"Transparency International" TББ-аас Шударга ёсны шагнал буюу "Transparency award 2015" шагналыг сэтгүүлч Л.Болормаа агсны охин Б.Алигэрмаад өнөөдөр гардууллаа. "Шударга ёсны шагнал буюу Transparency award 2015" нь тухайн нийгэмдээ авлигын байдлыг ил тод, шударга байлгахад хувь нэмэр оруулсан иргэнд олгогддог шагнал юм байна. Энэ жилээс Монгол Улсад авлигын эсрэг тууштай тэмцэж буй нэгнийг тодруулж, дээрх шагналыг өгдөг байхаар болжээ. Улмаар сэтгүүлч Л.Болормаа агсныг томоохон зориг гаргаж авлигын эсрэг нийтлэлүүд, уул уурхайн салбарын ил тод байдлыг сурвалжилсан эр зоригтой тэмцэгч гэж үнэлэн ийнхүү шагнахаар болжээ.
Олны хүндэтгэлийг хүлээсэн, нийгэмд шударга ёсны мөрийг үлдээсэн ээжийнхээ шагналыг гардан авсан Б.Алигэрмаа охин нь Уул уурхай, эдийн засгаар дагнасан мэргэжлийн сэтгүүл зүйг бий болгож, түүнийгээ улс төр, бизнесээс хараат бус байлгахын тулд ээж маань ажилладаг байсан гэдгийг онцлон хэлээд “Миний ээж өнөөдөр өөрөө ирээд шагналаа авсан бол юу хэлэх байсан бол гэж би бодлоо. Юуны өмнө шударга ёсны шагнал бий болсонд маш их баярлах байснаа хэлэх байсан. Ээж маань нийгмийн хөгжил, эдийн засаг, бидний сайхан амьдралын төлөө бүгд дуугарах ёстой. Үүнд сэтгүүлчид маш их үүрэгтэй гэдэгт итгэдэг байсан талаар МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа хэлж байсныг би тод санаж байна” гэж ээжээрээ бахархан, дурсан ярилаа.
Жил бүрийн 12 дугаар сарын 10 нд “Авлигатай тэмцэх олон улсын өдөр” тохиодог. Энэ өдрийг угтан 11 иргэний байгууллагаас бүрдсэн “Ил тод байдлыг дэмжих түншлэл”-ээс 2015 оны Төрийн ил тод байдлын арван онцлох үйл явдлыг нэрлэсэн байна. Өнөөдөр олон нийтэд зарласан онцлох үйл явдлын жагсаалтад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Гацууртын ордыг стратегийн орд газарт хамруулах болон Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах зэрэг маргаантай асуудлуудыг онцлон багтаажээ. Дээрх хууль, журмыг Улсын их хурал хаалттай боловсруулж, хөндлөнгийн ямар ч үнэлгээ дүгнэлт, олон нийтийн оролцоогүйгээр хэлэлцэж, баталсан зэрэг нь Монгол Улсад авлига дээд түвшинд хүрснийг харуулсан сөрөг үзэгдлийг авчирсан гэж иргэний байгууллагууд тодорхойлжээ. Товчхондоо улс төрчид буюу цагаан захтнууд өмнө нь цаасанд нуусан мөнгийг авлига болгон өгч авдаг байсан бол одоо авлигын аргаа илүү нарийн болгож хуулиар дамжуулан авлига өгч авдаг боллоо гэж иргэдийн байгууллагын төлөөл үзэж байгаа юм.
Харин Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтан 244 хүний 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг “Төрийн мэдээлэл эмхэтгэл” болгон цахим сайтад нийтэлсэн. Мөн Л.Гансүх нарын нүүрс хөтөлбөртэй холбоотой шүүх хурлыг телевизээр бүрэн шууд дамжуулсан. Сүүлийн жилүүдэд нийслэл болон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга нарын тогтоол, захирамжууд нээлттэй болсон зэрэг нь авлигын эсрэг тэмцэхэд, төрийн үйл ажиллагааг иргэд хянахад дөхөм болсон эерэг өөрчлөлт гэж онцолсон байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД