НЭМЭЛТ:
М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.05.07/ гурав дахь өдрөө үргэлжилсний эцэст түүнд 4.6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болж, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаанд хасах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.
Өглөө 08.30 цагт үргэлжилсэн шүүх хуралдаан 11.30 цагийн үед түр завсарлаж, шүүгчид зөвлөлдөхөөр танхимд оржээ. Хэсэг хүлээсний эцэст шүүх бүрэлдэхүүн танхимд эргэн орж ирэн, М.Энхсайханыг автомашин худалдан авсан асуудалтай холбогдуулан Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан зардал болох 14 сая төгрөгийг төлүүлэхээр болов.
Ингээд гэм буруугийн шүүх хурал цааш үргэлжилж талууд мэтгэлцэж эхэлсэн юм. Танхимд даргалагч нэг, дагалдан хоёр шүүгч , М.Энхсайханы хоёр өмгөөлөгч болон М.Энхсайхан, Улсын яллагч сууж байв.
Улсын яллагч /прокурорын/ зүгээс М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр хэсэгт зааснаар таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байгаагаа шүүгчид хэлэв. Шүүгч М.Энхсайханд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дараах байдлаар тайлбарлав.
Шүүгч “Энэ гэмт хэргийн хугацаа дуусаагүй юм байна гэж үзсэн. Учир нь автомашин авсан үйлдэл нь 2013 оны тавдугаар сарын 18-ны өдөр байсан. Харин энэ гэмт хэрэг таван жилийн хөөн хэлэлцэх хугацаатай. Мөн тодорхой бичиг баримтыг боловсруулж, УИХ-д мэдүүлсэн үйлдэл нь 2015 оны дөрөвдүгээр сарын 23 гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл М.Энхсайханд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны зургадугаар сараас эхлэн тооцогдох ёстой. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Улсын яллагч шүүх хуралд 130 сая төгрөгийн хохирлыг Эрчим хүчний яаманд учруулсан гэдэг саналыг оруулж ирсэн. Энэ нь үндэстэй байсан. Гэхдээ тухайн үеийн үнэлгээ 75 саяын машиныг 130 сая төгрөгөөр авсан буюу албан тушаалын байдлыг урвуулан хохирол учруулсан. Тухайн үед 75 саяар авсан машин, 130 сая төгрөгийн хоорондох зөрүүг улсад гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ. 75 сая төгрөгийн үнэлгээг шүүх бодитой гэж үзсэн бэ гэхээр мөрдөн шалгах явцад 75 сая төгрөг гэж тогтоогдсон” гэв.
М.ЭНХСАЙХАН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХЭМЖЭЭНИЙ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭГҮЙ
Үүний дараа өмгөөлөгч Д.Оросоо “Эрүүгийн хуульд хууль ёсны зарчмыг тодорхой заасан. Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Энэ эрх чөлөөг бид зөрчигдөж байна гэж үзэж байна. Шударга ёсны зарчим нийцэхгүй байна.
Өнөөдөр энэ хүн эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээний гэмт хэрэг үйлдээгүй. Прокурорын зүгээс яллах, саналыг бид зөвшөөрөхгүй. Мөн гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг эрхэлсэн албан тушаал, үзэл бодлоор нь гадуурхаж болохгүй гэсэн заалттай. Энэ заалтыг аваад үзэхээр энэ хүн ямар нэгэн эрүүгийн хуульд заасан тодорхой үйлдэл хийгээгүй. Хийгээгүй үйлдлийнх нь төлөө прокурор хариуцлага хүлээлгэх асуудал ярьж байна.
Энэ хүн гэрээний төсөл боловсруулсан. Хэрвээ үүнийг гэмт хэрэг гэж тооцвол эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимтай нийцэхгүй. Хүнийг үзэл бодол итгэл үнэмшлийнх төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн заалт байгаа. Зарчмын хувьд гэрээний төсөл, “Тавантолгойн” төсөлтэй холбоотой асуудал улс төрийн бодлогын илэрхийлэл. Төрийн бодлого боловсруулж явсан хүнийг өнөөдөр эрүүгийн хуулиар яллаж байна. Тиймээс санал дүгнэлт эрүүгийн хуульд нийцэх боломжгүй байна” гэлээ.
ӨНӨӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНААС ҮНЭН ЗӨВ БОДИТОЙ ДҮГНЭЛТ ГАРСАНГҮЙ
Өмгөөлөгч Ц.Эрдэнэбат “Өнөөдрийн шүүх хуралдаанаас үнэн зөв бодитой дүгнэлт гарсангүй. Өөрөөр хэлбэл хууль хэрэглэж ярих ямар ч боломжгүй юм байна.
Өнөөдрийн шүүх хуралдааны өрнөл иргэн Х.Баттулгын тодотголтой Монгол Улсын прокурорын зөвлөгөөнд өгсөн 178 хуудас бүхий материалтай холбоотойгоор хэрэг маргааныг шийдвэрлэж байна. Эндээс харахад хараат бус байдлаар шийдэж чадаж байна уу гэдэгт эргэлзэж байна. Энэ бол хэлмэгдүүлэлт. Хуулиар ярих боломжгүй юм байна. Хууль хэрэглээний хувьд алдаатай байна” хэмээн шүүгчийг өөд харлаа.
БИ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ
Шүүгч М.Энхсайханаас танд хэлэх үг бий юу гэж асуувал тэрбээр суудлаасаа босч “Би хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн хэлэхэд шүүхийн явцыг дамжуулж байсан дүрс бичлэг тасалдаж, танхимд цугларсан хүмүүс түүний “гомдлыг” сонсож чадсангүй.
Шүүх хуралдаан хэдийгээр нээлттэй явагдсан ч цар тахалтай холбогдуулан хэвлэлийнхнийг танхим руу оруулсангүй. Гагцхүү шүүх хурлын эхлэл төгсгөлийг дэлгэцээр харуулах боломжтойг сануулсан. Эцэст нь шүүхийн гадаа М.Энхсайханы гэр бүлийнхэн болон өмгөөлөгч нар дээрх шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийлж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа давж заалдана гэдгээ сэтгүүлчдэд илэрхийллээ. Ингээд үд дунд М.Энхсайханыг цагдан хорих анги руу буцаан авч явав. Харамсалтай нь шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх бус, төрийн бодлогыг хэрэгжүүлсний төлөө хэргийг “хүчээр” шийдэж, дөрвөн жил, зургаан сарын ял оноолоо.
НЭМЭЛТ:
Нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдлүүлэхээр тогтсон байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар
НЭМЭЛТ:
"М.ЭНХСАЙХАН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭГҮЙ, БИД ДАВЖ ЗААЛДАНА"
Ерөнхий сайд асан М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "хөөн хэлэлцэх хугацаа дээр хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Энэ бол 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр УИХ-д Засгийн газар өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлтэй холбоотой үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн өдөр гэж прокурор яллаж байна. Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн өдрийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой. Энэ утгаараа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байж байгаа. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Тийм учраас хэргийг шийдэх боломжгүй. Шүүх хуралдаан дээр шинжээч нар алдаатай дүгнэлт гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шинжээчийн дүгнэлт бүрэн биш гэдэг нь тодорхой байсан. Тиймээс хэргийг прокурорт буцаах хангалттай үндэслэл байсан гэж бид үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Бид шийдвэрээ гардан аваад давж заалдах шатны дараагийн шүүхэд гомдлоо гаргаад явна. Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангийг нэгтгэсэн нь эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хэрэг биш. Бид 2002 оны эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой. Яагаад гэвэл гэмт хэрэг гэж үйлдсэн тэр цаг хугацаанд хэрэглэгдэж байсан хуулийг хэрэглэх нь манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж буй юм. Тиймээс эрүүгийн хуулийн хоёр зүйлийг нэгтгэсэн явдлыг манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхгүй байна.
Гэмт хэрэг үйлдээгүй. Ер нь бол гэрээний төсөл боловсруулсан ийм үйл явдал. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн хувьд боломжгүй. Хийсэн энэ бүх үйл ажиллагаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш. Бид давж заалдах болно.
НЭМЭЛТ:
М.ЭНХСАЙХАНЫГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦОЖ, 55 САЯ ТӨГРӨГ ТӨЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
М.ЭНХСАЙХАНЫГ ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ШҮҮЖ БАЙНА
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хуралдаан өнөөдөр /2020.05.07/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байдаг.
Эргэн сануулахад, М.Энхсайханыг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүхээс түүнийг дараагийн шүүх хурал цагдан хорьж, шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргаж байв.
Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллах байхдаа Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан гэж үзэн буруутгаж буй. Гэхдээ энэхүү гэрээг тухайн үеийн З.Энхболд даргатай УИХ-аар хэлэлцэлгүй, Засгийн газарт буцааж байсан юм.
Холбоотой мэдээ