Covid-19: ОХУ хөл хориог гурван үе шаттайгаар сулруулна

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: ОХУ хөл хориог гурван үе шаттайгаар сулруулна

Covid-19: ОХУ хөл хориог гурван үе шаттайгаар сулруулна

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар /2020.05.07/ дэлхий даяар 3 сая 818 мянга 576 хүн өвчилж, 264 мянга 807 нас барж, 1 сая 292 мянга 222 хүн эдгэрээд байна. Нэг хоногт 94 мянга 58 шинэ халдвар бүртгэгдсэн бол нас баралт 6781-ээр нэмэгджээ.

Түүнчлэн идэвхтэй халдварын тоо  2 сая 261 мянга 547, биеийн байдал нь хүнд байгаа 48 мянга 195 хүн байна. Дээрх тоо баримтуудыг дэлхийн нийт хүн амтай харьцуулж үзвэл нэг сая хүн тутмын 490 нь халдвартай, нэг сая хүн тутмын 34 нь коронавирусийн улмаас нас бараад байна.

Итали, Испани, Франц, Герман зэрэг Европын орнуудад тархалт болон нас баралт харьцангуй буурч байгаа бол ОХУ, Бразил улсуудад халдвар эрчимтэй тархаж байна.

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга 559 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвартай хүний тоо 165 мянга 929 болжээ. Харин нас барагсдын тоо хоногт 86-аар нэмэгдэж нийт нас барагсдын тоо 1,537 болсон бол эдгэрсэн хүний тоо 21 мянга 327 болсон байна. Тус улсад нас баралт бусад улс орнуудыг бодвол харьцангуй бага байгаа юм.

Бразилд 11 мянга 433 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авагсдын тоо 126 мянга 148 хүрсэн бол нас баралт 645-аар нэмэгдэж  8,566 болжээ. Харин эдгэрсэн хүний тоо 51 мянга хүрсэн байна.

ОХУ-д хорио цээрийн дэглэм тавдугаар сарын 11-нд дуусах ба тус улсын эрх баригчид Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас гаргасан зөвлөмжид үндэслэн, халдварын тархалт өндөр байгаа бүс нутгуудад илүү хатуу хөл хорио тогтоох, эсрэгээрээ тархалт бага байгаа газруудын хязгаарлалтыг сулруулах гэх мэтээр стратегийг боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Анна Попова хөл хориог гурван үе шаттайгаар сулруулах хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Үүнд:

  • Нэгдүгээрт, ард иргэд гадаа гарч дасгал хөдөлгөөн хийх, жижиг үйлчилгээний газар, дэлгүүрүүдийг нээх.
  • Хоёрдугаарт, том дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийнхээ тоонд хязгаарлалт тавьж ажиллаж эхлэх, сургуулиудыг нээх, ард иргэд чөлөөтэй зорчих.
  • Гуравдугаарт, бүх дэлгүүр, боловсролын байгууллага, зочид буудал, хоолны газрууд, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нээх.

Ингэхдээ тухайн бүс  нутгийн онцлог, халдварын тархалт, эмнэлгийн хүрэлцээ зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэжээ. Тус улсад халдварын голомт болоод буй нийслэл Москва хотод шинэ тохиолдлын тоо бага зэрэг тогтворжоод байсан ч шинжилгээ илрүүлгийг өргөн хүрээнд хийж эхэлснээс хойш батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Москва хотын дарга Сергей Собянин  500 мянга ба түүнээс дээш хүн ажилладаг үйлдвэр, барилгын компаниудыг тавдугаар сарын 12-ноос нээх болно хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Worldometers, Moscowtimes

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж