УБТЗ-ын IT шинэчлэлд 1.7 тэрбум төгрөг шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын IT шинэчлэлд 1.7 тэрбум төгрөг шаардлагатай

УБТЗ-ын IT шинэчлэлд 1.7 тэрбум төгрөг шаардлагатай

УБТЗ-ын тээврийг өнөөдөр мэдээллийн технологогүйгээр салангад авч үзэх боломжгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд таатай үйлчилгээ, нөхцөлүүдийг бүрдүүлэхийн төлөө УБТЗ-ын Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаныхан тус нийгэмлэгийн мэдээлэл, технологийн хөгжлийг нуруун дээрээ үүрч байна. Холбогдох бүхий л өгөгдлийн сангуудыг бүрдүүлж, улсад гуравт орох хэмжээний мэдээллийн өгөгдлийн баазыг УБТЗ дангаараа бүрдүүлжээ.

УБТЗ-ын мэдээлэл технологи чамгүй сайн хөгжиж байгаа боловч энэ салбарт хөрөнгө санхүү хангалттай зарцуулдаггүйгээс зарим зүйлс нь хоцрогдолтой байгааг албанынхан тодотгож буй. Тухайлбал, нэн тэргүүнд серверүүдийг шинэчлэх шаардлагатай аж. УБТЗ-ын мэдээлэл технологийн сервер хуучирч хоцорчээ. Дэлхийн улс орнуудын төмөр замын мэдээлэл техонологийн салбар нь асар шуурхай хөгжсөн буюу мэдээллээ замаасаа авах, хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт зөвхөн тус салбарт хийгддэг бол өнөөдөр УБТЗ-ын  мэдээлэл, технологийн салбарт сүүлийн таван жил хөрөнгө оруулалт хийгдэлгүй иржээ.

Шалтгаан нь УБТЗ-ын тээврийн тарифын алдагдлаас үүдэлтэй тус нийгэмлэгт санхүүгийн хуримтлал бүрдэхгүйгээс мэдээлэл, технологийн асуудлаа үндсэндээ орхисон гэж хэлж болно.

Энэ талаар УБТЗ-ын Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга Д.Тамираас тодруулахад тэрбээр "Мэдээллийг цахимжуулж цахим үйлчилгээг иргэдэд нэвтрүүлж их өгөгдлийг мөнгө болгож тодорхой хэмжээний орлого олж байгаа ч тухайн орлогоо эргээд мэдээллийн технологийн шинэчлэлд зарцуулах бус УБТЗ-ын бусад дэд бүтцийн салбаруудад зарцуулагддаг. Гэсэн хэдий ч бид өнөөдөр боломжийнхоо хэрээр ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд таатай нөхцөлүүдийг бүрдүүлэхийн төлөө холбогдох бүхий л өгөгдлийн сангуудыг бүрдүүлж чадсан. Мэдээлэл, технологийн салбарын дунд хугацааны 2020-2025 он хүртлэх хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд 1.7 тэрбум төгрөг шаардлагатай. Тээврийн тарифаа нэмэгдүүлж ядаж зорчигч тээврийн салбар алдагдлалгүй ажилладаг болчихвол УБТЗ шаардлагатай салбартаа хөрөнгө оруулалт хийх  санхүүгийн чадамжтай болно" гэлээ.

Сүүлийн жилүүдэд зохион нэвтрүүлж байгаа програм хангамжуудын онцлог нь голдуу вэб загвараар болон ухаалаг төхөөрөмж ашиглах зориулалттай хийгдэж байгаа юм. 2018 онд галт тэрэгний тасалбарын интернет худалдаалалтын програм хангамжийг зохион нэвтрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд УБТЗ-д давхардсан тоогоор нийт 100 гаруй програм хангамж, шинэчилсэн хувилбаруудыг зохион бүх өртөө зөрлөг, татах хэсэг, вагон депо, замын анги, эрчим хүч, ус хангамж, барилга орон сууцны анги зэрэг 70 гаруй баланстай салбар нэгжүүдэд 1000 гаруй ажлын байруудад нэвтрүүлэн ашиглаж байна.

Зорчигч тээврийн чиглэлээр

2005 онд “Билетийн кассын автоматжуулсан систем” /БКАС/ нэртэйгээр ашиглалтанд оруулсанаар ONLINE сүлжээтэй бүх өртөөдийн билетийн кассуудад ашиглагдах болсон. Сүүлийн жилүүдэд онлайн сүлжээгүй цөөн тооны өртөөдөд локал горимоор ажиллах зориулалттайгаар нэвтрүүлсэн.

БКАС-ыг Сүхбаатар, Ерөө, Орхон, Дархан, Шарын гол, Салхит, Хөтөл, Эрдэнэт, Баруунхараа, Үнэгт, Зүүнхараа, Түнх, Мандал, Аршаант, Толгойт, Улаанбаатар, Амгалан, Баганхангай, Багануур, Мааньт, Чойр, Бор-Өндөр, Шивээ Овоо, Олон Овоо, Сайншанд, Зүүнбаян, Өргөн, Улаан уул, Замын-Үүд, Баянтүмэн гэсэн 31 өртөө зөрлөгийн билетийн касс, Зорчигч тээврийн албаны удирдлага, байцаагч, ээлжийн диспетчер, эдийн засагч, Статистик бүртгэлийн оператор-үнэ шалгагч, Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны эдийн засагч нарын нийт 64 ажлын байранд ашигласнаар 150 гаруй хүний гар ажиллагаа автоматжуулагдаж байна. Үүнээс гадна хувийн дөрвөн тасалбар худалдаалах кассуудад ашиглагдаж байна.

Тээш Түгээх Систем програм хангамжууд нь олон улсын болон орон нутгийн тээш тээвэрлэх үйл ажиллагааны бүрдүүлэлтийг автоматжуулж, тээшийг биркжүүлэн, зорчигч үйлчлүүлэгчдэд хөнгөн шуурхай, хүртээмжтэй болгох, мөн тарифын зөрүү гаргахгүй байх, олон улсын төмөр замуудтай төлбөр тооцоо хийх, тайлан мэдээг түргэн шуурхай гаргах, зорчигч тээврийн ажилд дүн шинжилгээ хийх, зорчигч тээвэрлэлттэй холбоотой бүх  мэдээллээр удирдлагыг хангах нөхцлийг бүрдүүлдэг.

“Буухиа-2009” програм хангамж нь олон улсын галт тэрэгний тасалбар худалдаалалтын бүртгэл, тооцоо, тайлангийн автоматжуулалтын үйл ажиллагааг сайжруулан шинэчлэх, мэдээллийг Замын мэдээллийн нэгдсэн санд нэгтгэх, Online сүлжээний орчинд ажиллах боломжтой болгох, интернет худалдаалалт, хөрш замуудтай билет худалдаалалтын мэдээ харилцан солилцох боломж бүрдүүлэх зорилготойгоор зохиогдсон юм.

Цэгэн хэвлэх төхөөрөмж ашиглаж, тусгай маягт ашиглаж байсныг шинэчилж POS хэвлэх төхөөрөмжүүдийг нэвтрүүлж, тасалбарын маягтыг шинэчилж 80 мм-ийн үнэ багатай рулон дээр хор ашиглахгүй хэвлэж, явах, хүрэх өртөө, зорчигчийн явах, хүрэх цаг минут, зорчигчийн овог нэр, регистр, төлбөрийн дүн, хяналтын QR код бүхий тасалбарыг хэвлэх технологийг нэвтрүүлсэн.

Олон улсын галт тэрэгний тасалбар бүрдүүлэлтэнд хавтас, купон, тасалбар, плацкарт зэрэг дөрвөн төрлийн үнэт маягтуудыг ашигладаг байсан бол ТЗХАБ-аас гаргасан ОАХХ, албан зааврын нэгдүгээр хавсралтаар батлагдсан RCT2 нэгдсэн загварыг ашигласан нь нэг бланкан дээр гаргаж цаасны зардалд хэмнэлт гаргах болсон.

Ингэснээр орон нутгийн галт тэрэгний нэг тасалбарын өөрийн өртөг 70 төгрөг байсныг 9 төгрөг болгон 61 төгрөгөөр бууруулж, олон улсын галт тэрэгний тасалбарын өөрийн өртөг 370 төгрөг байсныг 51 төгрөг болгон 319 төгрөгөөр тус тус бууруулсан нь 2019 онд хэвлэсэн тасалбарын нийт зардлыг 7.6 дахин багасгасан байна. Хэвлэх төхөөрөмжийн зардал гурван дахин буурсан.

Цаашид зорчигч урсгалаар тооцож үзэхэд жил бүр 225 сая төгрөгийн хэмнэлт гаргах нөөц болоцоо харагдаж байгаа гэдгийг албанхынхан хэлж байна.

Интернет тасалбар худалдаалалтын програм хангамжийг шинэчлэн боловсруулж, олон улсын ба орон нутгийн чиглэлийн галт тэрэгний тасалбар худалдаалалтыг нэгтгэж, ubtz.mn интернэт билет худалдаалалтын вэб сайт, гар утасны iOS, Android програмуудыг шинэ хувилбаруудыг тус тус хэрэглээнд гаргасан. Интернет тасалбар худалдан авагчдын тоо эрс өсч, 2019 оны эхээр нийт тасалбар борлуулалтын гурван хувийг эзэлдэг байсан бол 20 хувийг эзлэх болж, интернет тасалбартай зорчигчдын тоо 2018 оныхтой харьцуулахад 8.8 дахин, орлогын хэмжээ 7.8 дахин өсчээ.

Ачаа тээврийн үйлчилгээний чиглэлээр

2008 оноос “Ачаа Тээврийн Мэдээллийн Систем”-ийг  боловсруулж, өгөгдлийн нэгдсэн баазтай болгож, товарын контор, дамжуулах контор, техникийн конторуудын нийт 68 ажлын байранд нэвтрүүлсэн ба өмнөх програм хангамжуудын дутагдалтай талуудыг арилгаснаар тээврийн бичиг баримт боловсруулах хугацааг 6-8 дахин багасгасан.

Уг системийг ашигласнаар үйлчлүүлэгч нь интернет орчинд ажлын байрнаасаа ачилтын захиалга, хүсэлтийг цахимаар өгч түүнтэй холбоотой тайлан тооцоо хийж, хянах, тээврийн бичиг баримтыг цахимаар бүрдүүлэн хүлээн авч байгаа нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлсэн зэрэг давуу талтай болно. Ингэснээр мэдээллийн болон гар ажиллагааны давхардлыг арилгаж, тээврийн бичиг баримт бүрдүүлэх хугацааг багасгаж, цаг хугацаа, цаас, хорны зардлыг хэмнэж, гар ажиллагааг хөнгөвчилж, хүн хүчийг хэмнэх ач холбогдолтой болсон юм.

Зураг: Ачаа тээврийн үйлчилгээний цахим системээр өгсөн тээврийн захиалын өсөлт

Хөрш төмөр замуудаас ирж буй ачааны тээврийн бичиг баримтын солилцоо

БНХАУ-ын төмөр замтай мэдээлэл солилцоо хийгдэж эхэлсэнтэй холбогдуулан ОХУ-ын талаас болон БНХАУ-ын талаас ирж буй хоёр чиглэлийн ачааны дөхөлтийн мэдээг цахим мэдээлэл солилцоогоор хүлээн авч вэб загварын програм хангамжаар ашигладаг болсон.

Цахим мэдээлэл солилцоо

“УБТЗ” ХНН 2005 оноос Дорнод сибирийн төмөр замтай мэдээлэл солилцооны чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэнээр УБТЗ-ын цахим мэдээлэл солилцооны түүх эхэлсэн гэж үзэж болно.

Зураг: Дорнод сибирийн төмөр замтай хийж буй мэдээллийн урсгалын схем

ДСТЗ-тай 2008 оноос эхлэн галт тэрэгний дөхөлтийн мэдээг солилцож эхэлсэн. Мэдээг тохиролцсон форматын дагуу сар бүрийн 15-нд дамжуулдаг.

Мөн Дорнод Сибирийн төмөр замтай ачааны харилцаагаар солилцож буй галт тэрэгний дамжуулах хуудасны агуулгаар 4770 мэдээг харилцан солилцох технологийг нэвтрүүлсэн. Дээрхи мэдээлэл солилцооны ажлууд одоо ч гэсэн 24 цагийн турш хоёр цагийн давтамжтайгаар автомат горимоор үргэлжилж байгаа юм.

“Оросын төмөр замууд” НХНН-тай хийж буй мэдээлэл солилцоо

УБТЗ ба “Оросын төмөр замууд” НХНН-тэй хийгдсэн 2011 оны гэрээний дагуу “Оросын төмөр замууд” НХНН-ийн салбар Ерөнхий тооцоолох төвтэй хамтран ОАХХ-ийн тээврийн баримт бичгийн агуулгаар цахим мэдээлэл солилцоо хийх ажлыг эхлүүлж өнөөг хүртэл багагүй амжилтад хүрээд байгаа билээ. ОХУ-ын чиглэлд нийт 1472 вагоныг цахим гарын үсэгтэй цахим бичиг баримтаар явуулжээ.

Цаашид РЖД-с УБТЗ руу айсуй ашиглалтын үеийн галт тэрэгний хоосон вагоны тээврийн бичиг баримтыг цаасгүй ашиглан хүлээн авч УБТЗ-ын мэдээллийн системд нэвтрүүлэн ашиглах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Хятадын төмөр замтай хийж буй мэдээлэл солилцоо

2019 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар УБТЗ ХНН болон ХТЗ хоорондын ачаа тээврийн цахим мэдээлэл солилцооны ажлын гэрээнд гарын үсэг баталгаажсан.

Бусад төмөр замуудтай хийх мэдээлэл солилцоо

Үүнээс гадна дамжин өнгөрөх ачааны тээвэрлэлтийн хугацааг богиносгоход шаардагдах цахим мэдээлэл солилцооны асуудлаар ОХУ, БНХАУ гэх мэт Ази-Европын коридорын дагуу долоон орон хамтарсан ажлын хэсэгт УБТЗ оролцон ажиллаж байна. Ингэснээр “Улаанбаатар төмөр зам” ХНН нь ТЗХАБ-н гишүүн орнууд, Хятад – Европ хоорондын чингэлэгийн галт тэрэгний тээврийн гишүүнчлэл орнуудын төмөр замуудтай олон улсын ачаа тээврийн цахим мэдээлэл солилцооны ажилд бэлэн буюу УБТЗ ХНН нь улс хоорондын дамжин өнгөрөх тээврийн “Цахим транзит гүүр” болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж