Иргэд улстөржилтөөс залхаж байгаа нь харагдсан

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Иргэд улстөржилтөөс залхаж байгаа нь харагдсан

УИХ дахь АН-бүлгийн хуралдааны талаар дэд дарга С.Одонтуяа өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд болон сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-АН-ын бүлгээр ямар асуудлуудыг хэлэлцсэн бэ?

 

-Мэдээж уламжлал ёсоор УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Ард иргэдээс авсан Үндсэн хуулийн талаарх судалгааны дүн зэргийг авч хэлэлцсэн.

 

Манай намын бүлгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг ард олноос асууя гэдэг саналыг гарган, хуулийг төсөл боловсруулж, УИХ-ын түвшинд дэмжигдээд явж байгаа.

 

-Судалгаа явуулсан гэсэн. Дүн нь?

 

-Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх нь зөв үү гэдэг асуултад иргэдийн 72.6 хувь нь зөв гэсэн байна. 16.4 хувь буруу гэжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх асуудлыг ард түмнээс асуух нь зөв үү гэдэгт 80.7 хувь нь зөв гэсэн байгаа юм. Нэгэнт судалгаа явуулсан учраас бусад асуудлыг ч багтаасан байна лээ.

 

Жишээлбэл, сумын Засаг даргыг Сумын засаг даргыг иргэдийн дундаас нэр дэвшүүлж сумын нийт иргэдийн саналаар сонгодог болох гэсэн саналыг 91.8 хувь нь дэмжсэн байна. Энэ нь үндсэндээ ард иргэд улстөржилтөөс залхаж байгаа нь харагдаж байна гэсэн үг.

 

Мөн аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд сонгох биш аймгийн хурлын төлөөлөгчид сонгодог байх саналыг иргэдийн олонхи дэмжсэн байна. Дараагийнх нь УИХ-ын гишүүдийн 25 хувь нь гарын үсэг зурж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцдэг одоогийн тогтолцоог халж 51 хувь болгон өөрчилж Засгийн газрыг тогтвортой байдлыг хангах гэсэн саналыг 71 хувь нь зөв гэж үзжээ.

 

Засгийн газрын гишүүнийг УИХ томилж чөлөөлдөг. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг өргөн барьдаг нь буруу.

 

Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж чөлөөлдөг болгож өөрчлөх гэдэг саналыг иргэдийн 54 хувь дэмжсэн байна. Мөн 3-4 сайд нь л УИХ-ын гишүүн гишүүн байх, “давхар дээл”-ийг цөөлөх асуудалд 76 хувь зөв гэж үзжээ.

 

Аймгийн төвүүдийг сум биш хот болгож өөрчлөх нь зөв үү гэдэг саналд иргэдийн 67 хувь нь зөв гэж үзсэн байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв үү, буруу юу гэдэгт иргэдийн 79 хувь нь буруу гэж үзсэн байна. Сонгуулийг таван жилд нэг удаа хийх нь зөв үү гэдэг саналд иргэдийн 51 хувь нь дэмжсэн байна.

 

-Тэгэхээр ард нийтийн санал асуулгыг хойшлуулах санал гарч гэж ойлгож болох уу?

 

-Манай бүлгийнхэн хэлэлцээд УИХ-ын сонгуулийг явуулахдаа саналын хуудсан дээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдээ нэг бүрчлэн бичээд иргэдээс зэрэг санал авах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл нэгэнт сонгууль ойртчихсон зардал, мөнгө гаргана. Гэтэл тусад нь Ард нийтийн асуулга гэж хөрөнгө зарахгүй гэсэн үг.

 

-Ард нийтээс асуусан гэж байна. Хаанахын ямар компани хэдэн иргэнээс судалгаа авсан бэ?

 

-Судалгааг ямар компани хийсэн талаар мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар орон даяар 2,000 орчим хүнээс авсан юм шиг байна лээ. Судалгаан дээр гол дүгнэлт гарсан. АН-ын цаашид ярих гол луужин болж байна гэсэн үг.

 

-УИХ-ын гишүүн Амаржаргал АН бол компани шиг ажиллаж байна, цэвэрлэгээ хийх болсон гэх утгатай ил захидлыг нийтийн хүртээл болгосон. Энэ талаар бүлгийн хуралдаан дээр ярьсан уу?

 

-Амаржаргал гишүүний нийтлэлийн талаар яг тодорхойлж яриагүй. Энэ бол хувь хүний өөрийнх нь байр суурь. АН бол бүх асуудал нь ил байдаг. Сул тал нь фракц хоорондын зөрчил үүсч хэрэлдээд байгаа мэт харагддаг. Гэвч эндээс гарч буй шийдвэр нь үр дүнтэй гардаг. Олон хүн хүн санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Үүний хүчинд манай нам 2012 оноос хойш тодорхой хэмжээнд амжилттай яваа.

 

АН-ынхан бүлгийн хурал дээрээ хийсэн бүтээсэн зүйлсээ ард иргэд сайн танилцуулж, ойлгуулж, алдаа оноогоо засч, залруулж байя гэдгийг байнга ярьдаг. Тэр ч утгаараа бид АН-ын үнэт зүйлийн талаар нэлээд ярьсан. Үнэт зүйлээсээ ухрахгүй, ардчилал, шударга ёсны төлөө 1990 онд анх АН-ын гишүүд тэмцэж байснаа мартахгүй, алдаж, оносон бол засъя гэдгийг ч ярьсан.

 

Амаржаргал гишүүн улстөрийн намууд хэт хөрөнгөжиж, эдийн засгийн хувьд нэлээд бэхжиж байна гэсэн асуудлыг нэлээд хөндсөн байсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улстөрийн намын тухай хуулийн өнөөдрийн /өчигдрийн/ бүлгийн хуралдаан дээр нэлээд ярилцсан. Намууд өөрсдөө нүсэр байртай, их өмчтэй байх нь буруу гэдэгт санал нэгдэж байгаа. Тэр ч утгаараа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлийг нэлээд дэмжиж байгаа.

 

Зарим намын бүлэг өөрсдийн байгаа намын байрыг хураалгахаас эмээж, хуулийн төслийг дэмжихгүй байх асуудал бий. Тэр ч байиугай зарим намын байр улсын төсвийн хөрөнгөөр баригдсан хэрнээ өнөөдөр ердөө л бизнесийн хэрэгсэл болчихсон, зээлийн барьцаанд хүртэл байгаа. Үүнд бид нэлээд шүүмжлэлтэй хандаж, улстөрийн амуудад олон байр байх нь зохисгүй. Зөвхөн улстөрийн намын үзэл баримтлал дээрээ ажилласан цомхон аппараттай байр саналыг дэмжиж байна.

 

-Улстөрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ гэхээр Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж амжих юм уу?

 

-Сонгуулийн хууль дээр хэд хэдэн удаа ажлын хэсэг уулзсан. Энэ уулзалтаас санал тоолох автомат машин, бусад сонгуулийг хамт явуулах гэсэн хоёр асуудал дээр санал нийлэхгүй юм шиг байна лээ. Энэ асуудал нэг тийш шийдэгдэхгүй бол сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй байх магадлал өндөр.

 

Автомат машинд итгэхгүй бол бүх намын бүлгүүдийг суулгаж байгаад, хэвлэлийнхэний өмнө тест явуулаад үзэж болно. Ер нь автомат машин ашиглаж сонгуулиар гарч ирчихээд одоо энэ машин буруу гээд яриад сууж байх нь хэр зөв зүйтэй асуудал юм бол. Харин хяналтын тооллогын тоог нэмж болох юм гэдэг дээр намын бүлгүүд санал нийлж байгаа юм.

 

Гэхдээ автомат машинд итгэхгүй тест хийе гэж байгаа бол заавал сонгуулийн өдрийг хүлээх шаардлагагүй. Өмнө нь тохирч байгаад хэвлэл, мэдээллийнхэн, улстөрийн намынхан гээд бүгдийнх нь төлөөллийг байлцуулж байгаад шалгах боломжтой шүү дээ.

 

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж