Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа
-Гадаад харилцааны яамны чиг үүрэгт гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хамаардаг. Covid-19 цар тахлын энэ үед гадаад худалдаа мэдэгдэхүйц буурч байгаа. Энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ. Гадаад эдийн засгаа идэвхжүүлэх, дотоодын эдийн засгаа хамгаалахын тулд танай яам энэ өдрүүдэд юу хийв?
-Гадаад худалдаа сүүлийн хоёр жил маш идэвхтэй хөгжиж, өрнөж явсны давуу тал хилээ хаасан яг энэ гурван сарын хугацаанд мэдрэгдэж байна. Гадаад худалдаанаас хуримтлагдсан нөөц бололцоог ашиглаад сандрал, цочролд оролгүйгээр онцгой байдлын энэ өдрүүдийг даван туулаад явж байна. Мэдээж, цар тахлын улмаас гадаад худалдаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан. Экспорт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40 хувиар буурсан байна. Энэ нь гадаад худалдаанд шууд нөлөөлөөд эхэлчихсэн. Дагаад Монгол Улсын валютын нөөцийн хуримтлалын өсөлт эрс саарч байна гэсэн үг. Одоо бид хуримтлуулсан нөөцөөрөө хэр удаан амьдрах бэ гэх асуудалтай нүүр тулж байна. Бид аль болох худалдааг чадахаараа явуулж байгаа. Тухайлбал, ОХУ, Европоос орж ирж буй бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн машиныг байнгын хяналттай конвойтой явуулж байна. Ингэх ч ёстой. Гэхдээ үүнийг явуулахдаа карантиныг саармагжуулахгүйгээр яаж худалдаагаа өсгөөд явах вэ, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээг хэрхэн авах вэ гэдэг нь өнөөдөр асуудал дагуулж байна. Энэ чиглэлд бид тал талдаа нэлээн шинэлэг зүйлийг харж ажиллах ёстой.
Карантин гэдэг зүйл байх ёстой. Эрүүл ахуйн шаардлага хангасан бөгөөд вирус тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн карантин заавал байх ёстой. Гэхдээ манай улсын хэрэгжүүлж буй карантины арга хэмжээнд үүнээс хэтэрсэн, эрүүл ахуйн шаардлага, вирус тархахгүй байх нөхцөлтэй ямар ч холбоогүй саад тотгорууд олон байна. Бид өнөөдөр хэрэгжүүлж буй карантины нөхцөл байдлаа шинээр харж, урт хугацааны карантин тогтоох шаардлага гарах үед яаж худалдаа эдийн засгийнхаа харилцааг унагаачихгүйхэн шиг цааш нь авч явах вэ гэдэг шинэ тогтолцоог бодохгүй бол болохгүй болчихлоо.
-Худалдаа, эдийн засгаа унагачихалгүй авч явах шинэ тогтолцооны тухай ярьж байна, та. Шинэ тогтолцоо гэдэг нь, жишээ нь юу байж болох вэ?
-Миний зүгээс “Хөдөлгөөнт карантин” гэдэг зүйлийг санаачилж байна. Жишээлбэл, нүүрс тээвэрт явж буй машиныг карантины бүс гээд албан ёсоор хуулийн хүрээнд зарлах хэрэгтэй. Үүнийг аль хэдийн дефакто хэрэглээд эхэлчихсэн байна. Гадаадаас ирж буй онгоцнууд бүгд карантины нөхцөл байдалд орж ирж байгаа. Тэр онгоцноос хүн дураараа гараад гүйгээд явах тухай ойлголт огт байхгүй гэх мэтчилэн хөдөлгөөнт карантины жишээ манай улсад байна. Гэхдээ үүнийг эрх зүйн хувьд тодорхойлж өгөх хэрэгтэй.
-Хөл хориог бол монголчууд ойлгох байх. Харин хөдөлгөөнт карантин гэхээр хүмүүст ойлгомжгүй санагдаж магадгүй. Үүнийгээ та тодорхой тайлбарлаж өгөөч?
-Хөл хорио эсвэл карантиныг хэрэгжүүлэх үүрэг нь ганцхан төрд л байна. Энэ үүргийг хуваалцахгүй бол гурван сая хүнийг зөвхөн төр нь хүчлээд байгаа юм шиг, иргэдэд хамаагүй, төр хүчилж байгаа юм чинь биелүүлэх ёстой юм шиг хандаад байна. Хөдөлгөөнт карантиныг бий болгочих юм бол хэд, хэдэн шинэчлэл гарч ирж байна. Таны машиныг карантины бүс гээд зарлачих юм бол та машин дотроосоо худалдаагаа хийгээд тээврээ гүйцэтгээд яваад байх боломжтой. Замын-Үүд дээр явж буй жолоочид зүгээр ч нэг тээврийн жолоочид биш. Тэд худалдаа наймаа эрхлээд явж байна. Гэтэл тэд хилээр нэг удаа гараад орж ирэхдээ 21 хоног тусгаарлагдаж байна. Хэрвээ тэдний машиныг карантины бүс гэж зарлаад, тэд машинаасаа гарахгүй, өөр хүнтэй харьцахгүйгээр худалдаа, тээвэрлэлтээ гүйцэтгээд яваад байх боломжтой.
Москва, Европоос ирж буй машинуудыг тэгж болоод байна. Замын-Үүдийнхийг ч гэсэн тийм зарчимд шилжүүлэх ёстой. Ингэвэл хүмүүс машиндаа суугаад бараа бүтээгдэхүүнээ тусгай нөхцөлөөр буулгаж аваад машинаа ариутгаж цэвэрлээд тэр хугацаандаа нөгөө жолооч өөр хүнтэй уулзахгүй тээврээ хийгээд явж байхад машин дотроо карантины өдрүүдийг нь тооцчихож байгаа юм. Мөн хоёр жилийн наана, цаана тусгаарлалтын бүс байгуулж өгөх хэрэгтэй. Тэрхүү бүсдээ тухайн жолооч тээврээ, худалдаагаа чөлөөтэй хийх нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай байна. Ингэвэл гурван сая хүнд хүрч буй худалдааг машин болгоныг урд хойно цагдаагийн цуваа тавьж өгөх шаардлагагүй болж өгч байгаа гэсэн үг.
Тээврийн машин бүрийг урьд хойно цагдаагийн цуваа үүсгэвэл бидний хүч, нөөц хүрэхгүй. Цагдаагийн машины хамгаалалтад оруулах тооны тээврийн машин явуулна гэвэл энэ улсын худалдаа иргэдээ хүрэхгүй болчихно. Цагдаа, төрд хариуцлагыг нь үүрүүлээд байх бус тэр жолооч нарт ч мөн үүргийг нь хариуцуулах ёстой. Ингэхдээ тэр жолоочийн машиныг камержуулаад, GPS тавиад өгчих, байнгын холбоотой, хяналттай байвал хүмүүс хариуцлагатай болно. Тусгаарлалтын бүсээс гарч, нийгмийн харилцаанд орохгүй. Тэд улс эх орноо энэ нөхцөл байдалд бараа бүтээгдэхүүний хомсдол оруулчихгүйн тулд хариуцлагаа ухамсарлана, үйлчилгээгээ ч үзүүлнэ. Мөн төр засаг карантинтай гээд нөгөө хүнийг орлогогүй болгоод гэрт нь суулчихгүй байна. Төр нөөц бололцоогоо ашиглаад тэр хүнд орлого олох боломжийг нь шинээр гаргаад өгч байна гэсэн үг. Хэрвээ төрийн энэхүү зааврыг зөрчвөл бүх эрхийг нь хаана гэсэн шаардлага тавьчихна. Ингэвэл худалдааны тээврийн жолоочид хариуцлагатай байна.
-Таны дэвшүүлж буй санаачилга эрсдэлтэй биш үү. Гэрийн хорионд өөрийгөө тусгаарла гэсэн шаардлагыг хүлээж авдаггүй, хот, хөдөөгүй тэнэчихдэг хүмүүс шүү дээ, монголчууд. Тэгэхээр хэт мөрөөдлийн зүйл гэж бодогдохгүй байна уу?
-Монголчууд бол хариуцлагатай, хууль биелүүлдэг ард түмэн. Хөдөлгөөнт карантиныг хэрэгжүүлэхэд гол нь машин дотор нь камер, GPS тавьж өгөөд утсаар байнга холбоотой байх ёстой. Мөн хяналт маш чанга байх хэрэгтэй. Хэрвээ хянаж байгаа байгууллага нь найдвартай хянах юм бол харьцангуй бага зардлаар худалдааг найдвартай явуулах боломжтой болно. Монголчууд маск зүү гэхээр зүүчихэж байна. Иймээс төрөөс тавьж буй шаардлагыг иргэд нь биелүүлдэг гэдгийг харуулах ёстой. Нөгөө талаасаа энэ хариуцлагыг хүмүүс үүрээд ирэхлээр өөрсдөө орлого олоод яваад байх боломж нь байна. Тэр боломжоо хэн ч алдахыг хүсэхгүй. Энэ хэцүү цагт ажлаа хийгээд явах юмсан гэж бүгд бодож байна. Иймээс төр энэ боломжийг нь олгох ёстой.
Монголчууд хариуцлага хүлээж чаддаг гэдгийн бас нэг нотолгоо нь цагаан сар хийхгүй гэхээр бүгд л хийхгүй байна. Коммунизмын үед, тэр их хатуу дарангуйллын үед цагаан сар хийлгэхгүй гэхэд хийдэг байсан ард түмэн. Тэгэхэд сая цар тахлын үед хийсэнгүй. Төрөөс гарч буй бодлого, шийдвэр өөрөө цаана утгатай, агуулгатай байсан цагт хүмүүс хүлээн зөвшөөрөөд мөрдөөд байна гэдгийг харуулж байна. Иймээс энэ төрлийн зохицуулалт, өөрчлөлтийг нь хийгээд өгөхөд худалдаа зогсохгүй явах боломжтой. Иргэд ч орлоготойгоо байна. Иргэд өөрсдөө карантины дэглэмийг хамт хуваалцаж эхэлнэ. Үүнийг хийх гээд үзэх, шинэ эрх зүйн ойлголтыг нэвтрүүлж албажуулах ёстой. Яагаад гэвэл албажуулаагүй ч аль хэдийн хэрэгжээд явж байна. Гэхдээ эрх зүйн норм нь бий болгоогүй байгаа тул жолооч нар хариуцлага, үүргээ мэдэхгүй байгаад байна. Гэтэл энэ албажаад ирвэл бүгд ойлгоно.
-Хөдөлгөөнт карантин эдийн засагт ашигтай гэж ойлголоо. Тэгвэл яагаад үүнийг хэрэгжүүлж болохгүй байгаа юм бэ. Саад тотгор нь юу байна?
-Би саяхан Гашуунсухайт боомт дээр ажилласан. Боомт дээр эрүүл ахуйтай ямар ч хамааралгүй захиргааны шинжтэй хорио их байгаа нь ажиглагдсан. Үүнийг арилгачих юм бол нүүрс тээврийн олон машин хилээр нэвтэрнэ. Намайг Гашуунсухайт дээр ажиллахад контейнертэй машинууд нүүрс тээвэрлэж байсан. Вирусээс хамгаалж шүү дээ. Гэтэл Монголд контейнертэй машин цөөн тул нүүрсний тээвэр дорвитой нэмэгдэхгүй байна. Иймээс контейнерийн тогтолцоог арилгаад задгай тэвшээр нүүрсээ зөөгөөд явж болж байна. Контейнер бол маск биш. Хэрхэн вирусээс хамгаалаад байгааг ойлгоогүй. Иймээс энэ асуудлыг БНХАУ-ын талд тавьж, шийдүүлсэн.
Үүний зэрэгцээ, ажлынхаа цагийн уртасгаж, эгнээнүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ асуудлыг ч БНХАУ-ын талд тавьсан. Цагийг нь уртасгаж болно л гэж хэлсэн.
Монгол Улс цаасан дээр covid-19-тай орон гэж харагдаж байгаа. Гэхдээ үүний дотоод мөн чанарыг нөгөө талдаа ойлгуулах ёстой. Covid-19 байгаа ч гэсэн нийгэм дотроо тархаагүй бүрэн хяналтад байгаа гурав, дөрөвхөн орны нэг нь Монгол мөн. Гэхдээ Хятад улс нэгэнт болгоомжилж байгаа юм чинь түүнийг хүндэтгэн үзэж, жолооч нартаа тодорхой давтамжтай шинжилгээ хийгээд хариуг нь нөгөө талдаа үзүүлж, мэдээллээ байнга солилцож байя.
Ийм зохицуулалт хийхгүй бол нэг хүн дор хаяж хилээр хоёр гурван удаа нэвтрэхэд нэг асуумжийг орж гарах болгондоо бөглөж байна. Үүнд нэг жолооч нэг удаа хилээр нэвтрэхдээ 400 минут зарцуулж байна. Иймээс Монгол Улс Гашуунсухайт боомт дээрээ тусгаарлалтын бүс байгуулаад тэрхүү жолооч тусгаарлалтын бүсээс гараагүй, нийгмийн харилцаанд ороогүй, энэ хүн эрүүл гэсэн мэдээллийг хоёр тал байнга солилцож байхад цаг хэмнэх маш их боломж гарч ирнэ. Гэхдээ цагаа хэмнээд манайх эрүүл ш дээ гээд яриад байх бус тэр баталгааг нь гаргаж өгөх ёстой. Тэр харилцан итгэлцлийг нь бэхжүүлэх ёстой. Ингэхийн тулд мэргэжлийн хяналтын байгууллагууд цаг тутмын тогтмол мэдээллээ хоёр талын мэдээлэл Хятадын талтай яг адилхан байх ёстой. Ийм мэдээлэлтэй байхад Хятадын тал илүү итгэнэ.
Бид өнөөдрийн системдээ яагаад итгэж байна бэ гэхээр хоёр гурван сарын туршид найдвартай хамгаалж чадаж байна. Иймээс бид итгэж, тодорхой үйлчилгээний газруудаа нээж өгч байна. Мөн нөгөө Хятадын талдаа карантины бүс байгуулчих хэрэгтэй. Яагаад гэвэл бид ч бас айж байна. Ингээд хоёр талдаа харилцан ойлголцоод ирэхээр вирус тархах нөхцөлийг сулруулахгүйгээр худалдаагаа нэмэгдүүлэх боломж бидэнд байна. Үүнийг л хийх ёстой.
-Монгол Улс БНХАУ-тай 2020 онд худалдаагаа 10 тэрбум ам.долларт хүргэхээр өндөр дээд түвшиндээ тохирсон. Үүндээ хүрч чадах болов уу?
-Хүргэнэ гэж зорьж байна. Мэдээж, хоёр, гурван сар худалдаа зогсчихсон байгаа энэ үед дээрх зорилгод хүрнэ гэдэг маш хэцүү гэдгийг ойлгож байна. Гэхдээ ойлгоод бууж өгч болохгүй. Иймээс Хятадын талтай яг энэ өнцгөөс асуудлыг тавьж, ярилцсан. Өндөр дээд айлчлалуудын үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд хоёр орны худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэж тохирчихсон байгаа. Энэ ямар ч үед биелэгдэж байх ёстой. Ялангуяа бие биедээ хор хохирол учруулчихгүйгээр хэрэгжүүлэх боломж байгаа бол үүнийгээ бид нөхөж ажиллах шаардлагатай. Алдсан хоёр, гурван сардаа нөхөж ажиллах шаардлагатай гэсэн асуудлыг тавьсан Хятадын тал ойлгож хүлээн авсан.
-Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн бол яах аргагүй нүүрс. Гэхдээ нүүрснээс гадна ноолуур ч гэсэн гол бүтээгдэхүүн. Covid-19 вирусийн дэгдэлт ноолуурын экспортод ч нөлөөлж байна. Үүн дээр хэр анхаарч байна ?
-Нүүрс бол бэлэн, хамгийн эхэнд экспортлох боломжтой тул үүнийг бид орхиж болохгүй, нэн тэргүүнд анхаарч байгаа. Ялангуяа цар тахлын үед улс эх орноо валютаар хомсдуулчихгүй, эдийн засгийн хөдөлгүүр нь болоод аваад явах бүтээгдэхүүнээ тэргүүн ээлжид тавихаас өөр сонголт байхгүй. Үүний хажуугаар ноолуур. Монголын хамгийн том экспорт. Дэлхийн эдийн засгийн түвшинд авч үзвэл нүүрсний салбарт Монгол эхний тавд орж байгаа бол ноолуур дээр эхний хоёрт орж байна. Ноолуур бол монголыг дэлхийн эдийн засаг болгодог бүтээгдэхүүн. Ноолуур дээр онцгой анхаарал тавьж байна. Дотооддоо хөл хориотой байгаа энэ үед бид дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Дотоодын үйлдвэрүүдэд худалдан авалт хийх үеэр тодорхой дэмжлэг үзүүлье гээд ярьж байна. Засгаас тодорхой багц гаргаад санхүүгийн дэмжлэг үзүүлээд явж байна. Энэ хэрэгжээд эхлэхэд асуудал гарч байна. Гэхдээ тал талдаа ярьж байгаад амьдралд ойртуулаад шийдэх л ёстой.
Урьд өмнө нь нийгмийн даатгал, санхүү, ажлын байрыг хамгаалах тал дээр ийм далайцтай арга хэмжээ авч байсан түүх байхгүй. Энэ арга хэмжээг яаж аваад байна гэхээр үнэхээр гадаад худалдааны сүүлийн хоёр жилд бий болгосон нөөцийн үр дүн гарч байна гэсэн үг.
-Экспортыг төрөлжүүлэх асуудлыг Монгол Улс олон жил ярьж байна. Та Гадаад харилцааны сайд болсноосоо хойш энэ асуудал хэр анхаарал хандуулав?
-Миний хамгийн түрүүнд анхаарч ажилладаг зүйл бол энэ. Жишээлбэл ноолуурын тухай ярилаа. Ноолууран бүтээгдэхүүн маш их экспортлогддог болсон. Ноолуурын салбарт ноолууран пальто үйлдвэрлэн гэдэг бол хамгийн эцсийн бүтээгдэхүүн болгоод бид экспортолж байна гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр хамгийн их борлуулагдаж байна. Чамлахаар чанга атга гэдэг. Энэ бол том амжилт. АНУ-д хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нэлээн том асуудал тавьчихсан. Энэ бол гуравдагч хөршийн дэмжих тухай хууль. Энэ хүрээнд ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээл дээр түлхүү гаргаж өгөх гээд ажиллаж байна.
Гадаад харилцааны сайд болоод 2017 онд БНХАУ-д айлчлахдаа Ван И сайдтай уулзаж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэхүү мэдэгдэлд мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ гэж тэмдэглэсэн байгаа. Үнэхээр 2016 онтой харьцуулахад махны экспорт эрс нэмэгдсэн. Монгол Улс 70 сая малынхаа үр шимийг хүртье гэвэл махны экспортоо дэмжих хэрэгтэй. Уругвай улс 12 сая тоо толгой малтай хэр нь дэлхийд махны экспортоороо дээгүүрт бичигдэж байна. Гэтэл Монгол Улс 70 сая малтай хэр нь Уругвайн хаана ч хүрэхгүй байна. Иймээс бид махны боловсруулалтаа сайжруулж, махны эрүүл ахуйн шаардлагыг хангах хэрэгтэй. Мөн мал эмнэлгийн тогтолцоогоо дэлхийн түвшинд хүргэх юм бол мах бол экспортын гол бүтээгдэхүүн болох боломж байна. Энэ бол бие биеэ дэмжээд харилцан уялдаатай хөгжөөд явах салбарууд. Үүнийг нь бид зөв зохион байгуулаад өгвөл Монголын ахиад нэг том салбар хөл дээрээ босно. Ард нь олон хүн ажлын байртай болно.
Үүний хажуугаар арьс ширний үйлдвэр байна. Би сайд болоод гадаад улсын Элчин сайд нарыг дагуулаад Хан-Уул дүүргийн үйлдвэрлэлийн хэсгээр явсан. Тухайн үед Италийн Элчин сайд хэд хэдэн арьс ширний үйлдвэртэй худалдан авагч нарыг холбож өгч байсан. Бага багаар худалдаа тэлээд өргөжөөд явах нь чухал.
-Сайд болгон нь ярьж байна, анхаарлаа хандуулж байна гэдэг. Гэвч бодит байдал дээр өөр?
-Арьс ширний үйлдвэрүүд янз бүрээр муу хэлүүлээд, алдаж оноод, ашиг олоод л шатаад л явсаар байгаа сүүлийн 30 жилд хөл дээрээ босч байна. Энэ салбаруудаа бид дэмжих ёстой. Тэгэхгүй бол энэ үйлдвэрүүд байгаль орчин бохирдуулж байна, түргэн хөөж зайлуул гээд байх юм бол хэн ажлын байр бий болгох юм. Тэд бол Монголын л татвар төлөгчид. Мэдээж, байгаль орчин бохирдуулж болохгүй. Үүн дээр би 100 хувь санал нэгдэнэ. Гэхдээ үйлдвэрүүдээ дэмжээд байгаль орчны татаас өгөх ёстой. Бусад бүх улс орнуудад байгаль орчны татаас өгдөг. Дэлхийн худалдаанд татаас өгөх нь өөрөө хориотой. Гэхдээ байгаль орчны татаас зөвшөөрөгдсөн байдаг. Энэ чиглэлд нь дэмжлэг үзүүлээд эхлэх юм бол үйлдвэрлэгчдийн нуруу дээрх ачаа нь хөнгөрнө. Шинэ газарт байршуулах асуудал яригдсан. Тэгвэл тэр газарт нь дэд бүтцийг нь бий болгож өгөөд урт хугацааны зээлийг нь олгоод явах ёстой. Би барилга хот байгуулалтын сайд байхдаа төрийн үл хөдлөх компани байгуулъя гэж ярьж байсан. Тэр компани ийм зүйлийг нь хийж өгөх ёстой. Энэ нь өөрөө ашигтай бизнес. Дэд бүтцийг нь хөгжүүлж өгөөд урт хугацааны зээл аж ахуй нэгжүүдэд олговол төрийн үл хөдлөх компанид байнгын мөнгөний эргэлт бий болчхож байгаа юм. Үүнийг хооронд нь уялдуулж ажиллахад экспорт өөрөө төрөлжөөд эхэлнэ. Арьс ширний үйлдвэрүүдийг ад үзээд хөөхдөө бус шинэ газрын нь дэд бүтэцтэй нь бий болгож өгөөд байгаль орчны шинэ стандартуудаа нэвтрүүлэх тэр боломж, урамшууллыг нь бий боглож өгөөд явах ёстой. Ингэх юм бол худалдааг төрөлжүүлэх бодлого илүү байгаа онож, амьдралд нийцнэ.
-Гадаадын хөрөнгө оруулалт бараг байхгүй болчихлоо. Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн алхамууд их хийгдэж байна. Монголчууд урьж авчирчихаад хөөгөөд гаргачихдаг хүмүүс шүү дээ. Таныг ажлаа авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалт нэмэгздэв үү, буурав уу?
-2012 ондоо хүрэхэд хэцүү. Жинхэнэ зан чанараа таниулсан бэр дараа нь хадмуудынхаа итгэл үнэмшлийг олж авахад хэцүү. Магтсан хүүхэн хурим дээрээ гэдэг шиг. 2012 онд Монгол Улс үнэхээр моодонд орсон. Дэлхийн хамгийн том банкууд Монголыг сонирхдог болчихсон байсан үе. Би 1990-ээд оноос гадаадын хөрөнгө оруулалтыг татах гээд гадаад бодлогын салбарт ажиллаж байхад хэчнээн гуйгаад тэр том шийдвэр гаргагч нар тоодоггүй байсан. Үнэхээр манай эдийн засгийн хэмжээ мөнгөн утгаараа тэдний сонирхдог тоон багцаанд ордоггүй байсан. Тиймээс цаг гаргадаггүй, сонирхдоггүй байсан. Монгол Улс олон жил явж байж тэдний сонирхлын хүрээнд орсон. Харамсалтай нь бид биеэ тоосон. Энэ хугацаанд юу болсныг та ч мэдэж байгаа байх. Түүнээс хойш 2012 оноос гадаадын хөрөнгө оруулалт эрс унасан. 2012 онд Монгол Улсны Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдалд тулгарч буй бэрхшээлийн талаар жиргэх үед миний бие твиттерт гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсаас гарч эхлээд байгаа нь хамгийн том эрсдэл. Үндэсний аюулгүй байдалд учрах эрсдэл гэж бодож байна гэж жиргэсэн. Энэ үед Бирмд болсон хуралд Монголыг сонирхдог бүх том хөрөнгө оруулагчид оччихсон явж байсан. Өөрөөр хэлбэл, тэдний сонирхлын хүрээллээс бид гарчихсан байсан. Дэлхийн том хөрөнгө оруулагчид өөр зах зээл сонирхоод эхэлчихсэн байсан. 2013 онд Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаан дээр гадаадын хөрөнгө оруулалтын 60 хувь нь Монголоос гаргаад явчихсан талаарх мэдээг дуулгасан. Ганцхан жилийн дотор шүү дээ. Одоо тэдний итгэлийг сэргээх тал дээр шаргуу ажиллаж байна. Үүний үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт 70 хувь нэмэгдсэн. 2016 онд 1.6 тэрбум ам.доллар байсан гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр 2.9 тэрбум болж өссөн.
Гадаадын хөрөнгө оруулалт гадаад валютын нөөцийг бүрдүүлэхэд маш чухал. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт мөнгөн утгаараа чухал биш. Нөгөө талаасаа ажлын байр бий болгох, технологи ноу-хоу нэвтэрч орж ирэх нь манай улсад мөнгөнөөсөө илүү чухал ач холбогдолтой.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Герман GIZ гараад явчихсан гэх мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?
-GIZ гарч яваагүй. Карантинаас болоод зарим нэг төсөл хөтөлбөр нь удааширчихсан, зарим газраа зогсчихсон байдалтай орчихсон байна. Би Даваа гаригт Европын холбооны гишүүн улс орнуудын Элчин сайд нартай уулзсан. Энэ үеэр Германы Элчин сайд Covid-19-тэй холбоотой тус улсын GIZ -ийн төсөл, хөтөлбөрүүд зогсонги байдалтай байгааг анхаарч өгнө гэсэн хүсэлт тавьсан.
Ярилцсанд баярлалаа
Холбоотой мэдээ