлэн Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг томилуулах саналыг танилцууллаа.
Г.Энхтайван нь 2007 онд АНУ-ын Арканзасын их сургуулийн бизнесийн удирдлагын бакалавр, 2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэргийг тус тус хамгаалжээ. Тэрбээр 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч, 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе, 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч, 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.
Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна.
Түүнийг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайван томилогдлоо.
Д.Лүндээжанцан: Томилгоо ярихаар хужирссан мал шиг шавцгаана
УИХ-ын чуулганаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, түүний оронд Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.
Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй.
Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.
Харин нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой.
1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажиллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.
УИХ-ын гишүүн Л.Болд:
Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Хоёр хөршдөө ач холбогдол өгөх ёстой. Хойш хөршид суугаа Д.Даваа генерал маш сайн ажиллаж байгаа. Т.Бадрал генералыг урд хөрш рүү томилох нь Монгол төрийн зөв томилгоо болно. Н.Эрдэнэтуяагийн хувьд мэргэжлийн сайн дипломат. Хамгийн олон монгол иргэн БНСУ-д ажиллаж байгаа. Цаашдаа бид хаана олон иргэн байна тэр хэрээр анхаарал хандуулах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Хоёр нэр дэвшигчийг дэмжиж байна. Бидний ажлын арга барилын доголдлын талаар яръя. Намар, хаврын чуулган дуусах төгсгөлд дандаа Элчин сайд нарын томилгоог оруулж ирдэг. Сонгууль дөхөж чуулган завсарлахын өмнө баахан томилгоонууд оруулж ирлээ. Монголбанк, ХЭҮК гээд энэ бүх томилгоонд гишүүдийн дуртай байгаа нь жигтэйхэн. Бүгд асуулт асууж, хэтэрхий мэргэн жараахай шиг баахан захицгаадаг. Олон хууль хэлэлцэгдээгүй хүлээгдэж байхад хэдэн албан тушаалтны томилгоог оруулж ирэх юм бэ. Чухал хуулиуд ард нь үлдээд байна. Хэдхэн хүн хуулиуд бөөс, хуурсыг нь түүж ажиллаж байхад албан тушаалын томилгоо болохоор бүгд шаваад ороод ирдэг. Хууль дээр хэдэн хүн сууж, томилгоо дээр хужирссан мал шиг шавцгаана. Томилгоог цагийг нь тулгаж оруулж ирдгээ болих хэрэгтэй. Цаашид анхаараарай.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
Хоёр нэр дэвшигчийг дэмжиж байна. Т.Бадрал генерал хувьд ОБЕГ-ыг толгойлж ажиллахдаа юу хийж, ямар хүчин чадалтай болгов гэдэг нь бүх хүний нүдний өмнө илт байгаа, маш сайн ажилласан. Тиймээс хоёр орны харилцаа дээр ч гэсэн энэ эрч хүч нь харагдах байх аа.
БНХАУ-ын Элчин сайдаар очоод Эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой Нарансэвжидийн боомтыг сэргээх тал дээр санаачилгатай ажиллаарай.
УИХ–ын дарга Г.Занданшатар:
Дараагийн Элчин сайд нарыг томилох тухайд олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Халдвараас шалтгаалж хөл хорио, нислэг, итгэмжлэх жуух бичгээ барихаас эхлээд түвэгтэй асуудлууд гарч байгаа. Тиймээс ҮАБЗ дээр ярьж байгаад эхний ээлжид зайлшгүй томилох шаардлагатай БНХАУ, БНСУ-д томилох Элчин сайд нарыг оруулж ирсэн. Энэ хоёр хүн хоёулаа нам бус төрийн жинхэнэ албан хаагчид. Т.Бадрал генерал цар тахлын үед БНХАУ-д айлчилсан Ерөнхийлөгчийн айлчлалд хамт явсан. Тиймээс хоёр хөршдөө генерал хүмүүсийг томилж байгаа нь санамсаргүй томилгоо биш ээ.
Үүгээр гишүүд үг хэлж дууссанаар Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ.
ЧУУЛГАН: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг хэлэлцэнэ
УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд,
1.Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцөх тухай асуудал;
2.Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлж, томилох тухай асуудал;
3.Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай асуудал;
4.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
5.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
6.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
7.““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
8.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
9.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
10.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
11.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
12.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
13.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
14.“Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
15.Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
16.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
17.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт.
Холбоотой мэдээ