Дээд зиндааны дүрвэгч

Хуучирсан мэдээ: 2020.05.07-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дээд зиндааны дүрвэгч

Дээд зиндааны дүрвэгч

NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа эх орноосоо урвасан дипломатч, Хойд Солонгосын дүрвэгч Тэ Ён Хог онцолж байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 15-нд Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн гишүүнээр сонгогдсоноор парламентад сонгогдсон анхны дүрвэгч болсон юм.

Тэ Ён Хо багаасаа дипломат болохоор бэлтгэгджээ. Тэрбээр Хятадад дунд сургууль дүүргэж, англи хэл сурчээ. Дараа нь тэрбээр Пёньяны Олон улс судлалын их сургуульд суралцаж төгссөн аж. Гэр бүлийн хамт дүрвэж, Сөүлд ирэхийн өмнө тэрбээр Их Британид суух Хойд Солонгосын Элчин сайдаар ажиллаж байв. Тэ Ён Хо улс орноо орхиж, гэр бүлээ сонгосноор Хойд Солонгосоос дүрвэсэн хамгийн өндөр албан тушаалтан болжээ. Тэдний гэр бүлийг төрийн хамгаалалтад авснаа Өмнөд Солонгосын Засгийн газраас 2016 оны наймдугаар сард мэдээлсэн юм.

ЭРСДЭЛТЭЙ СОНГОЛТ

Тэ Ён Хо эх орноосоо дүрвэсэн шалтгаанаа хүүхдүүдээ Хойд Солонгосын нэг хүний дэглэм дор золгүй амьдруулахыг хүсээгүй хэмээн тайлбарлажээ. Тэрбээр Удирдагч Ким Жон Ун улс орныхоо төлөө ажиллаж буй албан тушаалтнуудыг цаазлахыг нүдээр харж зогсохдоо дүрвэх тухай бодож эхэлсэн байна. Удирдагч Ким Жон Ун өөрийн ах Ким Жон Нам болон хүргэн ах Жан Сон Тэк нарыг хөнөөсний дараа Тэ Ён Хо өөрийн амь насны баталгаанд эргэлзэж эхэлсэн аж. Дүрвэхийнхээ өмнө Тэ Ён Хо Хойд Солонгосын элит хүрээний хүн байсан ч хоёр хүү нь ардчилсан нийгэмд амьдарч дассан тул хатуу дэглэмийг тэвчихгүй гэж тооцжээ.

ГЭР БҮЛ

Тэрбээр Хойд Солонгосыг үндэслэгч Ким Иль Суны хувьсгалын хамтрагч О Пэк Рёны хамаатан О Хэ Сон гэгчтэй гэрлэж, хоёр хүүтэй болжээ. Ууган хүү нь Их Британийн их сургуулийг төгссөн бол бага хүү нь Дани улсад төрж, Лондонд дунд сургуульд сурчээ. Бага хүү нь Лондонгийн эзэн хааны коллежид компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар төлөвлөж байсан ч Тэ Ён Хог  эргүүлэн татах мэдээ Пёньянаас ирсэн аж. Удалгүй тэд гэр бүлээрээ Өмнөд Солонгос руу зугтсан юм. Тэ Ён Хо дүрвэснээр Хойд Солонгост түүний ах, эгч нарын хувь заяа тодорхойгүй болжээ. Тэрбээр “Ах, эгч, хамаатан садан нь алс бөглүү нутаг руу цөлөгдсөн эсвэл хөдөлмөрийн лагерьт хоригдсон эсэхийг мэдэхгүй байна” хэмээн Сөүлд ирснийхээ дараа хэвлэлд ярьсан байв.

ХЭВЛЭЛИЙН ГОЛ ДҮР

Тэ Ён Хо хувь хүнийхээ хувьд нөхөрсөг, Энэтхэг хоолонд дуртай, гольф, теннис тоглох дуртай нэгэн аж. Элчин сайдаар ажиллаж байхдаа тэрбээр Лондоны баруун хэсэгт байрлах хоёр унтлагын өрөөтэй байранд амьдарч байжээ. Мөн Элчин сайдаар ажиллаж байхдаа Ким Жон Уны ах Ким Жон Чулыг дуучин Эрик Клаптоны тоглолтод дагуулж очиж байсныг “ВВС” агентлаг мэдээлжээ. Сөүлд дүрвэн ирснийхээ дараа тэрбээр олон улсын анхаарлын төвд орж, Хойд Солонгосын дэглэм, хүчирхийлэл болон дэлхий дахинаас нуусан зарим үнэнийг өгүүлэн хэд хэдэн удаа ярилцлага өгч, телевизийн нэвтрүүлэгт оролцжээ.

ӨМНӨД СОЛОНГОС ДАХЬ АМЬДРАЛ

Өмнөд Солонгост тэрбээр Үндэсний аюулгүй байдлын стратегийн институтэд зөвлөхөөр ажиллаж байгаад 2018 онд өөрийн хүсэлтээр гарсан байна. Тэрбээр өдгөө Хойд Солонгосын мэдээ “Daily NK” вэбсайтад видео нийтэлдэг. Тус вэбсайт нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун зүрхний мэс засалд орсныг анхлан мэдээлсэн юм. Тэ Ён Хо 2017 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны зөвлөлд асуугдаж, Хойд Солонгосын дэглэмийн эсрэг зөөлөн бодлого баримтлах тухай зөвлөж байв. Түүний тодорхойлсноор Хойд Солонгосын цөмийн амбиц нь хойгоос АНУ-ын цэргийг хөөн гаргах, Сөүлийн хүчийг сулруулах зорилготой аж. Тэрбээр Хойд Солонгосын засаглалыг Нацист Герман болон Өмнөд Африкийн апартейд дэглэмтэй зүйрлэсэн байна. Тэ Ён Хо 2018 оны тавдугаар сард өөрийн дурсамж номоо “Гуравдугаар түвшний нарийн бичгийн криптограф” нэртэйгээр хэвлүүлэн гаргасан. Түүний ном эхний дөрвөн хоногт 10 мянган ширхэг зарагдсанаар Өмнөд Солонгосын өндөр борлуулалттай зохиол болжээ.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын баячуудын Ганнам дүүрэгт өрсөлдөн, сонгогчдын 58,4 хувийн саналаар ялсан байна. Ийнхүү тэрбээр Өмнөд Солонгосын ард иргэдийн шууд саналаар Үндэсний Ассамблейд сонгогдсон анхны дүрвэгч болсон. Тэ Ён Хо хэд хоногийн өмнө Ким Жон Уныг хүндээр өвдөж, гурван долоо хоногийн турш хэвтэрт орсон гэж ярьсандаа уучлал гуйжээ. Түүний энэ мэдэгдлийг Өмнөд Солонгосын Ардчилсан намаас хүчтэй шүүмжилж, бодлогогүй үгэндээ хариуцлага хүлээн тагнуул, батлан хамгаалахын комиссуудаас гарахыг шаарджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж